Пуужин сөнөөх THAAD системийн эхний хэсэг БНСУ-д буулаа
Пуужинг замаас нь сөнөөх Америкийн THAAD системийн эхний хэсэг БНСУ-ын Осан нисэх онгоцны баазад өнгөрсөн даваа гарагийн шөнө буусан талаар АНУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлж байна.
Өнгөрсөн даваа гарагт Хойд Солонгос туршилтаар дөрвөн баллистик пуужинг хөөргөсөн нь Японы тэнгист унасан билээ.
БНАСАУ өнгөрсөн жилээс эхлэн пуужингийн болон цөмийн зэвсгийн туршилтаа идэвхжүүлснээс хойш БНСУ болон АНУ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужинг замаас нь сөнөөх систем буюу THAAD системийг байршуулах ажлыг түргэвчлэх талаар хэлэлцэх болсон юм.
Энэхүү систем нь иргэдийн амь насанд аюул заналхийлж буй пуужингийн аюулыг замаас нь сөнөөх ба энгийнээр тайлбарлавал нэг сумыг өөр нэг сумаар устгах юм.
АНУ-ын Номхон далайн цэргийн ангийн командлагч Харри Харрис, “Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдлүүд, үүнд өчигдрийн пуужин харвасан явдал нь Өмнөд Солонгост THAAD системийг байршуулах бидний шийдвэрийг улам бүр бататгаж өглөө.” хэмээн гаргасан мэдэгдэлдээ дурьдсан байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Хан Мин Кү нар өнгөрсөн долоо хоногт утсаар холбогдон, THAAD системийг аль болох хурдан байршуулах талд дээр зөвшилцөлд хүрсэн байна.
Хойд Солонгосын хувьд Өмнөд Солонгост THAAD системийг байршуулах нь Солонгосын хойгийг “цөмийн дайн”-д хүргэнэ гэж үзэж байгаа талаараа үндэсний мэдээллийн агентлагаараа дамжуулан илэрхийлсэн билээ.
АНУ болон түүний холбоотнууд болох БНСУ, Япон THAAD системийг иргэдийг хамгаалах чиглэлээр ашиглах болно гэдгээ онцолсоор байгаа юм. БНСУ дахь Америкийн цэргийн хүчний төлөөлөгч Крис Буш, “ Энэ нь цэвэр Хойд Солонгосын заналхийллээс хамгаалах гэсэн арга хэмжээ юм.” хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ болон БНХАУ-ын хувьд THAAD систем өөрсдийнх нь газар нутгийнаюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа тул анхнаасаа үүний эсрэг саналтай байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ