Энэтхэгийн баялаг
НАСАНД ХҮРЭЭГҮЙ БУРХДЫН ХӨРӨНГИЙГ ХЭН ЭЗЭМШИХ ВЭ ?
Энэтхэг орныг ойлгоно гэдэг зөвхөн эрдэмтэн, мэргэдийн хийх ажил гэлтэй. Энэ улсад бурхдын эрх мэдэл Засгийн газрын бодит эрх мэдлээс хүчтэй байх тохиолдол олон. Энэтхэгт үлгэрийн гэмээр асар их эрдэнэс байх ч, үгүүгүй ядуусын тоо хэдэн зуун сая. Ийм нэгэн эрдэнэсийн санг саяхан Тируванантапурам хэмээх хэл хугалам нэртэй хотод орших вишнуйн сүмийн агуулахаас илрүүлжээ. Багаар бодоход 22 тэрбум ам.долларын үнэтэй энэ баялагийн хувь заяаг шийдэх ярвигтай даалгавар Энэтхэгийн Дээд шүүхэд оногдов.
Нэг талаас, олон зууны турш алт, үнэт чулуу хурааж байсан раджагийнн удмынхан, нөгөө талаас, сүсэгтнүүд болон сүмийн албатуудын үйлдвэрчний эвлэл заргалдаж байна. “Раджа” нь нэгэн төрлийн язгууртан юм. Агуулахад буй эрдэнэсийг бүгдийг илрүүлээгүй учир бодит үнэ хамаагүй өндөр байх магадлалтай бөгөөд нийтдээ нэг их наяд ам.доллартай тэнцэхийг ч үгүйсгэхгүй. Энэ бол АНУ, Хятад, ОХУ-ын цэргийн төсвийг нийлүүлснээс ч их юм.
Харанхуйд нуугдсан эрдэнэ
“Том чулуун хавтанг нээхэд биднийг түнэр харанхуй угтаж, хаалганы завсраар тусах нарны туяа өчүүхэн гэгээ оруулж байлаа. Агуулахын дотогш ороход саргүй тэнгэрт од гялалзах шиг дүр зураг нүдэнд туслаа. Очир алмааз болон бусад үнэт чулуунд хаалган завсраар туссан бүдэг гэрэл ойж байв. Алт, эрдэнэсийн ихэнхийг модон авдарт хийсэн ч цагийн эрхээр мод нь өгөрч муудсан учир үнэт чулуу, алт нь тоос дарсан шалан дээр овоорч үлдсэн байв. Би амьдралдаа ийм зүйл огт харж байсангүй”.
Энэ бол Энэтхэгийн Дээд шүүхээс Падманабхасвамигийн сүмийн эрдэнэсийн санг шалгуулахаар томилсон тусгай комиссын нэгэн гишүүний дурсамж. Энэтхэгт сүмийн эрдэнэсийн санг “каллара” гэж нэрлэдэг аж. Харин Падманабхасвами гэдэг нь Вишну бурханы нэгэн дүр юм. Энэ сүмд Траванкора хэмээх Энэтхэгийн эртний ханлиг улсын раджа нар удам дамжуулан эрдэнэсээ хурааж, хадгалж иржээ.
Өнөөгийн Керала мужийн нутагт орших уг сүмийн талаар эртний үлгэр домог худал хэлээгүй аж. Одоо Падманабхасвамиг 200 цагдаа 24 цагаар хамгаалдаг. Сүмд орох бүх замыг камераар хянаж, орох хаалган дээр метал хайгч хаалга суурилуулснаас гадна гол цэгүүдэд пулемет байрлуулжээ.
Комиссын гишүүд олдсон эрдэнэсийн үнэ өртгийн талаар бусдад мэдээлэх ёсгүй ч агуулахад хадгалагдаж буй баялаг багаар бодоход Хорватийн төсвөөс илүү гарч байгаа аж. Цэвэр алтан эдлэлүүдийн дундаас зуу зуун алмааз, үнэт чулуун шигтгээтэй алтан сэнтий, 800 кило алтан зоос, таван метр гаруй алтан гинж, хагас тонн орчим жинтэй алтан багц онцгойрч байна.
Наж могой ба насанд хүрээгүй бурхад
Траванкорын ханлиг улс 1729 онд Энэтхэгийн өмнөд хэсэгт байгуулагджээ. Гэхдээ Падманабхасвами үүнээс ч эрт бий болжээ. Одоогийн барилгын суурийг XVI зуунд тавьсан гэдэг. Түүхчдийн үзэж буйгаар энэ газрын шүтээн бүр эртнийх. Эртний Тамилийн сударт бичиж үлдээснээр тус сүмийг “Алтан сүм” гэдэг байж. Учир нь хууч яриагаар шүтээний ханыг цэвэр алтаар хийсэн байжээ.
Зуу зуун жил сүсэгтнүүд ийшээ ирж Вишну бурханд өргөл барьдаг байв. Траванкорын ханлиг улс байгуулагдсанаас хойш алт, эрдэнэс гол мэт урсаж эхлэв. Раджа нар хөршүүдээ дайнд ялж баялагийг нь эзэмшиж байв. Түүгээр барахгүй Голландын Ост-Индийн компанийг хүртэл буулган авч байсан удаа бий. Ханлиг улс цэцэглэн хөгжиж, худалдаа өргөжиж, сан арвижиж байлаа. Холын аялалаас олз омог ихтэй ирсэн худалдаачид Траванкорын сүмд их хэмжээний өргөл барьц үлдээдэг байж. Раджа нар өөрсдөө ч худалдаачид, сүсэгтнүүдээс дутсангүй.
Уламжлал ёсоор хаан ширээ залгамжлагч насанд хүрэхээрээ өөрийнхөө жинтэй ижил жин бүхий алтыг сүмд өгдөг байв. Их Британийн колонийн үед Траванкор Английн хараат ханлиг болсон ч язгууртнууд нь давуу эрх эдэлж, эд баялгаа арвижуулсан хэвээр байв. Эрдэнэсийн санг найдвартай хамгаалж байлаа. Хамгаалагчдын тоо цөөхөн байсан ч сүмийн подваль болгонд наж могой дүүрэн байдгийг Траванкорын албат болгон мэддэг байжээ.
Тиймээс хулгайчдад сануулга болгож хаалган дээр могойн дүрс сийлжээ. 1946 онд англичууд Энэтхэгээс буцахын өмнө Траванкорын язгууртнууд Энэтхэг, Пакистанд нэгдэхээс татгалзаж тусгаар улс болно гэж зүтгэв. Ярвигтай хэлэлцээрийн үр дүнд тэд нэгдмэл улсын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрч, “Падманабхасвамигийн сүмийн сахин хамгаалагч” гэсэн цол хэргэмээ авч үлджээ.
Учир нь Энэтхэгийн хуулиар өөртөө сүм бариулсан бурхан өргөл барьцын эд зүйл, шүтээний ойролцоох газрын эзэн байж болно. Гэхдээ хуулинд зааснаар бурхад нь насанд хүрээгүй хүний статустай учраас асран хамгаалагч хэрэгтэй. Харин тэр асран хамгаалагч нь сүм болон эрдэнэсийн сангийн сахин хамгаалагч юм. Энэ үүргийг Траванкорын раджа нар гүйцэтгэж байв. Гэвч орлогын эх үүсвэргүй болсон хожмын раджа нар бурхны хөрөнгөнд гар хүрсэн тухай цуурхал дэгдэх болжээ.
Ананд Падманабханы дайчид
Хоёр хүн нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлэв. Тируванантапурам хотын хуульч, Ананд Падманабханы байшин сүм очдог гудманд байрладаг. Тэр хүүхэд байхаас Траванкорын раджа нар бурхны хөрөнгөнөөс хулгайлсан тухай цуу яриаг сонсож өсчээ. Түүний ах Сундарараджана үнэнч индус байсан учраас алт мөнгө сонирхолгүй зөвхөн бурханд залбирдаг байж. Падманабхан насанд хүрээд ахынхаа нөлөөгөөр шашны үйлсэд хүчин зүтгэж, Вишнуд амьдралаа зориулах болжээ.
2007 онд тэр Траванкорын удмын 86 настай раджа Мартханда Вармаг сүмийн сахин хамгаалагчийн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Вишну бурхан хөрөнгийнхөө багагүй хэсгийг алдсан хэмээн буруутгаж шүүхэд зарга мэдүүлжээ. Түүний тооцоолсноор сүүлийн 10 жилийн дотор сүмийн агуулахаас тэрбум гаруй рупий (15 сая ам.доллар) бүхий үнэт зүйлс алга болжээ.
Вишнуд шинэ асран хамгаалагч хэрэгтэй гэж Падманабхан үзэж буй аж. Түүний санаачлагыг сүмийн албатуудын үйлдвэрчний эвлэл дэмжив. Үйлдвэрчний эвлэлилйн дарга “Сүүлийн жилүүдэд сүмээс олон зүйл алга болсон. Тухайлбал, хэдэн зууны настай зааны ясан лимбийг би хайгаад олоогүй. Их хэмжээний үнэт эрдэнэс хулгайлагдсан” гэж мэдэгджээ.
Шүүхэд зарга мэдүүлснээс хойш удалгүй үйлдвэрчний эвлэлийн гишүүн Падманабху Дасаг үл таних хүмүүс хүчлээр түлж азаар амьд үлджээ. Энэтхэгийн Ерөнхий байцаагч Винод Райгийн явуулсан мөрдлөгийн үр дүн Падманабхан, үйлдвэрчний эвлэлийн мэдээллийг батлав. 1000 орчим хуудастай мөрдөх ажлын эцсийн материалд алга болсон зүйлсийг жагсаасан бөгөөд жагсаалт бүрэн бус гэж үзэж байгаа аж.
Шүүхийн маргааны явцад хөгшин раджа нас барж, ач хүү Мулам Тирунал Рама Варма гэгч орыг нь залгажээ. Тэр мэргэшсэн өмгөөлөгчдийн ачаар өөрсдийгөө буруугүй хэмээн нотлохыг оролдож байна. Түүний үзэж буйгаар Траванкорын раджа нар үеийн үед сүмийг хамгаалж, Вишну бурхантай онцгой харилцаатай байсан. Хаадууд бурхныг дагалдаж жилд хоёр удаа тэнгист угаалга үйлддэг байснаас гадна хотоос гарахдаа Вишнугаас зөвшөөрөл авдаг байсан аж.
Газар дэлхийн ямар ч хууль энэ холбоог таслах чадалгүй гэж Мулам Тирунал Рама Варма хэлжээ. Керал мужид одоо ч гэсэн Траванкорын удмынхныг хаан хэмээн өргөмжилдөг хүн цөөнгүй учир тэдний нөлөө их. Шаардлагатай бол тэд нэгдэн тэмцэх магадлалтай. 1972 онд Засгийн газар Траванкорын язгууртнуудын бүх давуу эрх, орлогыг хураажээ. Энэтхэг тусгаар тогтнох үед Траванкораг захирч байсан хүмүүст л зарим эрхийг үлдээжээ. Харин хамгийн сүүлийн хаан нь 1991 онд нас барснаар тэдний удамд давуу эрхтэй хүн үлдсэнгүй.
Цаана чинь улсад алт хэрэгтэй байна
Энэ маргааны нэгэн том тоглогч нь Холбооны засгийн газар юм. Энэтхэгт алт хэрэгтэй. Үнэт эдлэлийн зах зээлийн эрэлтийг хангахын тулд жил бүр 1000 орчим тонн алт импортоор авдаг. Харин сүмүүдэд алт бий. Энэтхэгийн Сангийн сайд Арун Жатлигийн тооцсоноор Энэтхэгийн бүх сүмд нийтдээ 3000 мянга гаруй тонн алт хадгалагдаж байгаа аж (Энэтхэгийн алтны нөөц 550 тонн).
Нарендра Модигийн засгийн газар эдийн засагт алтны хэмжээг нэмэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газар сүм хийдүүдэд эрдэнэсээ банканд хүүтэй хадгалуулахыг санал болгожээ. Ингэхдээ алтыг хайлуулж үнэт эдлэлийн зах зээлд нийлүүлнэ. Энэ маягаар сүм хийд байнгын орлоготой байхын зэрэгцээ эдийн засагт туслах учиртай. Гэвч энэ санаачлага шашны байгууллагуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхий сайд сүсэгтнүүдээ сонсохоос аргагүй болов. А
лт бол Засгийн газрын биш, бурхны өмч учраас сүсэгтнүүдийн өргөл барьцаас хумсалж нүглээ зузаатгах хэрэггүй гэж шашны зүтгэлтнүүд үзэж байна. Гэхдээ бүх сүсэгтэн ингэж боддоггүй. Бизнес хийдэг нэгэн индусын хэлснээр улс орон, эдийн засгаа хөгжүүлэхэд сүмийн алтыг зориулах нь нүглээ зузаатгах биш, буян нэмэх ажил юм.
Үлгэрийн мэт эрдэнэсийн сангууд
Падманабхасвами бол Энэтхэгт байдаг 600 000 индус сүмийн зөвхөн нэг нь. Эдгээр сүмийн нийт эрдэнэсийг хэн ч тоолоогүй. Сангийн сайдын дурдсан 3000 тонн бол зөвхөн эхний үнэлгээ. Алтнаас гадна үнэт чулуу, мөнгө бий. Түүнээс гадна, алт хадгалдаг газар зөвхөн сүм биш. Хэдэн сарын өмнө Раджастхан мужид чулуу олборлох хуучин карьераас тариачид Гуптын эзэнт гүрний үеийн хэдэн мянган алтан зоос олсон шуугиан дэгдэж байв. Газар дор, нуур, голын ёроолд хэмжээлшгүй их баялаг байгаа талаар хууч яриа, үлгэр домог Энэтхэгийн нутаг болгонд бий.
Г.Даваадорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ