Ж.Энхцэцэг: Салхин цэцгийн тархалт буурахгүй байгаа нь иргэдийн дархлаатай холбоотой

Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд салхин цэцгээр өвчлөх тохиолдол ихсэх болсон. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Салхин цэцэг өвчин сүүлийн үед даамжрах боллоо. Энэхүү халдварт өвчний идэвхэждэг улирал хэзээ вэ?

-Салхин цэцэг нь вирусээр үүсдэг. Ихэвчлэн бага насны болон жирэмсэн эхчүүд өртөмтгий байдаг. Энэ халдварт өвчин нь өвөл, хаврын улиралд ихэсдэг.

-Он гарсаар хэчнээн хүн дээрх халдвараар өвчлөөд байна вэ?

-Салхин цэцэг нийслэлийн хэмжээнд өмнөх онд 3,696 тохиолдол гарсан бөгөөд мөн оны өмнөх үеэс 367 тохиолдлоор өссөн. Харин он гарсаар эхний хоёр сарын байдлаар 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, мөн өмнөх оны үетэй харьцуулахад 179 тохиолдлоор өссөн байгаа юм. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд өвчлөл ихсэж байгааг харуулж байна. Энэ өвчинд урьдчилан сэргийлэх вакцин гэж одоогоор байхгүй учраас эцэг, эхчүүд хүүхдээ зөвлөмжийн дагуу сэргийлэх шаардлагатай байгаа юм.

-Салхин цэцэг мэдэгдэхгүй байж байгаад хүндрэх тохиолдол бий юу?

-Байж болно. Хүндрэл бол янз бүр байдаг. Вирусийн гаралтай дээрээс нь дархлаа нь сул байх үед өөр ямар нэгэн өвчин тусч болно. Эсвэл бохир гараараа маажсаны улмаас арьсны идээт үрэвсэл рүү хүндэрч болдог. Арьсны үрэвсэл нь цааш даамжрахаас эхлээд хүндрэл байна. Гэхдээ энэ тохиолдол цөөн л дөө.

-Насанд хүрсэн хүмүүс илүү хүнд тусдаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Насанд хүрсэн хүмүүс илүү хүнд тусдаг гэдэг нь тууралт ихсэж том хэмжээтэй гардаг гэсэн үг. Мөн насанд хүрсэн хүмүүс өвчнөө мэдрэх чадвар нь хүүхдээс илүү байдаг учир хүнд тусдаг юм шиг санагддаг. Сүүлийн үед хүмүүсийн дархлаа их сул байгаа. Үүнээс үүдэн өвчлөлийн явц хүнд байх магадлалтай.

-Нэг туссан хүн ахин өвчлөх боломжтой юу?

-Салхин цэцэг туссан бол ахиж тусахгүй. Яагаад гэвэл туссаны дараа хүнд дархлаа тогтчихдог гэж хэлсэн. Улаан бурхан, салхин цэцэг гээд өвдсөний дараа адилхан дархлаа тогтдог. Харин түүнтэй ижил төстэй өвчин тусч болно. Тухайлбал харшил ч байж болно. Тиймээс нэг л удаа тусдаг. Дархлаа тогтсон хүн ахиж өвдөхгүй.

-Улаан бурхан өвчин мөн адил биеэр юм туурдаг. Хүмүүс андуурах нь элбэг. Яаж ялгах вэ?

-Салхин цэцэг нь биеэс гарсан улаан гүвдрүү нь дотроо цэврүүтэй байдаг учраас ялгаж болно. Зарим тохиолдолд дөнгөж гарч эхэлж байгаа учраас андуурч магадгүй. Мөн хүнийхээ онцлогоос хамааран цөөхөн эсвэл ихээр гарч болдог. Голдуу зөөлөн эдтэй газар туурдаг.

-Салхин цэцэг халдварт өвчнийг хүн бүр заавал тусдаг гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Дээрх халдвараар өвчилсний дараа хүнд насан туршийн дархлаа тогтдог. Дархлаа тогтчихдог юм чинь энэ бол өвдөх л өвчин гэж ойлгодог. Урьдчилан сэргийлээд явж болно. Мөн хүний дархлаа сулрахаар сарын хугацаанд урьдчилан сэргийлэх тарилга хийж болдоггүй. Үүнээс үүдэн өөр өвчнөөр хавсарч өвдөх магадлалтай болдог. Тиймээс аль болох тусахгүй байх нь чухал байгаа юм.

-Тэгвэл хавсарч өвчилсөн тохиолдол бий юу?

-Гар хөл амны өвчин гэж байдаг. Энэ нь гэдэсний халдварт өвчинд багтдаг. Бас л тууралт гарах хэлбэрээр илэрнэ. Гэхдээ гар, хөл, амыг тойрч гардаг. Энэ гар, хөл,амны өвчин нь сүүлийн үед салхин цэцэгтэй хавсарсан хэлбэрээр гарах тохиолдол бүртгэгдэж байна.

-Дээрх халдвар туссан үед усанд сайн орох хэрэгтэй, эсвэл ус хүргэж болохгүй гэх зэргээр ярьж байна. Яг яах хэрэгтэй вэ?

-Энэ нь тухайн хүүхдийн онцлогоос хамаардаг. Бие дээр гарсан тууралт нь хатаад ирэхээр тавлаж эхэлдэг. Тавыг нь хуулчихаар сорви тогтчихдог. Тэгэхээр усанд орох үедээ тав нь хуулрах магадлалтай байдаг учраас ийм утгаараа хүмүүс усанд хүрч болохгүй гэдэг байх. Ерөнхийдөө бол гар нүүрээ угаахаас эхлээд ус хүргэж болно.

-Салхин цэцгээр өвчлөгсдийн насны хувьд ангилж үзвэл?

-Ихэвчлэн 0-4 настнууд өртөх нь их байна. Үүнээс гурван настай хүүхэд хамгийн өндөр өвчлөлттэй, түүний дараа дөрвөн настай хүүхдүүд байгаа юм. Насны хувьд 34 хүртэлх насны хүмүүс өвдсөн гэх өмнөх оны судалгаа бий.

-Хэрвээ нярай хүүхэд тусвал ямар хүндрэл, зовуурь гарах вэ?

-Нярай өвдсөн тохиолдол бага байдаг. Хэрвээ өвдсөн тохиолдолд мөн л адил тууралтад хатаах бэлдмэл хэрэглэж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэж арга хэмжээ авсан тохиолдолд хөнгөн тусах боломжтой. Хамгийн гол нь зөв эмчилгээ хийлгэх чухал. Бага насны хүүхэд эхийн хөхнөөс дархлаагаа авч байдаг учраас хөхөөр хооллож байх нь хэрэгтэй.

-Тэгвэл салхин цэцэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд хоёр цаг тутамд гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх мөн уусмал бэлдэх нь чухал байдаг. Тухайлбал сармис, содны болон давсны уусмалаар амны хөндийг зайлна. Мөн агаар дуслын замаар халдварладаг учраас хэрэв таны хүүхэд салхин цэцэг туссан бол гэрт нь эдгэрэх хүртэл нь байлгах хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ