Тэднийг 14 хоног саатуулна
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа.
Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай юм байна. Иймээс ирэх гуравдугаар сарын 6-ний өдөр суллагдах боломжтой аж.
Хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй гэж албаныхан хэлж буй.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна.
Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй.
Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ