Хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор нярайн цогцосыг булсан байж болзошгүй гэв
ЗУРАГ: Найман сартай нярайн цогцосыг эндээс гаргаж авчээ
Өнгөрсөн долоо хоногийн эхээр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс газарт булсан нярайн цогцос олджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, “Ганц худаг” руу явах замд эзэнгүй айлын хашаанд найман сартай хүүхэд булсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт хоёр хоног ажиллаж, хүүхдийн цогцосыг гаргаж авсан байна.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ, нярай 2015 онд төрсөн найман сар гарантай эрэгтэй хүүхэд байсан. Ээж нь Чингэлтэй дүүргийн харьяат, 30 орчим насны эмэгтэй байсан аж. Нярайн ээж гэх эмэгтэй эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад түүний биеэ үнэлж амьдардаг байсныг тогтоожээ.
Одоогоор энэхүү хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж, нярайн нас барсан шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Одоогийн байдлаар, нярай хэн нэгний буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нярайг амьсгал хураасны дараа хэргээ нуун далдлах зорилгоор ийнхүү цогцосыг булсан байх магадлалтай аж.
Нярайг газарт булснаас хойш хагас жил орчмын хугацаа өнгөрсөн тул нарийвчилсан шинжилгээ хийхэд хүндрэлтэй байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Нярайн ээжид Эрүүгийн хуулийн 91-р зүйл 5.16-д зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж амь насыг нь санаатайгаар хохироосон болон үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулсан гэх үндэслэлээр зүйлчлэн шалгаж эхэлжээ.
Нярайн ээж хэрэг үйлдэхдээ өөрийн найз эмэгтэйтэй хамт байсан гэх ба түүний найз эмэгтэй энэ талаар бусдад ам алдсанаар хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж буй аж. Газар хөлдүү байсан тул цогцсыг гаргаж авахад онцгойгийн алба хаагчид хамтран ажилжээ.
ЗУРАГ: Нярайн ээж эзэнгүй хашаа сонгож хүүхдийн цогцосыг булжээ
Хэргийн газрын ойролцоох эх сурвалж хэлэхдээ “Цагаан сараас өмнө манайд цагдаа нар ирсэн. Энэ хавьд хулгайд алдагдсан мөнгөн аяга нуусан байна гээд газар ухах багаж хэрэгсэл, хүрз жоотуу авсан. Хоёр гурван өдөр эзэнгүй айлын хашаа ухаж байгаад явсан. Хүмүүсийн хэлж байгаагаар тэд мөнгөн аяга биш хүүхдийн цогцос гаргаж авсан гэсэн. Цаасан хайрцаг дотор чихэр, боовтой хамт хүүхдийн цогцсыг хийчихсэн байсан гэсэн. Энэ хашааны эзнийг мэдэхгүй. Тэр хүмүүс санамсаргүй л энэ хашаанд авч ирээд булчихсан байх. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хашааны газрыг хоёр ч удаа түрж тэгшилсэн. Тэгэхэд л нуусан цогцос нааш ил гарсан байх” гэв.
Б.ЦОГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ