Бүсгүйчүүдийн заавал үзэх 10 кино

Зарим кино үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Хэзээ хойно ч бодох, ойлгох, санаж явах тийм мэдрэмжийг тархинд, сэтгэлд хадаж орхидог. Харин зарим нэг нь ганц үзээд л мартагддаг.

Эмэгтэй хүн гэх тайлагдашгүй нууцлаг, басхүү агуу хүчирхэг ертөнцийг өөр өөр өнцгөөр илэрхийлсэн эдгээр киног та заавал үзээрэй.

LA VIE EN ROSE /2007/

Францын дуучин Эдит Пиафын амьдрах гэсэн, дуулах гэсэн, хайрлах гэсэн чин хүсэл, тэмцлийг нарийн торгон мэдрэмжээр хөглөсөн бүтээл. Пиафын амьдарч асан тэр цаг үеийн Парисын өнгө төрхийг үүнээс илүү гайхалтай илэрхийлсэн бүтээл үгүй гэхэд хилсдэхгүй.

G.I. JANE /1997/

Ухамсарт хүн төрөлхтний оюун санааны хэмжээлшгүй хүч чадлыг үнэн бодитоор харуулсан цөөн хэдэн сайн киноны нэг гэж болно. Ялангуяа эмэгтэй хүнийг. Киноны зарим нэг үзэгдэл мартагдашгүй, классик.

МОНИ ЛИЗАГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ /2003/

Гүн гүнзгий бодлогошрол үлдээдэг “Мона Лизагийн инээмсэглэл”. Зорилгодоо үнэнч тууштай байх, сэтгэлийн хат, эр зориг, эрхэмсэг оршихуйн чухлыг харуулна. Дүрийн сонголтууд маш оновчтой, Холливудын ээлжит нэгэн шилдэг бүтээл.

САЯ ДОЛЛАРЫН БҮСГҮЙ /2004/

Амьдралын хахир хатуу, үнэн бодит төрхийг харуулсан бүтээл. Хэцүү сонголт, айдас хүйдэс гээд хүний туулж болох, сөрөх болох зовлонг харуулдаг. Найруулагч Клинт Ийствүүдийн энэ бүтээлээс та сэтгэлийн хөндүүр мэдрэх нь гарцаагүй. Боксын аварга болохоор тууштай тэмцэх залуу эмэгтэйн түүх харамсалтай нь аз жаргалтай төгсдөггүй.

ПРАДА ӨМССӨН ЧӨТГӨР /2006/

Загварын ертөнц гэдэг маргаангүй чамин хээнцэр, маргаангүй гоо үзэсгэлэнтэй. Гэвч хар, цагаан ээлжлэн оршдогийн жишгээр хахир хатуу, халширмаар зүйлс ч бас энд өрнөдөг. Өчүүхэн бага алдаа л чамайг уулын оройгоос өнхрүүлж мэднэ.

ХУВЬСГАЛЧ ЗАМ /2008/

Хорьдугаар зууны дунд үеийн Америкийн эгэл жирийн хосууд. Хоёр хүүхэдтэй гэр бүлийн хоёр хувь хүний үзэл бодол, зовлон бэрхшээл, сэтгэл зүйн дарамтыг туулан гарч буй тухай өгүүлнэ. Заримдаа байх ёстой газраасаа зайлшгүй өндийх ёстой болно. Заримдаа босох ёстой байсан ч суугаад үлдэхээс аргагүйд хүрнэ.

ХАТАН ХААН

Найруулагч Стифен Фрирсийн “Хатан хаан”. Диана гүнжийн үхлээс хойшхи Британийн хатан хааны гэр бүлийн амьдралын ээдрээг өгүүлнэ.

ЭРИН БРОКОВИЧ

Эрин Брокович гэх эмэгтэйн түүх. Тухайн цаг үеийн хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл. Тэр магадгүй өр нимгэн, өрөвч нэгэн биш, гэхдээ түүний хатуу чанга байр суурь, бусдын хувь тавилангийн төлөө өөрийгөө золин тэмцэх тэмцэл эцэстээ амжилт дагуулна.

ФРИДА

Түүхэнд дуурсагдсан гайхалтай эмэгтэйн түүх. Дундаршгүй эрч хүч, дутуу заяасан хувь тавилан, байгаль эх ба хүмүүний холбоо. Фрида ердөө 20 насандаа өөрөөсөө нэлээд хэдэн насаар ахимаг, баян, завхай эртэй гэрлэнэ. Зөвхөн гайхалтай авьяастай зураач төдийгүй хайр дурлал, гэр бүлээ эрхэмлэсэн хүчирхэг эмэгтэй.

МЭРИЛИНТЭЙ ӨНГӨРҮҮЛСЭН ДОЛОО ХОНОГ

Мэрилин Монрогийн дүрийг бүтээнэ гэдэг амаргүй даваа. Хорьдугаар зууны хамгийн сайхан бүсгүйн тухай өгүүлэх энэ кинонд жүжигчин Мишель Уильямс гайхалтай тогложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ