Казино илэрсэн байр С.Баяртай холбоотой юуюу


elchin said

-ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ ИРЭХ ОНД ДУУСАХ БАЙЖЭЭ-

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсныг тус улсын эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тус мэдээлэлд Москва хотын төв Арбатын гудамжинд байрлах манай улсын консулын газрын байранд сая орчим ам.долларын үнэ бүхий тоноглолтой нууц казино ажиллаж байсан тухай бичигдсэн байв. ОХУ-ын цагдаагийнхан мэдээлэхдээ тус казиногийн орлого хотын компаниудын нэгнийх нь дансанд шилждэг, орлогоор нь үнэтэй автомашин худалдан авч, Кавказад хүргэн өндөр үнээр зарж хөрөнгө оруулалтаа нөхдөг гэжээ.

Одоогоор хууль бус мөрийтэй тоглоомын бизнес эрхэлж байсан байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн, Монгол Улсын консулын газрын байранд нууц казино хэрхэн бий болсныг тогтоохоор ажиллаж буй аж.

kazino

ОХУ-д Монгол улсын Засгийн газрын эзэмшлийн буюу Элчин сайдын яамны харъяаллын гурван объект байдгийн нэг нь Арбатын гудамж дахь уг барилга аж. Энэхүү байр нь худалдааны төлөөлөгчийн газар. 1964 онд ЗХУ, Монгол Улс хооронд байгуулсан протоколын дагуу ЭСЯ-ны ажилчдын орон сууц, техникийн ажилчдын орон сууц, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах зорилгоор тус газрыг Монголын тал авч, объектыг 1965 онд ашиглалтад оруулжээ.Улмаар 1965 оноос хойш худалдааны төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны ажилчдын орон сууцны зорилгоор 1965-2007 он хүртэл 42 жил монголчууд өөрсдөө ашиглаж иржээ.

2007 онд тус байрны насжилт дууссан, барилгыг засаж сайжруулах шаардлагатай гэж үзэн акт тогтоосон байна. Улмаар тухайн үед Монгол улсаас ОХУ-д суух бүрэн эрхт элчин сайдын зааварчилгаагаар, тус улсын“Центр Регион Стиль” компанид уг байрыг түрээслэх гэрээ хийжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Консулын газрын барилгыг түрээслэх болсон нь тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяртай холбоотой гэх мэдээлэл байна. Тус гэрээг “Центр Регион Стиль”компанийн төлөөлөгч чечень гаралтай нэгэн хүнтэй хийжээ. Энэхүү түрээсийн гэрээ ирэх онд буюу 2018 онд дуусгавар болох бөгөөд гэрээний нөхцөл маш муу байсан аж. Тодруулбал, тухайн үед барилгыг сэргээн засварлах шаардлагатай гэсний үндсэн дээр түрээслэгч тал барилгын засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Барилгын засварын төлбөрийг түрээсийн мөнгөнд суутгаж байсан гэх ба түрээслэгч тал түрээсийн мөнгө авах нөхцөлгүй болжээ. Улмаар тус барилгад үйл ажиллагаа явуулж буй чечениүдийг түрээслэгч тал хянах боломжгүй болж, 2012 онд тус улсад Элчин сайдаар сууж байсан Д.Идэвхтэний үед гэрээг цуцлах боломж байсан аж. Энэхүү барилгатай холбоотой асуудлыг ОХУ суугаа үе үеийн элчин сайд нар мэддэг байсан тухай зарим эх сурвалж мэдээлж байна.

kazino

Элчин сайдын яамны харъяаллын байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан байж болзошгүй энэхүү асуудал нь дан ганц ОХУ-ын хууль тогтоомжийн хүрээнд шийдэгдэх асуудал биш, Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг зөрчсөн тухайд илүү ноцтой хэрэг ажээ.

Манай улсын Гадаад харилцааны яамнаас дээрх мэдээллийг эрс үгүйсгэж байгаагаар барахгүй Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа "Монгол Улсын эзэмшлийн хоёрдугаар объект болох Худалдааны төлөөлөгчийн байрыг түрээслэгч ОХУ-ын “Центр Регион Стиль” компанийн төлөөллүүдтэй уулзаж асуудлыг тодруулсан. Түрээслэгч талаас казино байгуулсан эсэхийг торуулахад "Огт тийм зүйл байхгүй, ташаа мэдээлэл гэсэн" хэмээх тайлбар хийсэн юм.

Гэтэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгэн эх сурвалж “Дипломат статустай, дипломат төлөөлөгчийн газар харьяалагддаг байрууд нь тусгай хамгаалалтад байдаг. Энэхүү байрны нэгээс хоёр давхарыг монголчууд ашиглах боломжтой. Барилгын бусад хэсэг болон хойд талын автомашины зогсоол чечениүдийн мэдэлд очсон. Монголчуудыг тийш нэвтрүүлдэггүй. Ойролцоогоор найман жилийн өмнөөс энэ байранд нууц казино ажиллаж эхэлсэн гэгддэг” хэмээв.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ