С.Одгэрэл: Бүсгүйчүүд минь, жилдээ нэг удаа эсийн шинжилгээнд орж байгаарай

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Бид энэ өдөрт зориулан “Грандмед” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр С.Одгэрэлтэй ярилцлаа.

-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН АЖЛЫН АЧААЛАЛ, СТРЕСС, НИЙГМИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ-

-Орчин үеийн эмэгтэйчүүдийн амьдарч буй хэв маяг, ажлын арга барил, идэж ууж буй зүйлийг дагаад өвчлөлийн шалтгаан ч өөрчлөгдөж байгаа болов уу. Хэрэв тийм бол эмэгтэйчүүд юунаас шалтгаалан илүү өвчилдөг болоод байна вэ?

-Тийм ээ, үнэн. Орчин үед ажлын ачаалал, стресс бухимдал, нийгмийн байдалтай холбоотойгоор эмэгтэйчүүдийн өвчлөлийн шалтгаан тодорхой хэмжээнд өөр болсон. Тодруулбал, эмэгтэйчүүд хувь хүнээс шалтгаалах өвчлөлөөс илүүтэй нийгмийн ачаалалтай холбоотойгоор өвдөх нь элбэг болсон гэсэн үг юм. Хамгийн түрүүнд стресс бухимдалтай холбоотойгоор дааврын хямралууд их гарч байна. Хоёрдугаарт, бэлгийн замын замбараагүй хавьталтай холбоотойгоор бэлгийн замын олон төрлийн эмгэгүүд их гарч байгаа. Монгол эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиолдож байгаа хавдрын нэгдүгээрт элэгний хавдар ордог бол хоёрдугаарт умайн хүзүүний хавдар орж байгаа нь тун харамсалтай тоо баримт юм. Тэгэхээр бэлгийн замын өвчлөлөөс ихэвчлэн шалтгаалдаг умайн хүзүүний хавдар ч мөн нийгмийн сэтгэлзүйг даган гарч ирж байгаа гэж хэлж болох юм. Нөгөөтэйгүүр мэдээж хувь хүнээс өөрөөс нь ч шалтгаална. Энэ өвчнөөр жилд Монголын 100 мянган эмэгтэй тутмын 25-30 нь өвчилсөн гэх тоо баримт 2014 онд гарсан байдаг. Энэ маш их тоо шүү. Тэгэхээр хувь хүн өөрөө л энэ өвчлөлийг хянаж чадна гэсэн үг юм.

-Умайн хүзүүний хавдараас сэргийлэх вакцин байдаг гэсэн. Үүнийг эмэгтэйчүүд заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг заавал хийлгэх ёстой гэсэн заавар зөвлөгөө байдаггүй. Харин бэлгийн харьцаанд орсон, 21-ээс дээш насныхан умайн хүзүүний хавдар илрүүлдэг эсийн шинжилгээг жил бүр заавал өгөх ёстой гэдэг удирдамжийг баримтлаж байгаа.

-Бие нь өвчилж эхэлсэн эмэгтэйд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Яг тэгдэг шүү гээд хэлчих нь их осолтой, тийм юм ч байхгүй. Гэхдээ эмэгтэйчүүд өөр өөрийн биеийг мэдэрч чадвал бага зэрэг дохио ирдэг. Тухайлбал, цагаан юмны ялгарал ихэсдэг. Хэт их стресс, хэд хоног нойргүйдсэн байх, ажлын хэт ачаалал зэрэг бүгд өвчний урьдач нөхцөл болж болно. Харин бусад хавдар, эмгэгүүдийг урьдчилан сэргийлэх, үзлэг оношлогоогоор илрүүлэх боломжтой. Зарим тохиолдолд бэлгийн олон хавьтагчтай, санамсаргүй тохиолдлоор харьцаанд орсон хүмүүс өөрийгөө мэдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах байдлаар үзлэг хяналтдаа орж байх хэрэгтэй.

-Ямар нэгэн шинж тэмдэг биед илрэхгүй байна гээд тайван суугаад байж болохгүй нь ээ?

-Тийм ээ. Заавал ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээгээд суугаад байж болохгүй, ирж үзлэг оношлогоонд орох хэрэгтэй.

-БИОЛОГИЙН ЦАГТАА УНТАЖ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ-

-Манай эмэгтэйчүүд сүүлийн үед турахын тулд дэглэм барих, мацаг барих зэргээр тэмцдэг болсон. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Өөрийн биеийн байдлаа мэдэхгүйгээр гэнэт огцом дэглэм барих, мацаг барих, ажил амралтын дэглэмээ өөрчлөх нь их буруу. Тэгсэн даруйд шууд эмэгтэйчүүдийн биеэс цагаан юм ялгарах шинж тэмдэг илрээд ирнэ. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал ч биш, дотор эртхэний талаас маш их өөрчлөлт гарна. Гурван сарын өмнө хэвийн байсан биеийг огцом турааж, эм бэлдмэл хэрэглэж байж адаглаад цөсний чулуутай болоод цөсний хагалгаанд ордог шүү дээ. Тэгэхээр өдөр тутмынхаа амьдралыг зөв сайхнаар төлөвлөж, тураах эм бэлдмэл хэрэглэхээс татгалзан, огцом турах гэж хичээх хэрэггүй.

-Бас их ус уух нь эрүүл мэндэд сайн гэдэг?

-Шууд 4-5 литр ус уугаад байвал бөөр маш их ачаалал авдаг тул зөвтгөж болохгүй. Бөөр маш их ачаалснаас болоод хаван, хавдар үүсдэг тул усыг нэг дор ихээр уу гэж зөвлөж болохгүй. Тодорхой хэмжээгээр усаа ууж бололгүй яахав. Өлөн элгэн дээрээ уусан ус ходоод гэдэс цэвэрлэдэг нь үнэн ч хэт ихээр уувал шууд бөөрөнд ачаалал өгч, бас л өвчний голомт болно шүү дээ.

-Эрүүл байхын үндэс сэтгэл санаатай холбоотой юм бол өдөр тутмын энэ стрессээс бүсгүйчүүд хэрхэн өөрийгөө хамгаалах талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юү?

-Стресс, нийгмийн ачааллаас хүн өөрөө өөрийгөө л хамгаалах боломжтой. Ажил амьдралаа зөв зохицуулж өөрөө өөрийгөө хайрлана уу гэхээс өөр хэн таныг хамгаалах билээ. Ажлын байранд ажлаа ярьж, ажлаас гарлаа бол эргээд хэвийн амьдралдаа ордог дадал хэвшүүлж, гэртээ орохдоо ажлаа авч ордоггүй байх хэрэгтэй. Ажил дээрх байнгын бухимдал, байнгын стрессээ гэртээ дагуулаад ирвэл хамгийн түрүүнд тархинд нөлөөлнө. Тархи өвчилвөл бие тэр чигтээ өвчилж байна гэсэн үг шүү дээ. Сэтгэл санаагаа тайван байлгавал бие ч гэсэн дагаад тайван, өвчлөл багатай байна.

-Харин өдөр тутамд ямар ямар зүйлийг хэвшүүлэх вэ?

-Шүршүүрт өдөр бүр орж, дотоожоо өдөр бүр сольж байх хэрэгтэй. Мөн яг биологийн цагтаа унтаж байх нь хамгийн чухал. Энэ нь орой 22-23 цагийн хооронд унтаад, өглөөний 06 цагт босохыг хэлж байна. Тэгэхгүй бол хүүхнүүд одоо ажлын ачаалал ихтэйгээс шөнө 02-03 цаг хүртэл ажиллаад, өглөө бүр эрт босох эсвэл, өдрийн 11-12 цаг хүртэл унтдаг буруу дадалтай болж байна. Үүнээс болоод бас л доош цагаан юм ялгарах нь ихэсдэг.

-ЭНГИЙНЭЭР ХЭЛЭХЭД ӨДӨР ТУТАМД УГААЛГА ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЁСТОЙ-

-Эмэгтэйчүүдийн дунд яригддаг айхтар нэртэй өвчнүүд өнөөдөр дуулдах нь бага болсон байна. Үнэхээр соёлоо дагаад багасаад байна уу, эсвэл далд хэлбэрээр оршсоор байна уу?

-Энэ олон төрлийн өвчнүүдээр өвдөөд байгаа хүмүүсийн боломжтой нэг нь дор бүрнээ үзлэг шинжилгээндээ хамрагдаад байдаг бол амьдралын боломж тааруу хүмүүс үзлэг шинжилгээндээ хамрагдаж чадахгүй явсаар байна. Яг энэ өвчлөлд өртөмтгий бүлгийн хүмүүс эмнэлэгт ирээд үзүүлчихэж чадахгүй, эсвэл амжихгүй байгаагаас яг үнэнийг хэлэхэд далд хэлбэрээр, харьцангуй ихэссэн гэж хэлж болно. Манайд ирж байгаа ийм өвчтэй хүмүүсийн тоо харьцангуй бага байгаа ч жижиг хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа ийм өвчтэй хүмүүсийн тоо маш элбэг.

-Нэг удаа БЗХӨ-өөр өвчилсөн байхад эмчилгээ хийлгэсэн ч насан туршдаа тэр вирус биед хадгалагддаг гэж бүсгүйчүүд их айдаг. Энэ үнэн үү?

-Тэмбүү, заг хүйтэн зэрэг бэлгийн замын өчвлөлүүд 100 хувь эмчлэгддэг. Гэхдээ тэмбүү өвчний хувьд нэг удаа өвчилсөн байхад насан туршийн “дурсамж” болж цусанд хадгалагдаж үлддэг. Заг хүйтэн ч эмчлэгддэг, гэхдээ хор уршиг нь үргүйдэлд хүргэх үр дагавартай тул эмчилгээгээ маш сайн хийлгэж, өвчин авахаас урьдчилан сэргийлж, сайтар хянуулж байх ёстой.

-Эмчлүүлснийхээ дараа, эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд хувийн ариун цэврээ хэрхэн сахих ёстой вэ?

-Хувийн ариун цэврийг хэрхэн сахих тухай нялх хүүхдэд зааж байгаа юм шиг л энгийнээр хэлэхэд өдөр тутамд угаалга цэвэрлэгээ хийх ёстой. Гэхдээ өдөр тутамд шүршүүрт ороод бай гэхэд хэцүү учраас боломжгүй хүмүүс нь аяга усаар ч болтугай цэвэрлэгээ хийнэ. Улсын эмнэлэгт, гэр хорооллын захын дүүргүүдэд ч ажиллаж байхад “Аяга ус олдохгүй биш, адаглаад алгын чинээ газрыг аяга усаар угаачих хэрэгтэй” гэж хатуухан зөвлөдөг. Хоёрдугаарт, улирал бүрт үзлэг шинжилгээнд хамрагдаад, хавдрынхаа шинжилгээг өгчихөөд, биеийнхээ ерөнхий байдлаа мэддэг байх хэрэгтэй.

-Нэг үеэ бодвол хүмүүс жилдээ нэг удаа очоод эмнэлэгт үзүүлээд, шинжилгээ өгдөг болсон гэж бид яриад байдаг. Гэвч бодит байдал дээр ямар байна вэ?

-Зарим эмэгтэй жилд байтугай улирал тутамд ирж үзлэгтээ ордог. Яг нормынхоо дагуу улиралдаа нэг удаа үзүүлэх ёстой юм. Гэтэл зарим тохиолдолд, хөдөө орон нутгаас ирж байгаа, эсвэл амьдралын боломж тааруу хүмүүс бүр өвчнөө хүндрүүлчихээд, адаглаад хавдрын шатандаа орчихсон, доошоо цус алдчихаад гэнэт л юу билээ гээд ирдэг. Энэ бол байж боломгүй зүйл.

-ЭРҮҮЛ ЭСЭХИЙГ ЭМНЭЛГИЙН ОРОН ДЭЭР ХЭВТҮҮЛЖ БАЙЖ Л МЭДНЭ-

-Эмэгтэйчүүдийн асуудал тохиоход эмэгтэйчүүд эмчид очихоос санаа зовж бие биедээ зөвлөгөө өгөх, эмийн сангаас ороод шууд эм худалдан авч өөрийгөө эмчлэх тохиолдол элбэг байдаг?

-Энэ бол маш буруу дадал юм. Эмч рүү ирэхээс бүү ичээрэй. Мөн бүсгүйчүүдийг антибиотикийн хэрэглээгээ багасгаасай гэж хүсэх байна. Антибиотик их хэрэглэснээс болоод мөн л цагаан юмны ялгарал ихсэх, цаашлаад бусад өвчний үндэс болдог.

-Цагаан юмны ялгарал гэж нилээд олон удаа дурдлаа. ээнэ нь яг юуны дохио юм бэ?

-Үтрээний орчин эмэгтэй хүний сэтгэл санаа, ажил амьдралтай холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, 2-3 хоног нойргүй явахад л ялгарал ихэснэ. Өөрөөр хэлбэл PH нь өөрчлөгдөж байгаа гэсэн үг.

-Эрүүл монгол эмэгтэйн шинжийг та тодорхойлохгүй юу?

-Эрүүл эмэгтэйг гаднаас нь хараад шууд хэлэхэд хэцүү. Эмэгтэйчүүдийн эмч бидний хувьд орон дээр хэвтүүлж байж л мэддэг, харахад андашгүй. Харин миний бодлоор эрүүл монгол эмэгтэй гэдэг нь зөв бодолтой, сэтгэл зүйн хувьд эрүүл эмэгтэйг хэлнэ. Бие махбод чухал ч хамгийн гол нь сэтгэл санаа байдаг. Орчин үед хүмүүс сэтгэл зүйн хувьд маш өөр болчихсон нь үйлчлүүлэгчдээс маань харагдсаар, ажиглагдсаар байна. Адаглаад нэг эмэгтэй орж ирээд “Би ямар ч зовлон байхгүй, би гэрийн үйлчлэгчтэй, хүүхдээ хүнээр харуулдаг гэсэн хэрнээ амьдрал стресстэй, сэтгэл ханамжгүй байна, би биеэ үзүүлэх гэж биш, зүгээр л ярих гэж ирсэн” гэдэг. Үүнээсээ болж тархи толгой нь өвдөж, архагших нь олонтаа. Тэгэхээр сэтгэл ханамжтай, багахан зүйлд ч гэсэн баярладаг, аливаад эрүүл сэтгэхүй, эрүүл ухаанаар хандаж чаддаг эмэгтэйг эрүүл гэнэ. Тиймээс эмэгтэйчүүд маань өөрийн сэтгэл зүйг маш хурдан засч, залруулдаг байх хэрэгтэй.

-Өнгөрсөн өвөл утаатай холбоотойгоор эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн асуудал ихээр хөндөгдлөө. Үнэхээр утаанаас болоод хохирсон эмэгтэй тань дээр ирэв үү? Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Утаа хүний биед мэдээж нөлөөлнө. Бидний амьсгалж байгаа агаарын дийлэнх хувь нь нүүрсхүчлийн хий болохоор нүүрстөрөгчийн дутмагшил тодорхой хэмжээгээр үүсэх нь гарцаагүй. Гэхдээ шууд “Яг утаанаас болоод эндчихлээ, ингэчихлээ” гэж хэлэх, батлах арга байхгүй. Өсөлтгүй жирэмсэн болж байгаа, зулбаад байгаагийн гол шалтгаануудыг шууд утаатай холбоход өрөөсгөл. Харин хувь хүний ажил амьдралын дэглэм, дадал зуршлууд, хоол хүнстэй холбоотой гэж хэлж болно.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд сүүлийн асуултыг үлдээе.

-Баярлалаа. Бүсгүйчүүддээ хоёр зүйлийг захиж хэлье. Нэгдүгээрт, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол та нэг жилийн өмнөөс шинжилгээнүүдээ өгч, биеэ бэлдэж байгаарай. Хоёрдугаарт, 21-ээс дээш насны эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орсон бол жилдээ нэг удаа эсийн шинжилгээнд орж байгаач ээ гэж чухалчлан захимаар байна. Энэ бол хавдраас сэргийлэх том боломж юм шүү. Эсийн шинжилгээгээ дүүрэг болон хувийн эмнэлгүүдэд очиж өгөөрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ