Галт тэргэнд дайруулсан оюутан охид чихэвчгүй явсан гэсэн дүгнэлт гарчээ

tumur zam

-ОСОЛ ГАРСАН ГАЗРЫН ОЙРОЛЦООХ ГАРЦ БҮРТ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТАН,
ЦАГДАА ЗОГСДОГ БОЛСОН БАЙНА-

Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 16 цагийн орчим Толгойт өртөө орчмын төмөр зам дээр хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Шинэ анагаах сургуулийн хоёр оюутан болох 1995 оны Б, 1986 оны Ц нар шалгалтаа өгөөд, гэр лүүгээ харих гэж төмөр замын гармаар гарч байгаад дайруулан нас барсан талаар бид өмнө нь сурвалжлан мэдээлж байсан билээ.

Осол болдог төмөр замын гарам нь Шинэ анагаах сургуулийн замын хойно байдаг бөгөөд гарам дундуур явган хүний дээш гарсан шаттай, түүгээр иргэд Толгойт зүг товчлон явдаг байна. Дээрх замд ямар нэгэн огцом эргэлт байхгүй, шулуун гарц тэмдэг тэмдэглэгээ ил. Галт тэрэг гарам руу ойртон ирэхдээ ямар нэг дуут дохио өгөх ёстой байдаг.

Тухайн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр оюутан охидыг хоёулаа чихэвчээр хөгжим сонсож явсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байв. Хэрэг гарсны дараахан цагдаагийн газраас ар гэрийнхэнд нь хандан шүүхийн шинжилгээний хариу ажлын 20 хоногт гарна, тэрнээс наана ямар нэгэн хариу хэлэх боломжгүй гэсэн байдаг.

tumur zam

Уг ослын талаар мэдээлэл гарсны дараахан Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвд төмөр замын цагдаагийн газраас албан бичиг ирүүлсэн талаар бидэнд дуулгасан юм. Тус албан бичигт мэдээллийн сайтуудаар төмөр замын буруугаас болж осол гарлаа хэмээн хэрэг шийдэгдээгүй байхад буруу мэдээ, мэдээлэл гаргасан гэжээ.

Энэ хэргийн талаар талийгаач Б-гийн ээжээс асуухад “Манай охин шалгалтаа өгөөд сургуулиасаа гарсан байгаа юм. Ходоодноос нь жоохон мах гарсан байсан. Одоо ослын дүгнэлт зэрэг нарийн шинжилгээний хариу гарах байх. Тэр бүх шинжилгээг л хүлээж байна. Хэвлэл мэдээллээр буруу мэдээлэл гараад байгаа нь бидэнд маш хэцүү байна гэв. Оюутан охид галт тэргэнд дайруулж амиа алдсан энэхүү хэргийг шалгаж буй байцаагч “Хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн хариу өглөө.

Оюутан охид галт тэргэнд даруулж амиа алдсан хэрэг шийдэгдэхгүй, цагдаагийн байгууллага болон төмөр замаас ямар нэгэн мэдэгдэл хариу ирэхгүй байгаа талаар талийгаач Б-гийн нөхөр Г.Нямдорж манай сайтад хандсан юм. Тэрээр “Хэвлэл мэдээллээр буруу ташаа мэдээлэл гарсан. Тухайн үед оюутан охид чихэвчний хөгжим сонсоод, куртканыхаа малгайг өмссөн байсан учраас дуут дохио болон галт тэргийг хараагүй дайруулсан мэтээр мэдээлж байсанд маш ихээр эмзэглэсэн. Хэдхэн хоногийн өмнө шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарч, тэдний ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, малгайгүй байсан гэдэг нь тогтоогдсон юм. Хэвлэл мэдээллээр гарч буй худал мэдээлэлд хариу өгөх үүднээстанайд эргэн хандлаа” гэв.

tumur zam

Г.НЯМДОРЖ: ТОЛГОЙДОО ХҮНД ГЭМТЭЛ АВСНЫ УЛМААС НАС БАРСАН
ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН

-Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсан гэсэн. Яг ямар хариу гарсан бэ?

-Тухайн осол гарсны дараа цагдаагаас бидэнд шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарахаар дуудна гэсэн. Саяхан шинжилгээний хариу гарч, ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, малгай нь цүнхэд нь байсан гэсэн байна лээ. Мөн толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас нас барсан гэсэн байсан. Зургийг нь харахад нэг нь зам дээрээ, нөгөө нь хажуу тийш шидэгдсэн байсан. Одоо задлангийн шинжилгээ бүрэн гарсан гэсэн. Тэгэхээр тухайн үед талийгаач нар ямар ч малгай өмсөөгүй байсан байгаа юм. Мөн чихэвчний хөгжим зүүгээгүй байсан. Мөн галт тэрэг дайрч, найман метр түрсэн гэсэн байсан. Харин цагдаагаас дөрвөн метр гэх зэргээр зөрүү мэдээлэл өгч байгаа. Манай хадам ээж буюу талийгаачийн төрсөн ээж ар гэрээс нь төлөөлж хохирогчоор орсон. Хадам ээжийг дуудаж шинжилгээний хариуг бичгээр харуулсан байсан.

-Өөрт чинь шинжилгээний хариуг үзүүлээгүй юм уу?

-Намайг шинжилгээний бичигтэй ирж танилц гээд би хальт хараад өнгөрсөн, бусад зургийг нь хараагүй эвгүй санагдсан юм. Хэрэг гарсаны дараахан бүх хэвлэл мэдээллээр чихэвчний хөгжим зүүгээд, малгай өмссөн байсан болохоор дайруулсан гэж нилээн их гарсан. Таксинд суугаад явж байхад хүртэл жолооч нь тэр ослын талаар ярьж байсан. Тэр хоёр охин өөрсдөө чихэвчтэй явж байгаад сигнал сонсоогүй юм гэнэ лээ гэх зэргээр ярьцгааж байсан. Мөн телевизээр чихэвчний хөгжим зүүсэн охины зураг гаргаад мэдээ гаргаад байсан гэсэн. Худал мэдээлэл ингэж гаргаж байгаад харамсаж байна. Тийм болохоор би танайд эргэн хандсан юм.

-Хэрэг шийдэгдэхгүй удаж байна. Цагдаагаас хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа талаар асуув уу?

-Асуусан. Осол гаргасан жолоочийг батлан даалтанд гаргасан байгаа гэсэн. Төмөр замын нэг албан тушаалтан нь одоогоор байхгүй байгаа болохоор хүлээж байгаа гэж байцаагч нь хэлж байна. Одоо тэр осол гарсан газар гарц гарам болгон дээр нь нэг цагдаа, нэг төмөр замын ажилтан зогсодог болсон байна лээ. Тэр үед ингэж цагдаа нар ч юм уу ямар нэгэн ажилтан зогсдог байсан бол ийм юм болохгүй байх байсан. Сүүлд нь цагдаа зогсоодог болсон байна. Хараад хожимдсон борооны араас цув нөмрөх юм даа гэж харамсах сэтгэл төрж байлаа.

-Цагдаа болон төмөр замаас ослын шалтгааны талаар таньд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юү?

-Надад болон манай гэрийхэнд ямар нэгэн юм хэлээгүй. Осол гарсан газрын ойролцоох камерын бичлэгт юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр надад их сонин байгаа юм. Яагаад эв эрүүл хүн малгай өмсөөгүй явсан байж тэр том ачааны галт тэргийг хараагүй, сигнал сонсоогүй дайруулдаг байна аа гэж гайхаад байгаа юм. Гэхдээ тэр үед галт тэрэг гарам дөхөж ирээд сигнал хэрэглэсэн эхэсийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Их л хурдтай явсан юм шиг байгаа юм. Хүн мөргөөд найман метр түрсэн гэхээр торос дараад нилээн хол явсан байгаа юм. Хэрэв сигналдсан бол сонсохгүй байна гэж байхгүй.

-Тухайн үед манайд ярилцлага өгч байхдаа бага насны хоёр хүүхэдтэйгээ үлдсэн талаар ярьж байсан?

-Манай том хүүхэд одоо хоёр ой есөн сартай. Бага нь нэг ой найман сартай. Өнөөдрөөс манай хоёр хүүхэд цэцэрлэгт явж эхэлсэн. Талийгаачийг өнгөрсний дараа бага маань хөхүүл үлдсэн болохоор эхэндээ их хэцүү байсан. Одоо л гайгүй болж эхэлж байна. Том маань арай ухаантай болохоор ээжийгээ их нэхдэг.

-Тэр төмөр замын гарцаар байнга гэр лүүгээ харих гэж гардаг байсан гэж сургуулийнхан нь хэлж байсан?

-Байнга биш л дээ. Хааяа тэнд буугаад урагшаа гараад явдаг байсан. Тэрнээс биш байнга явдаггүй байсан. Одоо хэний буруу байсан нь тогтоогдох байлгүй дээ. Тухайн үед сигнал дарсан эсэхийг хэн ч хараагүй, сонсоогүй, ганцхан жолооч л бүх юмыг мэдэж байгаа байх даа. Энэ хэрэгт ямар ч гэрч байхгүй, ямар ч дүрс бичлэг байхгүй, нотлох баримт байхгүй байгаа юм. Үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж найдаж байна. Манай хадам ээж Төмөр зам руу албан бичиг явуулсан гэсэн. Хэргийн талаар мэдээлэл өгөх, хэний буруу болохыг нь тогтоож өгнө үү гэсэн. Одоо тэгээд хариу гарсан юм чинь хэний буруу болох юунаас болж осол гарсан талаар нэг хариу гарах байх гэж хүлээж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ