“Зодог” тайлах бодолгүй байна

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайхан шинэлэв үү та?

-Сайхан шинэллээ.

-Та одоо яг ямар ажил эрхэлж байна. Хувийн бизнес эрхэлж байгаа юу?

Ямар нэгэн ажил хийгээгүй. Гэр зуур, хүүхдүүдээ сургуульд зөөгөөд аавынхаа үүргийг биелүүлээд явж байна. Миний хувьд 2000 оноос хойш бизнес хийхээ больсон. Компанийн ажлыг ах дүү нар маань л авч явдаг. Тиймээс компанийн ажилд хутгалдаад байдаггүй. Ашиг орлого олох гэж толгойгоо гашилгахыг хүсдэггүй. Үр хүүхэд, хань ижил орон гэртээ цаг заваа зарцуулахыг хичээдэг. Олсон хэдийгээ үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг. Ер нь бол их хөрөнгө, эд баялаг үр хүүхдэдээ өвлүүлэх шаардлага ч алга. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах нь чухал шүү дээ.

-Эдийн засаг хямраад олон компаниудад хүндээр тусч байна. Танай ах дүүгийн компани гайгүй юу?

-Манай компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Ямар нэгэн хямралд өртөөд байхааргүй үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ч манай компаниар төсвийн том, том мөнгө эргэлддэггүй болохоор хэцүү үед амиа чирээд явчих чадвартай.

-Бизнесийн хувьд “тэтгэвэртээ” гарчихжээ гэж ойлгогдлоо. Харин улс төрийн хувьд арай тэтгэвэртээ гарчихаагүй биз дээ?

-Улс төрөөс холдохыг бодохгүй байна. Яагаад гэвэл надад мэдлэг, туршлага бас нас байна. Тиймээс улс төрийн хувьд “тэтгэвэрт” гарах болоогүй ээ. Гэхдээ улс төр хийж байна гээд хэн нэгэн хүнийг, аль нэг намыг муулаад, үе, үе хэвлэлийн баатар болох сонирхол алга. Харин танай сайт аль дээрээс хойш ярилцлага авах хүсэлт тавьж байсан болохоор өнөөдөр урилгыг хүлээж авлаа.

-Та 2016 оны УИХ-ын сонгуульд шинэ нам байгуулж, гэр бүлээрээ шахуу өрсөлдсөн. 2020 оны УИХ-ын сонгуулиар өрсөлдөх бэлтгэлээ хийж байгаа юу?

-Өрсөлдөнө. Би хэлсэн шүү дээ. Улс төрд зодгоо тайлах болоогүй гэж. . Улс төрөөс тэтгэвэрт гарна Амин хувиа хичээгээд явбал улс төрд оролцоод байх сонирхол надад алга. Үр хүүхэд, гэр бүл, сайхан амьдрал, орон гэр, унах унаа гээд бүх юм надад байна.

-Тэгвэл улс төрөөр “оролдмоор” байгаа шалтгаан чинь юу вэ?

-Хүн бүрийн улс төрд орох сонирхол өөр байдаг. Би анх улс төрд хөл тавихдаа юу ч мэдэхгүй, ямар ч зорилгогүй орж ирж байсан. Одоо бол улс орон, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх гаргаад ажиллах юмсан гэсэн бодол байдаг.

-УИХ-ын сонгуулийн өмнө та гэнэтхэн л дуу дуулаад гараад ирсэн. Дараа нь бусдыг чацга, энэ тэр гээд доромжилсон. Телевизийн нэвтрүүлэгт орохдоо баахан дүрсгүйтсэн гээд энэ бүхэн олны анхаарлыг татах гэсэн таны пи-ар уу?

-Би олны анхаарлыг татах гэж хичээдэггүй. Байгаагаараа л байдаг. Эрдэнэтэд очиход хэдэн нөхдүүд миний хэлсэн үгийг гуйвуулаад байхаар нь тэдэнд хандаад “чацга царайлаад айгаад байгаа бол харьж унт” гээд хэлчихсэн юм. Гэтэл тэр үгийг илтэд гуйвуулсан л даа

“Буян”-гийн Жаргалсайхан бол өөрөө нэвтрүүлгийн цагаасаа хоцорч ирсэн юм байна лээ. Тэгээд миний цаг дээр орж ирээд, хажуугаар өөр юм яриад байсан. Цаг барьдаггүй, тэгээд бусдын цаг дээр орж ирээд яриад байхаар нь Жаргалсайхан бид хоёрын хэн нь урд зүгийн хүмүүстэй адилхан байна вэ гэдгийг харуулахыг хүссэн.

“Монголоороо байгаасай” дууны тухайд энэ дууг дуулья л гэж бодоод дуулсан. Миний дуу тийм олон хүнд хүрнэ гэж бодоо ч үгүй. Би хичээвэл илүү сайн дуулж чадна. Сайхан унтаж амраад, хоолой сайхан үед торохгүй дуулна. Гэхдээ тухайн үед илүү сайн дуулахыг хүсээгүй юм. Би ямар мэргэжлийн хүн биш. Дундаж хэмжээний дуулахад болно биз дээ гэж бодоод нэг их хичээгээгүй.

-Энэ дуунаас болж Б.Дашдондог гуайтай хэл ам хийсэн гэх яриа сонсогдоод байсан. Та хоёр учраа олсон уу?

-Гайгүй дээ. Сүүлд С.Жавхлан дуулсан байна лээ. Ямар ч хэл ам хийгээгүй.

-Шинэ оны өмнөхөн та Ардчилсан намд элсэхээ мэдэгдсэн. Гэтэл таныг Л.Эрхэмбаяр генсек намдаа буцааж авахаас татгалзсан байсан. Та одоо ч Ардчилсан намд элсэх хүсэлтэй байгаа юу?

-Би Ардчилсан намд орох өргөдөл өгөөд, маргааш нь буцаагаад авчихсан.

-Яагаад өргөдлөө буцаагаад авчхсан юм бэ?

-За больё гэж бодсон.

-Ардчилсан намд элсэнэ гэдгээ мэдэгдсэн хэвлэлийн хурал дээр та өөрийгаа Дональд Трамптай адилтгаж байсан. Хэрэв Ардчилсан нам таныг буцааж авсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байсан юм биш биз?

-Дональд Трамптай өөрийгөө адилтгаж ярьсан минь үнэн. Тэр хүний талаар би бага зэрэг мэднэ. Ардчилсан намд элсэх гэж байсан тухайн үед сонгуульд ялагдаад, намын даргаа ч сонгоогүй байсан үе юм. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал эрт байсан. Би ерөөсөө тэр тухай бодоогүй юм байна. Зүгээр л Ардчилсан намыг хүнд хэцүү үед нь дэмжээд авъя гэж бодсон. Би ямар Ардчилсан намыг эрх мэдэлтэй байх үед нь элсээд гудамжинд гарсан хойно нь гаръя гэсэн биш. Эрх мэдэлтэй үед нь гараад, гудамжинд гарсан үед нь оръё, үйл ажиллагааг нь дэмжье гэсэн.

-Ардчилсан намд та хоёр удаа орж, хоёр удаа гарсан. Яагаад ахиад Ардчилсан намд элсэх гэсэн юм бэ. Ардчилсан намынханд тоглоомтой санагдсан байх л даа?

-Ардчилсан нам шинэчлэгдэж, фракцгүй болно гэсэн. Түүнд нь итгэж үнэмшсэн хэрэг. Урьд нь энэ намын нөхөдтэй хамт байсан болохоор үнэхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх юм болов уу гэж итгээд тийм үйлдэл хийсэн.

-Тэгвэл Ардчилсан намын шинэчлэлийг та юу гэж дүгнэж байна вэ. Ардчилсан намд итгэсэн итгэл үнэмшил чинь хэвээрээ юу?

-ҮЗХ татан буугдаад, сум, хороо болгон дээр шинэ сонгууль явагдах юм байна лээ. Ямар ч байсан шинэ бүрэлдэхүүн фракциас ангид ажиллаад ирэхээр болохгүй юм байхгүй. Намаа шинэчлэхийн тулд хийхийн тулд намын үүрийн дарга нараа сольж байгаа болов уу.

-Ардчилсан нам гудамжинд лааз өшиглөж байгаа. Дөрвөн жилийн дараа ялах боломж тэдэнд байгаа болов уу. Хөндлөнгийн хүний нүдээр та тэднийг хэрхэн харж байна?

-Өнгөрсөнд гаргасан алдаагаа зассан бодлогоор ажиллаж чадвал Ардчилсан намд ирээдүй бий.

-Б.Жаргалсайханыг Хан-Уул дүүргийн Ардчилсан намд элсүүлсэн байна лээ. Зарим хүмүүс Л.Гүндалайг “голсон” Ардчилсан нам Б.Жаргалсайханыг элсүүллээ гэцгээж байна лээ?

-Ардчилсан намд хэн элсэх нь надад хамаагүй. Иргэн хүн аль ч намд элсэж болно. Ардчилсан намынхан намайг голсон гэж би бодохгүй байна. Би юугаараа гологдох вэ дээ. Тэгж хэлж болохгүй. Би Ардчилсан намд элсэх өргөдлөө маргааш нь буцаагаад авчихсан шүү дээ.

-Б.Жаргалсайхан БНН-аа хаясан зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байж мэднэ гэсэн таамаглал бий. Хэрэв тийм бол та хэрхэн хүлээж авах вэ?

-Би “Буян”-гийн Жаргалсайханыг Ардчилсан намаас нэр дэвшинэ гэж бодохгүй байна. Хэрэв дэвшинэ гээд мөрөөдөөд орсон бол тэр л биз. Ямар мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Мөрөөдөөд явж л байг, хөөрхий.

-Та яагаад түүнд дургүй байдаг юм бэ?

-Би наад Б.Жаргалсайханыг чинь Цагаан хэрэм давуулж шидэх ёстой хүн гэж хардаг. Би урьд нь ч хэлж байсан. “Энэ нөхрийг Цагаан хэрэм давуулж шидэх ёстой” гэж. Тэр тэндээ л амьдрах хэрэгтэй л дээ, уг нь.

-Таныг УИХ-ын сонгуулиар Эрдэнэтэд дэвшинэ гэж хүлээж байсан ч Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Гэнэт яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?

-Тойрог жижиг болох тусам мөнгөний сонгууль болдог. Тойрог хүн ам ихтэй болох тусам мөнгө зарцуулахад хэцүү болдог. Тэр утгаараа хотод нэр дэвшсэн.

-УИХ-ын сонгуулиар МАН-аас 65 суудал авсан. Тэдний хийж буй ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын сонгууль дуусаад найман сар боллоо. Өнгөрсөн хугацаанд улс орноо өөрчлөөд гоё болгоод байгаа юм алга. Бас шинэчилнэ, өөрчилнө гэсэн итгэл, ядаж хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна. Олон улсын валютын сангаас хэдхэн төгрөг аваад, хүний эрхэнд өнөө маргаашаа аргацааж амьдрах юм байна л даа. Өөрсдөө сэтгэж бодож юм хийж чадахгүй байна. Хийх ажил их байна. Гэхдээ өнөөдөр нийгэм муухай байгаад Монголын ард түмэн өөрсдөө буруутай. Манайхан өөрсдөө муу байгаа болохоор нөхцөл байдал ийм байна. Монголчууд утааны эсрэг арга хэмжээ авахыг шаардаж болно шүү дээ. Утаа бол барилгажуулж байж арилна. Тиймээс иргэдэд найман хувь, таван хувийн зээл олгож, байр орон сууц худалдаж авах хэмжээний ажилтай, орлоготой болгох ёстой. Нийгэм, эдийн засаг нь тэр хэмжээгээр хөгжих нь чухал. Үүний тулд утааг арилгаад өг гэж жагсах ёстой. Монгол Улс жилийн дөрвөн улирлын зургаан сард нь хүйтэн байдаг. Ийм уур амьсгалтай улс оронд утааны асуудал зайлшгүй тулгардаг. Тиймээс утааны эсрэг жагсах хэрэгтэй. Иргэд өөрсдөө шаардлага тавихгүй болохоор орж ирсэн мөнгийг дуртай зүйлдээ зарцуулна шүү дээ.

-Та улс төрд болж байгаа үйл явдлыг байнга үзэгдэг биз дээ?

-Би мэдээ үздэггүй. Надад ямар хэрэгтэй юм. Одоо бол УИХ-ын дарга М.Энхболд болсон гэж сонссон. Ерөнхий сайдыг хэн гэдэг билээ.

-Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдсон.

-Ж.Эрдэнэбат гэж мэдэхгүй юм байна.

-Ардчилсан намын нэлээд олон хүнийг АТГ шалгаж байна. Энэ зөв үү. Таныг бас өмнө нь тендерийн асуудлаар шалгаж байсан санагдаж байна?

-Үнэхээр идсэн, уусан асуудал байгаа бол шалгуулах ёстой. Шалгаад, хориод байгаа үйлдэл нь зохиомол хиймэл гэж бодохгүй байна. Сайн шалгаад, үнэн зөвөөр шийдвэрлэсэн дээр шүү дээ.

-Танай гэрт хулгай орсон гэж үнэн үү?

-Үнэн. Шинэ жилээр гадагшаа яваад ирэхэд хулгай орсон байна лээ.

-Хэр их юм алдсан бэ?

-Манай гэрт хүнд хэрэг болохоор юм юу л байв гэж дээ. Хэдэн хуучин хувцас, мөнгөн аяга авсан байна лээ.

-Одоо таны ойрын зорилго юу вэ?

-Би өөрийнхөөрөө сайхан амьдрах нь чухал. Хэнээс юу ч гуйхгүй, гэр бүл үр хүүхэдтэйгээ сайхан амьдрах сайхан шүү дээ.

-Танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ