Хакухо Даваажаргал, Саяако Вада нар гэрлээд арван жил боллоо
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал эхнэр Саяако Вада нар гэрлээд арван жил болжээ. Өчигдөр хуримын арван жилийн ойн өдөр тохиосон бөгөөд Хакухо цахим хуудсандаа “Өнөөдөр гэрлэлтийн минь арван жилийн ой. Биднийг тусалж дэмжиж ирсэн та бүхэнд талархлаа” гэж бичсэн юм.
Аварга маань Японы сумо бөхийн жюүрёо зиндаанд барилдаж байхдаа эхнэртэйгээ танилцсан бөгөөд “Ёкозүна болчихоод Саяако нэвтрүүлэгч болоод намайг зурагтаа гаргаарай гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн гэж эхнэр Саяако нь анхны учраа дурсан ярьж байсан билээ. Мөн Хакухогийн цайлган цагаан сэтгэл, сумод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсанаа нуугаагүй юм.
Саяако Вада 1984 онд төрсөн, Токиогийн алдартай их сургууль Гакүшюүинг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Хосууд одоогоор гурван охин, нэг хүүтэй болоод байгаа.
Манай их аварга Хакухо Даваажаргал 800 гаруй жилийн түүхтэй сумод маш олон дээд амжилт тогтоосон. Үүнээс зарим томыг нь дурдвал дээд зиндаанд 37 буюу хамгийн олон удаа түрүүлж, хамгийн олон удаа нэг ч унаагүй түрүүлж, хоёр удаа зургаан башё дараалан түрүүлсэн, нэг жилийн 90 барилдаанаас хамгийн олон даваа авсан зэрэг орж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ