Д.Нямсамбуу: Бурханы номыг заавал ламаар уншуулах албагүй. Яагаад гэвэл...
Жилийн өмнө “Жавзандамба хутагт” төвийн багш, Гавж Д.Нямсамбуутай ярилцсанаа дахин хүргэж байна. Бидний яриа Бурханы шашин, итгэл үнэмшил, үйл үр гэж байдаг уузэрэг олон ойлголтын талаар өрнөсөн.
-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Та Шинийн 1-ний өглөө эхэлж хэнд золгодог вэ?
-Багшдаа золгоод, аав ижий хоёртоо золгоно. Тэгээд ерөнхийдөө амрахаа л боддог доо. Учир нь, Монголын томоохон сүм хийдүүдэд өвлийн сүүл сар дөнгөж гараад л тосон урлалаар балин бүтээх хүмүүс нь хөл хорьж балингаа бүтээж эхэлдэг. Уншаач лам нар нь унзад ламдаа бараалхаж янгийн сургуулилтаа хийж, цанидынхан буюу нотлохуй ухааны лам нар нь ерөөлийн үеэр номын мэтгэлцээндээ бэлтгэх гээд ачаалал ихтэй байдаг. Тэгээд хуучны 24-өөс их хурлууд хурж эхэлнэ. Өдрийн 13-14 цаг сууж ном уншицгаана, битүүний шөнө шөнөжин хурдаг учраас нэлээд ядардаг. Ер нь шинийн 15 хүртэл тогтмол хурдаг хурал дээр ерөөл гээд их хурал нэмж хурдаг тул томоохон хийдийн лам нар гадуур, дотуур явах боломж тун бага байдаг.
-Цагаан сарын өмнө заавал ингэж ном хурах ёстой юу?
-Миний мэдэхээр Гандантэгчинлэн хийд, Зүүн хүрээний лам нар бол заавал хурна. Жилд нэг удаа хийдэг томоохон залбирал, бясалгалын зан үйл юм даа. Монгол Ганжуурт буй Үлгэрийн Далай хэмээх номд гардаг Бурхан багшийн намтартай холбоотой. Мөн Богд Лам энэ хурлыг өргөжүүлсэн тухай намтарт нь тодорхой гардаг тул үүнийг дээр нэг хүн Богд Зонховын 49 хоногийн хурал гэж хэлсэн нь зоргоор, зоргоор гэхэд энгийн ухаанаас гарамгүй мунхаглал юм.
-Сар шинийн баяр дуусч, шинийн 15-ны дотор жилийн засал номоо хийлгэнэ гэдэг. Жилийн засал номыг заавал шинийн 15-нд хийлгэх ёстой юу?
-Заавал шинийн 15-нд багтаж хийлгэх албагүй гэж Гандантэгчинлэн хийдээс олонтаа мэдэгдсэн. Гол нь тэгээд хүн өөрөө зөв байх нь чухал. Үйлийн үр гэж Бурханы шашны ойлголт.
-Ер нь Бурханы ном ёс зүйн сургууль уу, эсвэл сүсэг бишрэл үү?
-Аль аль нь. Бурханы шашин гэдэг X ч юмуу Y юм уу агуу хүч байдаг, түүнд итгэж үнэмшсэнээр аврагдана гэсэн сургаал биш. Харин хүн илүү зөв сайн, илүү амгалантай болох боломж байна уу, үгүй юү гэсэн асуулт асуугаад, түүний ажиглалд суурилсан дүгнэлт, арга гарц дэвшүүлсэн л төдий юм. Тэгэхээр Бурханы шашинд ажиглал, шинжлэл, бодрол, практик дадлага, зан үйлжүүлсэн дасгал, хувь хүний итгэл үнэмшил дээр нь нэмээд урлаг соёл ч бий. Тиймээс дан ганц ёс суртахуун, эсвэл сүсэг гэж хэлж болохгүй байх.
-Ер нь таныхаар шашин гэж юу вэ?
-Шашин гэдэг нэршлийг хэрхэн ашиглах нь хувь хүний эрх боловч шинжлэх ухааны нэр томьёо талаас нь шашин судлал гэдэг нийгмийн шинжлэх ухаан дээр ажилладаг. Эрдэмтэд нэг дуугаар хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт үгүй боловч ерөнхийдөө Их Британийн эрдэмтэн Ниниан Смарт шашныг долоон агуулгаар авч үзсэн байдаг. Энд би шашин гэж англи хэлний релижн гэдэг үгийн агуулгыг дүйцүүлж байна. Түүнээс биш, тэйзмийг мөн шашин гэж дүйцүүлээд Буддизмыг шашингүй үзэл, эсвэл Бурхангүй үзэл гэх тохиолдол байдаг ч эдгээр нь нэршилд төөрч буй төдий. Жишээлбэл, христэд итгэгч нар өөрийгөө шашингүй гэж хэлж байвч өөрсдөө юу гэж хэлэхээс үл хамаараад шашин гэж л тодорхойлно. Монгол хэлний тайлбар толиос шашин гэдэг үгийн нэлээд “соц” тайлбар харчихаад, шашин бол хүний бүтээл, харин биднийх бол Бурханы бүтээл учир шашин биш гэж хэлдэг. Харамсалтай нь, шинжлэх ухаан гэдэг алив зүйлд далдын хүчний тайлбарыг ашигладаггүй учраас шашин л гэж үзнэ. Хэн нэгэн өөрийгөө хүн биш цул алт ч гэж итгэж болно л доо.
ШУНАЛ ГЭЖ ХҮСЭЛ БҮРИЙГ ХЭЛДЭГГҮЙ
-Тэгвэл Та итгэл үнэмшил гэдгийг юу гэж ойлгодог вэ. Зарим хүн бол сонссон, харсандаа итгэнэ, үнэмшинэ гэдэг. Нөгөө нэг хэсэг хандлагад, сэтгэлдээ итгэнэ гэж яриад байдаг?
-Энд магадгүй хэлний ялгаа нөлөөлдөг байж мэднэ. Хойно, баруунд боловсрол эзэмшээд, Бурхан гэдгийг үүсгэгч эзэн гэж ойлгоод, эсвэл сүнс гэдгийг сөүл гэж ойлгоод явах нь Монголын уламжлалт, эсвэл Буддын уг ойлголтуудтай зөрөлдөнө. Итгэх гэхийг ч монгол хэлэнд мэдэж буй зүйлдээ итгэнэ гэж хэлж болдог бол, зарим хэлэнд итгэх гэдэг нь ил бус зүйлд л түлхүү ашиглах тохиолдол байдаг. 1961 онд хүн анх сансарт ниссэн. Тэр үед л хүн сансарт нисэхийг харсан боловч онолын төвшиндөө бүр өмнө нисэх боломжтой гэдгийг нь баталж л байсан. Бурханы шашны сэтгэлийн ариусал итгэх итгэл бол хоосон бадрангуй итгэл мөрөөдөл гэхээс илүүтэйгээр нарийн тооцоололд суурилсан дүгнэлт гэж үздэг. Яг хийж чадсан хүмүүс олон гарсан боловч, цагийн уртад дам яриа төдий л үлдэх учир Бурханы шашин дахин амилсан гэдэг шиг яриагаар батлахаас илүү онолдоо ач холбогдол өгдөг.
-Гэгээрэлд хүрнэ гэж яг юу гэсэн ойлголт вэ?
-Хэн нэгэнд ашиг сонирхол байгаа л бол, өөрөөр хэлбэл шунал буй тохиолдолд жинхэнэ эрх чөлөө байх боломжгүй гэж Бурханы шашин үздэг. Санхүүгийн эрх чөлөө гэж ярьдаг ч, шунал л буй бол тэр нь зуун төгрөгт биш юмаа гэхэд тэрбумд худалдагдаж магадгүй гэсэн үг. Мөн мөнгөөр илэрхийлэхгүй өөр олон ашиг сонирхол байж болно. Гэгээрэл гэж шуналыг ялахын нэр. Тэр үед л жинхэнэ эрх чөлөөг олно, тэр үед л амирлана гэдэг. Энд гэхдээ шунал гэж хүсэл бүгдийг хэлдэггүй, шашны хэлээр цувралттай зүйлсийг хүссэн буюу Би хэмээх сэтгэлээс гарах хүсэл бүгдийг хэлнэ.
-Ер нь номын хүч гэж байна биз, Хийморийн сан уншуулсны дараа Бурханы номын хүчээр хийморь сүлд сэргэчихлээ гэж зарим хүн хэлдэг. Энэ нь Бурхны номын хүчний нөлөө юу, эсвэл тухайн хүний сэтгэлийн хүчний нөлөө юү?
-Аль, аль нь нөлөөлдөг болов уу. Халатны нөлөө гэж ойлголт байдаг. Энэ юу вэ гэхээр хөдөө түргэн дуудсан хүн хоног өдрөөр эмч ирэхийг хүлээж шаналж, өвдөж байтал гэрийнх нь гадаа машин дуугарч, үүдээр нь цагаан халаттай хүн ороод ирэхтэй хамт тайвширч, нэг хэсэгтээ өвдөлт нь намдах тохиолдол байдаг. Эмчид итгэх итгэл үнэмшил ихийн хэрээр ингэх тохиолдол элбэг. Үүнтэй адил ганцхан Бурханы шашин ч биш, бусад шашинд итгэл үнэмшил нэмэгдэхийн хэрээр сэтгэлийн нөлөө хүчтэй болдог. Бөө мөргөлд хүчтэй итгэдэг хүн нэг сайн бөөлүүлснийхээ дараа “би сайхан боллоо” гэж цаанаасаа хүч байхгүй байлаа ч гэсэн өөрийнхөө итгэлийн төвшинд сэтгэлийн хүч нь нөлөөлдөг. Гэхдээ би Бурханы шашны хүн учраас цаана нь мөн номын хүч нөлөөлдөг гэж боддог.
-Та бол Бурханы номын хүч илүү гэж байна, тийм үү?
-Ид шидийн сонин дуудлага, авиаг урд хойно нь оруулж, тэр авиаг л хэлчих юм бол гайхалтай хүчтэй болчихно гэдэгт би ач холбогдол өгдөггүй. Ер нь бол “үгүй” ч гэж хэлдэг. Монголчууд номд мөргөх дуртай. Номд мөргөх сайн л даа. Гэхдээ энэ нь номыг эрхэмлэх, мэдлэгийг үнэлэх үнэлэмжийг сургах анхны дасгал. Үүн дээрээ ирээд зогсож болохгүй. Ном мөргүүлэх туйлын зорилготой эд мэдээж биш. Номын үнэ цэнэ доторх агуулгадаа байдаг. Тэгэхээр мянган удаа мөргөснөөс нэг удаа унших. Мянган удаа дуржигнатал уншсанаас нэг удаа ойлгох нь дээр. Мянган удаа ойлгосноос нэг удаа хэрэгжүүлж, дагаж мөрдөх нь чухал. Тэгэхээр номын хүч бол ид шидийн гэхээс илүү түүнийг ойлгож, хэрэгжүүлэх нь туйлын агуу хүчтэй гэсэн санаа. Тиймээс ном уншуулна гэдэг нь Бурханы шашинд агуулгыг нь бодуулах гэж байгаа хэрэг. Агуулгыг нь бодуулна гэдэг нь мөрдүүлэх л зорилготой.
БУРХАНЫ ШАШИН ГЭДЭГ БОДЛЫН, СЭТГЭЛИЙН СУРГУУЛЬ ЮМ
-Сүүлийн үед лам нар албан байгууллага, айлд очиж ном уншдаг болсон. Энэ нь бизнесийн чигтэй шашны менежмент үү. Эсвэл Бурханы шашныг гажуудуулсан үйлдэл үү?
-Гүрэм ном уншуулна, заслуулна гэж монголчууд ярьдаг. Энэ ойлголт бол Шри Ланкийн Буддизмаас эхлээд Японы буддизмд хүртэл байдаг. Тэр ч битгий хэл, Бурхан багшийн өөрийнх нь сургаалд ч байдаг. Хортон шавж, могойд хүн их хатгуулж байна, үүнийг яах вэ гэж лам нар Бурхан багшаас асууж. Бурхан багш нэг номыг унш, үүнийг унших үед хазах гээд амаа ангайсан могой хүртэл цаашаа явна гэж хэлсэн. Гэхдээ тухайн номын агуулга нь нигүүлсэнгүй сэтгэлийн сургаал л байж. Нигүүлслийг дадуулахын хэрээр хорлол багасна гэж Бурханы шашин үздэг. “Бяцхан Будда” гэж Холливудын кинон дээр Бурхан багшийн намтар хэсэгт гардаг даа. Жишээлбэл, үргэлж доромж муу үг аманд нь уяатай явахыг ер сайн биш гэж хэн ч хэлнэ биз. Энэ нь хэлээр үйлдэж буй нүгэл юм. Тэгвэл зөв сайн үгийг, тэр тусмаа Бурхан Багшийн номлолыг амаар хэлсэн төдийд ч хэлээр үйлдсэн зөв үйлдэл болно гэж Бурханы шашинтнууд итгэдэг. Нэгэнт зөв үйлдэл мөн бол аз жаргалын шалтгаан болох ёстой гэж мөн итгэнэ. Өөрөөр хэлбэл, зөв үйлдэл бүхэн аз жаргалын шалтгаан болдог.
-Тэгвэл заавал ламаар ном уншуулах биш, өөрөө ч уншиж болох юм биш үү гэж зарим хүн бодохоор юм байна?
-Болох биш, тэгвэл бүр сайн. Бурханы шашинд хүн өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлэх, бусдын үйлдэлд даган баясах гурав ижилхэн гэж үздэг. Тиймээс зарим хүмүүс Бурханы шашинтнууд амьтны амь хөнөөх нүгэл гээд малаа өөр хүнээр гаргуулаад өөрсдөө иддэг гэж шүүмжилдэг нь Бурханы шашны захын ном шагайж үзээгүй хүний үг. Ингэж өөрийн зоргоор алив шашныг төсөөлөхөөс салж илүү үнэн ойлголттой болохын тулд Шашин судлал байдаг. Бурханы шашны бүх наминчлалд “нүгэл хилэнцийг өөрөө үйлдсэн бол, бусдаар үйлдүүлсэн бол, бусдын хийснийг даган баяссан бол түүнийгээ наманчилъя” гэдэг. Өөрөө хийснээс бусдаар хийлгүүлэх нь бүр илүү ч хилэнцтэй. Сайн, муу аль ч үйл дээр хийх, хийлгүүлэх ижил тул Бурханы дээдийн номыг унших, сэтгэлдээ тунгаах эргэцүүлэх үйлийг өөрөө хийх, бусдаар хийлгэх нь ялгалгүй буянтай байдаг учраас лам хүнийг залж ном уншуулах нь өөрөө уншиж, бодсоноос ялгаагүй буян хураана гэж Бурханы шашин үздэг.
-Таны ярьснаас Бурханы номын хүч эргээд бодлын хүч болдог гэж ойлгож болох уу?
-Ер нь Бурханы шашин гэдэг бодлын, сэтгэлийн сургууль юм.
-Түрүүн та үйлийн үр гэж Бурханы шашны ойлголт гэлээ. Үйлийн үр гэж үнэхээр байдаг юм уу. Муу үйлдэл бүр муу үр дагавар авчирна гэвэл тэрийг нь үйлийн үр гэх үү?
-Үйлийн үр гэдэг нь Буддын шашны шүтэн барилдлага гэх онолын нэгээхэн хэсэг. Бидний хандлага, үйлдэл бүр тодорхой бодит үр дүн заавал авчирдаг гэсэн санаа л даа. Эндээс хүн үйлдлээ л хянах юм бол зөв хариу авна гэсэн логик гарч байна. Үйлийн үр нь нэг лам, бөө дээр очиж, эсвэл Бархман Эзэн гэдэг тэнгэрт итгэж байж л аврагдана гэж Бурханы шашин үздэггүй. Бүх зүйл үйлдлээс л хамаарна. Үйлдлээсээ хамаарч буй бол ямар үйлийг зөв гэх вэ, ямар үйлийг буруу гэх вэ гэвэл хэн нэгнийг хохироосон байна уу, эс хохироосон байна уу гэдгээс шалтгаална. Мөн сэдлээс хамаарна. Тиймээс усанд орох нь нүгэл гэж Бурханы номонд гарахгүй. Яаж ч тэгж гүтгэж болдог юм, лам хүний ёс суртахууны номуудад бол бүр заавал цэвэр цэмцгэр байх ёстой байдаг. Нэгэнт үйл шийддэг тул лам, эсвэл бөө, мундаг тэнгэрт итгэснээрээ биш, зөв л явснаараа аврагдана гэж үздэг.
НИЙТЭЭРЭЭ БУСДЫГ БОДДОГ ЗАРЧИМТАЙ БОЛОХ НЬ ХӨГЖЛИЙН ГАРЦ
-Ардчилалд шилжиж байгааг дагаж Христийн шашнаас эхлээд гаднын шашны олон урсгал Монголд нэвтэрч байна. Энэ нь цаашдаа улс орны хэмжээнд шашны мөргөлдөөн гарах эхлэл болох уу, эсвэл эв найртай зэрэгцэн орших уу?
-Үндэсний аюулгүй байдалд эрсдэл бий болгох уу, үгүй юү гэдгийг төрийнхөн л тунгаах ёстой байх. Би хувьдаа Христийн шашны урсгал орж ирсэн нь Монголын Бурханы шашинд эергээр нөлөөлсөн гэж боддог.
-Яагаад?
-Үнэнийг хэлэхэд, Монголын Бурханы шашин 60 жил хөлдөөгчинд хийсэн мах шиг байсан. Ингэж хэлж болдог юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Цаг үеэ ойлгоход, илүү идэвхтэй ажиллахад Христийн шашин нөлөөлсөн. Шашны ганцхан урсгал байж ирсэн бол яах ч байсан юм, мэдэхгүй. Өөр урсгалтай, харьцуулалтай болсноор Бурханы шашин юугаараа онцлог юм гэдгийг сүсэгтэн өөрөөсөө асуух боломжтой болсон. Энэ нь эргээд шашнаа судална гэсэн үг. Тиймээс би төрөөс Бурханы шашныг дэмжээч гэж гуйгаад, гомдоллох санаа огт байдаггүй.
-Та амьдралаа ламаас биш, ёс суртахуунаа асуу гэж хэлсэн байсан. Танаас эргээд монголчуудын ёс суртахуун ямар төвшинд байна вэ гэж асуумаар байна?
-Ёс суртахуунтай байхын тулд нэн тэргүүнд хүмүүс хэзээ ч давдаггүй зарчимтай болох хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар ч зүйл болсон “би үүнийг хэзээ ч хийхгүй” гэсэн зарчим суухгүй бол юу ч тохиолдлоо гэсэн “би тийм болоод тэгсэн ш дээ” гээд л сууж байна. Яагаад хулгай хийсэн бэ гэхэд, “би ядуу болоод л хулгай хийсэн” гэдэг тайлбар хэлдэг. Тэгэхээр нөхцөл байдал ямар байгаагаас үл хамаарч дагаж мөрдөх зарчимтай байх нь илүү үнэ цэнэтэй. Хүн болгон биш юмаа гэхэд дийлэнх нь ийм зарчимтай болмоор байна. Зарчимтай болгоно гээд төрийн хуулийг маш хатуу болгож шийддэг зүйл ч биш. Хүн хулгай хийхийг “за больё, баригдвал Эрүүгийн хуулийн төдийн, төдийн дагуу ял эдэлнэ” гэж тэвчихээс илүүтэйгээр “буруу шүү” гэж бодоод л хийдэггүй. Хулгай хийгээд дадсан хүн хууль хэчнээн чанга байсан ч хулгай хийдэг. Өнөөдөр Монголд ганцхан дээдсүүд хулгайлаад буй бус, төвшин төвшиндөө боломж боломжоороо хулгайлж байна. Хатуу байж магад, би тэгж л харж байна. Учир нь, дийлэнх олныг сэтгэлийг барьж байх ёстой итгэл үнэмшлээ бид гээчихсэн. Үүнээс салалгүйгээр нөгөө сайн цагийн мянган Бурхан бууж ирээд ч туслах боломжгүй гэдэг шиг, их мөнгө гэнэт орж ирлээ гээд, ямар мундаг хууль боловсрууллаа гээд нэмэргүй.
Би нийгэмд бүхэлд нь хүрч нөлөөлж чадах зүйл бол өнөөдөр Монголын нөхцөлд ганцхан Бурханы шашин гэж хардаг. Үүгээрээ би бүх хүнийг Буддист болгох санаа агуулаагүй. Мөн зөвхөн Бурхан шашинтан болж байж л хүн сая сайн хүн болдог гэж Бурханы шашин ч үздэггүй. Олонхид нөлөөлж чадах боломж, мөн ёс суртахууны үнэт сургаал хоёрын нийлбэр Буддизмд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ