Монголын сэтгүүл зүйн 104 жилийн ойн өдөр МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Алтан дүрмийн эзэн”-ийг тодруулав


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн тохиож байгаа энэ өдөр Чингис зочид буудлын Тэмүүжин танхимд “Сэтгүүлзүй – 104 жил” ёслолын ажиллагаа боллоо.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-нд Монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгон жил бүр тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII Их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэх болжээ.

Энэ жилийн ёслолыг манай улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн удирдах төв байгууллага болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээж үг хэлсэн бөгөөд Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хүндтэй ахмадууд болох МУСГЗ Б.Лигдэн, Д.Дорждулам, М.Шийрэв нарт “Алтан өргөмжлөл” хүртээж хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр 82 настай, ахмад сэтгүүлч Д.Дорждулам гуай хэлэхдээ, Би малын эмчээс сэтгүүл зүйн салбар луу орж ОХУ-ын Москвад суралцаж сэтгүүлч болсон. Энэ мэргэжилдээ чин үнэнчээр өнөөг хүртэл 50 гаруй жил зүтгэж явна. Миний бие Москвад хоёр ч удаа сурвалжлагч, Латин Америк болон Куба улсад 4 жил сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа. Залуу сурвалжлагч, сэтгүүлч та бүхэнд захиж хэлэхэд мэргэжилдээ үнэнч сэтгэлээр хандаж, үг нь үнэн, үзэг нь хурц байх болтугай” хэмээв.

МСНЭ-ийн дээд шагналууд болох Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамц нарын нэрэмжит шагналтай зэрэгцэн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит "Алтан дүрмийн эзэн” мэдээний шагналыг 2016 оноос эхэлж тус агентлаг МСНЭ-тэй хамтарч олгодог болсон.

Уг шагналыг сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн бичдэг шилдэг сурвалжлагчид хүртээдэг.

Мэдээний шилдэг сурвалжлагчдад шагнал гардуулах үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг, “Юуны өмнө энэ салбарт ажиллаж сайн, муу хэлүүлж байдаг Монголынхоо үе үеийн бүх сэтгүүлчдэд Монголд мэргэжлийн сэтгүүлзүй үндэс сууриа тавьж, үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн хувьд түүхэнтэмдэглэлт өдөр. Мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит“Алтан дүрмийн эзэн”-ээр мэдээний шилдэг 3 сурвалжлагчийг тодруулж шагнаж урамшуулдаг уламжлалтай” гэв.

Энэ жилийн шилдэг мэдээний сурвалжлагчаар 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, iToim сайтын сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зургийн сэтгүүлч Б.Бямба-Очир нар тодорч шагналаа гардан авав.

Энэ үеэр iToim сайтын сэтгүүлч Г.Улсболдын сэтгэгдлээ хуваалцав. "Хэвлэл мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит шагнал “Алтан дүрмийн эзэн” болсондоо баяртай байна. Би МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр 2011 онд төгссөн. 2010 оноос “Үндэсний шуудан” сониноос сурвалжлагчийн гараагаа эхэлсэн. Шуурхай мэдээллийн эх сурвалжаа олж авах гэдэг нэн чухал байдаг. Мэдээ бол сэтгүүл зүйн анхдагч нь төдийгүй сэтгүүлчийн ур чадвар, мэдрэмжийг илэрхийлдэг” гэв.

Мөн МСНЭ-ийн дээд шагналаар зарим сэтгүүлчдийг шагнаж урамшуулав. Зохиолч, нийтлэлч С.Лочинг МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагналаар, доктор, профессор До.Цэнджавыг МСНЭ-ийн дээд шагнал Д.Бодоогийн нэрэмжит шагналаар, сэтгүүлч Н.Лутбаярыг МСНЭ-ийн нэрэмжит шагналаар тус тус шагнасан бол 2012 оноос хойш уламжлал болон зохион байгуулж буй сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах ажлын хүрээнд сэтгүүлч Ж.Нэргүйг “Монгол Улсын хэвлэлийн анхны төлөөлөгч” мөн болохыг батламжлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ