МАХН: О.Баасанхүүг “урвахгүй” гэж итгэж байна

МАХН-ын бага хурал өнгөрсөн сард болж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан, Нарийн бичгийн дарга Б.Тулга нарын хүмүүс “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Өнгөрсөн сард хуралдсан МАХН-ын бага хурлаар Гүйцэтгэх товчооны 20 хүнийг шинээр сонгож, хоёр асуудлаар мэдэгдэл гаргажээ. Мөн Үндсэн хуулийг шинэчлэн төсөл боловсруулсан аж.

Эхний мэдэгдэл нь: “МАХН-ын Бага чуулганы гишүүд бид “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувийн асуудал дээр дараах байр суурийг барьж байна. Үүнд: нэгдүгээрт, “Зэс молбиден” орд, “Асгатын мөнгөний орд” нь УИХ-ын 18 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан ордууд юм. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлцэл, хууль тогтоомжийн дагуу ард түмний мэдэлд байх ёстой. Гагцхүү УИХ эдгээр орд, эзэмшиж буй хувьцаа, өмч эзэмшлийн талаарх эцсийн шийдвэрийг гаргах хуультай. Хоёрдугаарт, МАХН стратегийн ач холбогдолтой ордыг ард түмний дундын өмч гэж үздэг бөгөөд ард түмний санал асуулгаар ашиглах асуудлыг шийдэж байх ёстой гэж үздэг. Гуравдугаарт, УИХ, Засгийн газар, шүүхийн байгууллага “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн асуудлыг шалгах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн төрийн өмчид байгаа хувьцааг Өмнөд африкийн банкинд хууль бусаар барьцаалсан, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа завшсан байж болзошгүй гэмт үйлдлийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, нэн даруй олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна. Дөрөвдүгээрт, хэрэг бүртгэх мөрдөн байцаах газар,Авлигатай тэмцэх газар, прокурор нь авлига авах, өгөх, зуучлах, мөнгө угаах зэрэг гэмт үйлдэл хийсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоох арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой гэж үзэж байна” гэжээ.

Мөн Олон улсын валютын сангийн асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “МАН сонгуулиар амласан амлалтаасаа бүрэн ухарлаа. Өмнөх засгийн газрын өр зээлийн асуудлыг МАН-ынхан мэдээгүй байсан гэх үндэслэлгүй. Тиймээс буруутай этгээдүүд хариуцлагаа адилхан хүлээх үүрэгтэй. Эрх барьж байгаа нам цаашид сонгуулийн амлалтаасаа буцах юм бол МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулах асуудлыг хөндөх болно” гэжээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр тодорсон уу?

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан:

-Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх асуудлаар хэлэлцээгүй. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх зүйн орчны асуудлаар хуралдсан. Зарим хууль батлагдахдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэрхэн нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдэг асуудалд төвлөрч байна гэж бид хардаг. Тиймээс үүний талаар хэлэлцсэн. Тэгээд ч нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй байна.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарах талаар зарим хэвлэлд цухуйлгах болсон. Энэ хүнийг намдаа барьж байх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан:

-Хувь хүний асуудал асууж байна. Бидний байр суурь мөрийн хөтөлбөр, амлалтад туссан байдаг. Энэ үзэл баримтлалаа дэмжиж байгаа бол бид нартай хамт байна. Энэ биш гээд явах эсэх нь хувь хүний асуудал. Гэхдээ О.Баасанхүү гишүүн бид нартай хамт байж, үзэл баримтлалаа дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ