Г.Маралмаа: Надад оноосон ял хүндэдсэн
-ТЭРБЭЭР ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ-
Энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс дөрвөн настай охиноо хойд эхтэй нь нийлж, удаа дараа зодож аминд нь хүрсэн хэрэгт дахин буруутган Т.Цогтыг цагдан хорих шийдвэр гарган баривчилжээ. Түүнийг дахин шүүх хурал болох хүртэлх хугацаанд оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр хорих 461-р ангид цагдан хорьсон байна.
Анхан шатны шүүхээс 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан Г.Маралмаа дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр гомдолдоо “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” байна хэмээн дурьдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас талийгаач охины төрсөн аавыг дахин цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа юм.
Г.Маралмаагийн гаргасан гомдлыг нийслэлийн Давж заалдах шатны шүүх хүлээн авч хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Мөн Т.Цогтыг цагаатгасан шүүхийн шийдвэр үндэслэлгүй, түүнийг төрсөн охиноо алаагүй гэх нотлох баримт хангалтгүй хэмээн үзсэн байна. Т.Цогт нь өмнөх шүүх хуралд охиноо тэлээгээр ороолгож, удаа дараа зодож байснаа хүлээн мэдүүлэг өгсөн байдаг.
Ц.МАНДАЛ: ТЭДНИЙ ДУНДААС ГАРСАН ОХИН Г.МАРАЛМААГИЙН ЭГЧ ДЭЭР БАЙДАГ
Хууль зүйн туслалцааны төвийн Баянзүрх дүүрэг дэх салбарын ахлах, улсын өмгөөлөгч Ц.Мандалаас дараахь тодруулгыг авлаа.
-Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болголоо. Таны үйлчлүүлэгч ямар гомдол гаргасан юм бэ?
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Г.Маралмаа болон хохирогч тал бас давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхийнхэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх рүү буцсан байсан. Анхан шатны шүүхээс хуучин гарсан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээгээд, Т.Цогтын ялыг хэрэгсэхгүй болгосон байсныг хэвээр үлдээсэн. Г.Маралмаа дахин анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх хэргийг дутуу хагас хэлэлцэж шийдвэрлэсэн байж болзошгүй, Т.Цогтыг хорьж шалгах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүх хурал болох хүртэлх хугацаанд хорих шийдвэр гаргасан. Тэрнээс биш хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан гэх зэргээр хэвлэлүүдийн бичсэн шиг шийдвэр гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дараагийн шүүх хуралд шүүх эмнэлгийн шинжээч нарыг байлгах шаардлагатай гэж шийдсэн.
-Шинээр үүссэн нөхцөл байдал гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү. Г.Маралмааг шинэ нотлох баримт гаргаж ирсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл бий?
-Тухайн хэрэг дээр нотлох баримт гаргаж ирсэн юм байхгүй. Шүүхийн процессын дагуу дээд шүүхээс буцаж, анхан шатны шүүх хурал болсон. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болоход нь би Г.Маралмааг өмгөөлж оролцсон. Сүүлд давж заалдах шатны шүүх хоёр сарын 9-ний өдөр болсон. Шүүхээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцсан. Шүүхээс Т.Цогтыг хорих шийд гаргасан гэсэн үг. Түүнээс биш шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн, нотлох баримт дэлгэсэн гэсэн зүйл байхгүй. Харин ялтан өөрийн эрхийн дагуу гомдол гаргаж, хуулийн дагуу хэргийг дахин шүүх болж байгаа л хэрэг.
-Г.Маралмааг өмнө нь өөр өмгөөлөгч өмгөөлж байсан байх аа?
-Өмнө нь Хувцагаан өмгөөлөгч өмгөөлж байсан. Өмгөөлөгчийн төлбөрийг дутуу хийсэн, бас өөрийнх нь санаанд хүртэл өмгөөлөөгүй юм шиг байна лээ. Гэхдээ би нарийн хэлж мэдэхгүй байна. Угаасаа их баян тарган хүмүүс биш. Мөн ах дүү, хамаатан садан гэх хүмүүс байхгүй. Тэр хоёрын дундаас гарсан охин Г.Маралмаагийн эгч дээр байдаг. Би хуулийн дагуу төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргийнхээ дагуу өмгөөлж байна.
-Таны үйлчлүүлэгч шүүхэд гомдол гаргахдаа “Би охиныг алаагүй” гэж бичсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Давж заалдахдаа алаагүй ч гээгүй л дээ. Хуулийг буруу хэрэглэсэн байна. Миний ял хатуу байна гэх зэргээр хүн яаж ч гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаж болно. Миний ял хүндэдлээ гэх шалтгаанаар хандсан. Энэ гомдлыг шүүх хэлэлцсэн. Бусад хэргийн болон хувь хүний нууцыг задруулах эрх надад байхгүй.
-Одоо Г.Маралмаа хаана хоригдож байгаа вэ?
-Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаа.
-Дараагийн шүүх хурлын тов гарсан уу?
-Одоогийн байдлаар гараагүй байгаа. Одоо давж заалдах шатны шүүхээс магадлал нь гарч, эдгээр зүйлүүдийг анхан шатны шүүхээр хэлэлц гэсэн магадлалын дагуу анхан шатны шүүх хэлэлцүүлэг явуулах юм.
-Анхан шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэрэгсэхгүй болгох болов уу. Таны бодлыг сонсъё?
-Тэрийг шүүх шийднэ. Би өмгөөлөгчийн хувьд тэр хүнийг аль болох хэргийн зүйлчлэл болон оноосон ялыг хөнгөлөхийг бодно. Одоо оноосон байгаа ялын жилээс аль болох олон жил хасуулах бодлого барина.
-Та өөртэй нь уулзаж байгаа юу?
-Уулзаж байгаа. Манайхаас 461-р ангид хуваарийн дагуу долоо хоногийн тав дахь өдөр болгон очиж ажилладаг.
-Бага насны хүүхэдтэй ялтанд оноосон ялыг хойшлуулах хуулийн заалт байдаг шүү дээ?
-Тийм. Бага насны хүүхэдтэй эцэг эх 18 нас хүрээгүй иргэнийг өмгөөлөх нөхцөл байдал болон ял хөнгөрүүлэх зэргийг Эрүүгийн хуулинд тодорхой заасан байдаг. Бага насны хүүхэдтэй байна гэдэг бол ял хөнгөрүүлэх шалтгаан мөн үү гэвэл мөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ