Ким Юна: Боломж олдвол дасгалжуулагчаар ажиллана
БНСУ-ын уран гулгалтын нэрт тамирчин Ким Юнагийн дотоод ертөнцийг харуулсан эчнээ ярилцлагыг “KB kookmin Magazine” сайтаас хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр 1996 оноос тамирчны карьераа эхлүүлсэн бөгөөд 25 насандаа буюу 2014 онд зодог тайлсан юм.
-Тэмцээний өмнө ухаан бодлоо хэрхэн төвлөрүүлдэг байсан бэ?
-Миний хувьд өрсөлдөгчөөсөө болж сандарч, оюун санаа минь тогтворгүй болдоггүй. Харин “Би үүнийг сайн хийж, хүсч байгаа хэмжээндээ хүрч чадах болов уу” гэсэн сэтгэл зовнил төрөх нь бий. Өөрийхөө энэ сандрал, санаа зовнилыг давж гарахын тулд тэр хэмжээгээр дасгал сургуулилтаа хийх хэрэгтэй гэж боддог. Ингэснээр бэлтгэлийн үеэр хийж байсан шигээ л гүйцэтгэхэд амжилттай үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэдэг дээ.
-Одоогийн амжилтад хүрэх хүртэл хувийн амьдралынхаа тал дээр ч юм уу олон зүйлээс татгалзсан байх. Тэр дотроос хамгийн их харамсдаг нь юу вэ?
-Үеийнхэнтэйгээ харьцуулахад амьдралын эрх чөлөөг мэдрэх боломж надад байдаггүй. Бусад хүн харахад энгийн мэт санагдавч миний хувьд татгалзахад хэтэрхий нандин зүйл юм.
-Спортоосоо зодог тайлаад энгийн нэгэн болоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Өмнөхөөсөө шал өөр амьдралын хэв маягаар амьдарна гэхээр сайхан санагдахын хажуугаар бас эмээх сэтгэл төрж байна. Цаашид ч гэсэн спортын амьдралдаа идэвхтэй байх болно. Уран гулгалт бол миний хамгийн сайн чаддаг бөгөөд илүү мэддэг зүйл болохоор эцсээ хүртэл орхихгүй гэсэн бодолтой байгаа.
-Цаашид хийхээр төлөвлөж буй ажил юу байна вэ?
-Залуу тамирчдыг харахаар зааж сургахыг хүсдэг учраас боломж олдвол дасгалжуулагчаар ажилламаар байна. Мөн их сургуульд үргэлжлүүлэн суралцах бодол бий.
-Таны дагаж мөрддөг амьдралын зарчим юу вэ?
-Ким Юна амжилтад хүрсэн ч даруу төлөв, зөв хүн хэвээрээ байна гэж хэлүүлэх хэмжээнд амьдрахыг хүсдэг. Надтай уулзсан хүн миний талаар сайхан сэтгэгдэлтэй үлдэх нь чухал гэх үү дээ. Миний амьдрал олон нийтийн нүдэнд ил байдаг болохоор өөрөө ч мэдэлгүй ийм зүйлд санаа тавьдаг юм билээ.
- See more at: http://www.unen.mn/content/72168.shtml?alias=world #sthash.fCGGau5g.dpuf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ