С.Ганбаатар: Би ерөнхийлөгч болмоор байна

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцлаа.

Сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил амжуулаад явна?

Гурван зүйл хийлээ. Нэгдүгээрт, 12 жил гэдэг арай дэндүү их давхичихаж. Хэсэг амжсхийж хань ижил үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөлөө. Энэ их чухал байлаа.

Өнгөрсөн найман сарын хугацаанд бичиг цаасны ажлаа цэгцэллээ. Уул уурхайн асуудлаар явуулсан бичиг цаас, ирүүлсэн хариу, судалгааны материал зэргүүдээ цэгцэллээ. Миний амьдралын 13 жилийн түүх л дээ. Нөгөө талаар уул уурхай дээр бид юун дээр алдаж байв, яавал дээр вэ гэдгийг эргэж харах маш том сургамж, түүхэн баримт юм. Үүгээрээ ном бичвэл худалдаж авах хүн олдохгүй л байх л даа. Ямар ч байсан түүхэнд хэрэгтэй олон хайрцаг материалуудаа эмхэлж, фэйсбүүк дээрээ нээлттэй тавьж эхэлж байна.

Бас 65-ын бүлгийг их тэвчээртэй харлаа. Юм л бол Ганбаатар зогсоолоо, харлууллаа гээд байдаг. Найман сар ч болтугай би чимээгүй байж ажиглая гэж бодсон. Бүх юм сайхан болчих байх гэж нэлээд харлаа. Гэвч маш хүнд байдалтай байна. Товчхондоо 65-ын бүлэг засаглах чадваргүй болчихсон байна.

Энэ удаад МАН илт давуу байдалтай УИХ-д гараад ирлээ. Үг дуугардаг гишүүн ч цөөхөн болчихсон юм шиг санагдаж байна? Зарим нэг нь С.Ганбаатарыг үгүйлж байх шиг?

Өмнө нь С.Ганбаатар болон түүний нөхөд үнэний төлөө зүтгэж байсан. Үнэнийг хэлээд боорлуулж байсан. Одоо бол үнэнийг хэлдэг хүн их цөөн байна. Тэд үнэнийг хэлэхээс айж байна.

Хэн ч алга гэж хэлбэл шударга бус хэрэг болно. Шударга гишүүд бий. Хамгийн эхлээд О.Баасанхүүг хэлмээр байна. Цогтой хүчтэй дуугарч байна. Тэр хүн ямар их боорлуулж байна аа. Чуулган дээр “Хүний олон хүнээ барьдаггүй юм шүү” гэж хэлж байна билээ. Монголчууд тэр хүнийг хайрлах ёстой.

Т.Аюурсайхан, С.Жавхлан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гээд шударга гишүүд байна. Гэвч шударгууд нь арай цөөдөөд байна. Дийлэнх олонх нь кнопчид болчихож. Анх намд оруулсан, УИХ-д нэр дэвшихэд нь тусалсан, хандив өгсөн, мөнгөний сүлжээгээрээ тусалсан гээд. Бүлэглэлүүд тэднийг барьцаалчихсан байгаа. Үүнээс болоод барьцаалагдсан төр, барьцаалагдсан улс төр болоод байгаа шүү дээ.

Анх намд оруулсан, УИХ-д нэр дэвшихэд нь тусалсан, хандив өгсөн, мөнгөний сүлжээгээрээ тусалсан гээд. Бүлэглэлүүд тэднийг барьцаалчихсан байгаа...

Өнөөдөр надад хамаагүй боловч Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэтийг иднэ гэдэг бидний ирээдүйг идэж байгаа явдал юм. Бид нийтээрээ ирээдүйнхээ өмнө өрөнд орж байна. Ямар ч хулгайч хүүхдээсээ, ирээдүйгээсээ хулгай хийдэггүй юм. Одоо эднийг харахаар хулгайч гэдэг нэр ч гоёдоно.

МАН сонгуулиар олон сайхан амлалт өгсөн. Гэвч байдал эсрэгээрээ байх шиг байна. Таны ажигласнаар Ардын нам ажлаа хийж чадаж байна уу?

Ардын нам амлалтандаа хүрч, ажлаа хийж чадахгүй байгаа учраас би маш хүчтэй тэмцэж эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан 60 тэрбум төгрөгийнхөө бялуугаа хэрүүл маргаангүй хуваах гэж хамаг цаг зав, энергиэ зарцууллаа. “Ардчилсан нам л энэ нүхэнд биднийг орууллаа” гэж өнөөдөр МАН чанга орилж байна. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд МАН өөрөө АН-тай цуг дуу аялаад алхаж байсан шүү дээ. Одоо тэд ганц АН-ыг буруутгаж хэлэх эрхгүй.

Намайг л попчин гээд байдаг байсан. Гэтэл өнгөрсөн найман сард МАН-ын хийсэн ажил нь жинхэнэ поп байсан. Малчдын тэтгэврийн хугацааг таван жилээр наашлуулна гэлээ. Тэтгэврийн насыг наашлуулахыг би дэмжиж байгаа. Гэхдээ хаанаас мөнгөө олохоо шийдчихээд ярих хэрэгтэй. Тэртээ тэргүй одоо ч даахгүй байгаа тэтгэврийн санг бүр хоослох нь байна.

Шөнийн эрчим хүчийг тэглэнэ гэж байгаа. Энийг хийх нь зөв. Гэхдээ тэглэснээрээ улсад очих татварын мөнгө багасна. Сургууль, цэцэрлэгт зарцуулах ёстой мөнгө байхгүй болно. Энэ мөнгөө яаж олох юм бэ? Олигархиудаас, оффшорчдоос авах мөнгөө авсан юм уу? Авчихсныхаа дараа энэ сайхан зүйлүүдээ ярьж болно.

Наанаа гоё гоё юм яриад байгаа ч цаанаа төсөв гурван их наядаар тасарчихаад байгаа. Энэ авцалдаагүй зүйлс чинь жинхэнэ популист зүйл юм.

Өнгөрсөн найман сард МАН ард иргэдэд таалагдах гэсэн, арга ядсан зүйлс их хийлээ. Баярын өдөр тэмдэглэх хууль баталлаа, уул нурууны нэр өөрчиллөө...

Өнгөрсөн найман сард МАН ард иргэдэд таалагдах гэсэн, арга ядсан зүйлс их хийлээ. Баярын өдөр тэмдэглэх хууль баталлаа, уул нурууны нэр өөрчиллөө. Үүнээс болоод улс орны эдийн засаг унаад байгаа юм биш шүү дээ.

Улс орны эдийн засаг яагаад унаад байгаа вэ гэвэл Оюутолгой, Тавантолгой Эрдэнэтийн баялаг дээр бүлэглэлүүд суучихаад байгаа учраас бид ядуу байгаа. Энэ асуудал руугаа орооч ээ. Би олон жил үүнийгээ ярьж байгаа. Тэд бүлэглэлүүдийн барьцаанд байгаа учраас юм хийсэн дүр үзүүлж байна.

Хямралаас гаръя гэвэл Тавантолгой, Оюутолгойг шууд зар

Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдана, гадаадаас дахиж мөнгө зээлнэ гэх мэт асуудал яригдаад байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?

Туркменистан манайх шиг ядраад, өрөнд ороод сандарсан. Тэгээд аргаа бараад газар нутгаа барьцаанд тавиад Хятадаас зээл авсан. Дараа нь зээлээ төлж чадахаа больсон. Өнгөрсөн жил Хятадын цэрэг тэр газар нутагт орсон.

Ийм байдал Монголд бүү давтагдаасай гэж бодож байна. Ийм юм битгий болоосой. Зээл гуйлга гуйж явахын оронд ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй. Хэрэв би Ерөнхий сайд байсан бол дэргэдээ төрийн өмчит алтны компани байгуулна. 1000 тонн алт ухахад л бид өрнөөс гарна. Бид уг нь балмагдаад байх шаардлагагүй.

Эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг хэрхэн харж байна вэ?

Нэгдүгээрт, Тавантолгойг шууд зар. Дэлхийн бирж дээр дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй. Энийг би долоон жилийн өмнө сонин дээр ярьж байсан. Тавантолгойн газар доор нь 7.4 тэрбум тонн нөөц бий. Зарим нь маш сайн чанартай коксжих нүүрс. Ботсвани, Австрали гээд бусад улсад ийм туршлага байдаг. Нэг тонн нүүрсийг 10 ам.доллараар зарахад л болно. Бирж дээр 20, 30 ам.доллар болно уу тэр шийдэгдэнэ. Доод тал нь 10 доллараар тооцоход 74 тэрбум ам.доллараар зарагдана. Зэс хайлуулах үйлдвэр, нефтийн үйлдвэр, усжуулалтын систем, бордооны систем гээд том төслүүдээ хийх хангалттай мөнгө. Хойд хөрш рүү урсаж байгаа усны 10 хувийг эргүүлээд татахад л Монголын говь ногоорно. Тэр хэдэн труба татах бол үсрээд л тэрбум доллар болно биз.

Гэтэл энэ 7.4 тэрбум тоннын нөөцөө 1.5 тэрбум ам.долларын өрөндөө бэлэглэх гээд байгааг би эсэргүүцэж байгаа. Энэ бол шууд эдийн засгийн гаргалгаа байгаа биз.

Ойлгомжгүй зүйл яриад л эхэлбэл наадуул чинь хулгайгаа хийгээд эхэлж байна гэсэн үг...

Хоёрдугаарт, Оюутолгойг бас зар. Оюутолгойн гэрээг байгуулж байхдаа 45 тэрбум ам.долларын ашиг Монголын талд орж ирнэ гэж хэлж байсан. Тэгвэл шууд Оюутолгойгоо 45 тэрбум ам.доллараар зарчих гэж би хэлж байсан. Их энгийн, ойлгомжтой тооцоо байгаа биз. Харин ойлгомжгүй зүйл яриад л эхэлбэл наадуул чинь хулгайгаа хийгээд эхэлж байна гэсэн үг.

Оюутолгойн баялаг 310 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Урсгал зардал гарлаа гэхэд 108 тэрбум ам.долларын ашиг олно гэсэн тооцоог тэд хийсэн. Тэгвэл тэрнээс нь 45-ийг нь л бид авчихад болох юм. Энэ Монгол орныг аврах төлөвлөгөө мөн байгаа биз?

Гуравдугаарт, алтны роялтиг яаралтай нэмэх хэрэгтэй. Кыргызийн Комптор гээд орд тэмцэл хийгээд маргаантай байгаа. Тэнд Центерра гоулд 17.3 хувийн роялти төлдөг. Тэрнийг нь нэмэх гээд тэмцээд байгаа. Энэ бол эдийн засгийн гаргалгаа. Энэ олсон мөнгөө боловсрол, эрүүл мэнддээ зарцуулъя. Үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлье. Мал аж ахуйгаа хөгжүүлье. Хангалттай хүрэх мөнгө.

Том төслүүдээ хөдөлгөе гэхээр тал талд өөр байр суурь гаргаж маргалдсаар байгаад зогсонги байдалд ороод байдаг юм шиг санагддаг?

Бие даасан шинжээчдийн дүгнэлт гаргах хэрэгтэй. Тэр дүгнэлтээ тойрч улстөрчид нь ярьдаг байх ёстой. Одоо яаж байна гэхээр улстөрчид төмөр зам хэлэлцэхээр бүгд төмөр замын инженерүүд, мал ярихаар бүгд малын эмч, эрүүгийн гэмт хэрэг ярихаар бүгд кримнилогист, бүгд цагдаа, эрүүл мэнд өвчин ярихаар бүгд эмч юм шиг яриад эхэлдэг. Энэ утгагүй тэнэглэлээ зогсоогоод тухайн салбарын бие даасан шинжээчдийн дүгнэлтийг гаргуулаад, тэр дүгнэлтээ тойрч улстөрчид нь ярих хэрэгтэй байгаа юм.

Оюутолгой дээр гэхэд л гэрээ байгуулж байсан нөхдүүд өөрсдийгөө уул уурхайн шинжээчид, гэрээний мэргэжилтэн гээд бодчихсон. Уг нь тэд бол ард түмний итгэлийг хүлээж хууль батлахаар сонгогдсон төрийн түшээ болохоос биш гэрээний мэргэжилтнүүд биш.

Энэ удаад чадахгүй ч би Ерөнхийлөгч болмоор байна

С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар маш их яригдаж байсан. Сүүлд гэхэд л МАХН-д элсээд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэх зэрэг мэдээлэл гарах болсон. Таны хувьд УИХ-д сонгогдож чадаагүй учраас боломж хаагдах шиг боллоо?

Н.Энхбаяр даргатай уулзсан, уулзах гэж байгаа ч гэх мэдээлэл их гарсан байна билээ. Би МАН, МАХН, АН-ын шударга удирдлагуудтай ойр ажилладаг. Тэдний нэг болох МАХН-ын удирдлага Н.Энхбаярыг би их хүндэлдэг. УИХ-ын сонгуулийн өмнө л нэг уулзсан, тэрнээс хойш уулзаагүй. Зарим намын шударга удирдлагуудтай намайг муудалцуулахын тулд аль нэг намаас шидсэн чулуу юм болов уу гэж харж байгаа.

Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч болж байж л Монголдоо хэрэгтэй, хүсэж мөрөөдөж байгаа санаануудаа хэрэгжүүлэх юм байна гээд олон жилийн өмнөөс нээлттэй ярьж байгаа. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна.

Гэвч УИХ-д сонгогдож чадаагүй учраас надад боломж байхгүй. Харин 2020, 2021, 2024 он гээд улс төрийн сонгуульд оролцох боломж надад бий.

Нэмж хэлэхэд, өнөөгийн буруу байдлыг зөв болгон засаж сайжруулахын төлөө нам харгалзахгүйгээр монголын шударга хүмүүстэй хамтарч тууштай зүтгэх болно.

Та Ерөнхийлөгчийн сонгууль болоход иргэний хувиар очиж саналаа өгнө байх. Аль намд өгөх вэ?

Өгөлгүй яахав. Ямар ч байсан МАНАН-гийн эсрэг намын нэр дэвшигчид саналаа өгнө.

Зөвхөн МАН болон АН-аас хоёр хүн нэр дэвшлээ гэж бодъё. Алийг нь сонгох вэ?

Маш хүнд асуулт байна. Тухайн үедээ бодно. Ямар ч байсан энэ хоёрт өгөхгүй. Гэхдээ яалт ч үгүй зөвхөн энэ хоёр намын хүн нэр дэвшвэл өөрөө дотроо бодож тунгааж, ойр дотныхонтойгоо зөвлөлдөж байгаад сонголтоо хийнэ.

Ямар ч байсан МАНАН-гийн эсрэг намын нэр дэвшигчид саналаа өгнө...

Сая АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсан. Тэр яагаад сонгогдсон бэ гэвэл Трампын өөрийнх нь дэвшүүлсэн нам нь хүртэл түүний эсрэг байлаа шүү дээ. Яг үүн шиг муу ч бай сайн ч бай МАНАН биш бол хүмүүс дэмжиж байна. Дэлхий дээр салхи сайн зүг рүү эргэчихсэн байна.

Хоёр гол намын дарга нар нь нэр дэвшлээ гэж бодъё. С.Эрдэнэ, М.Энхболд хоёрын хэнийг нь сонгох вэ?

Маш хэцүү сонголт байна. Арай ч тийм тэнэг байдалд Монголчууд орохгүй байх. Монголын заяа их ээ хө.

Салхи сайн зүг рүү эргэсэн, МАНАН-гийн эсрэг сонголт хийж байгаа гэлээ. Гэвч энэ удаагийн сонгуульд МАН бүр дангаараа шахуу гарч ирлээ шүү дээ? Босоо Ганбаа хүртэл уналаа.

МАН-ын 65-ын бүлэг надад их баярлаж ач санаж яваасай гэж боддог. АН-ын дарга З.Энхболд С.Ганбаатар гэж аймшигтай амьтнаас яаж салах вэ гэж бодож байгаад тойргоо жижигрүүлсэн. Бүр дөрвөн жил бодож, тагнуул цагдаагаар шалгуулж байгаад диплом аваагүйг нь хүртэл илрүүлж, надтай их тэмцсэн. Үүнээсээ болоод АН шургаж унасан. МАН бол АН-ыг ялсан биш, зүгээр л АН шургаад уначихсан учраас МАН түрүүлсэн төдий.

Би өөрөө удирдаж, өөрөө шинэ нам байгуулна

Хоёр бие даагч гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн сонгуулийн өмнө МАН-д эргээд орчихсон. Тэр явдалд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

Би хамт тэмцэж, хамт ажилаж явсан хүний талаар аль болох өөдрөг сайхнаар бодохыг хичээдэг. Хоёр нөхрөө МАН-д ороход нь би сүү өргөж сайхан сэтгэлээр үдэж өгсөн. Тэр хоёр маань яг яривал ардын намын л улсууд л даа. Буцаад намдаа орсон. Тэр хоёрыг би их хүндэлдэг. Тэр хоёр намдаа эргэж орсон ч их дайчин, шударга хэвээр байгаа.

Таны хувьд ч бас ХҮН-д элсэж, дарга нь болж, нэлээд асуудал үүссэн дээ?

Монгол орны бүх судалгаагаар номер нэг рейтингтэй улстөрч би байсан. Монгол Улсын Их Хурлын гишүүн хүн. Энэ бол ард түмний хүлээлгэсэн үүрэг хариуцлага. Шинэ залуу зөв хүмүүсийг улс төрд орж ирэхэд нь тусалж, дэмжиж, гишгүүр нь болъё гэж бодсон. Надад эрсдэлтэй байсан ч би дэмжсэн. Очоод 100 хувь дэмжигдээд намын дарга болсон. МАНАН-гийнхан ухаан алдсан. ХҮН-ын рейтинг өндөр байсан. Ингээд сонгуульд оролцоод бүлэг байгуулах хэмжээнд очиж, шинэ залуучуудыг улс төрд оруулна гэж сэтгэл гаргаж зүтгэсэн. Одоо ч гэсэн ХҮН-ын шударга залуустай холбоотой ажилладаг.

Би дахиад нам байгуулж, олон залуустай гар нийлж ажиллана. Намайг хэн ч зогсоохгүй...

Ингээд Монголын улс төрд цус сэлбэнэ гээд байж байтал Найдалаа гээд залуу гарч ирээд “Үгүй би дарга” гээд суугаад эхэлсэн. Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх гэхээр маргаан үүсчихсэн. МАНАН-гийн удирдлагууд Дээд шүүхтэй тохирчихсон байсан. Гурван удаа бүртгүүлэх гээд чадаагүй. “Надад даргын сэтэр хэрэггүй, та нартаа тус болох гэж байсан шүү. Гэвч тус биш ус болох шинжтэй. Найдалаа дарга болог. Намаа бүртгүүлээд сонгуульд ор” гээд нөгөөдүүлдээ хэлсэн. Гэвч Найдалаа намаа бүртгүүлээгүй, намын статусаар сонгуульд ороогүй. Гэхдээ бүтэлгүйтэх нь гол биш. Би дахиад нам байгуулна, дахиад олон залуустай гар нийлж, ажиллана. Намайг хэн ч зогсоохгүй.

Одоо танд ХҮН руу орох бодол бий юү. Эсвэл шинэ нам байгуулах юм уу?

ХҮН бол Найдалаа даргатай яваа. Найдалаагийн нам руу орох шаардлага байхгүй. Би өөрөө удирдаж, өөрөө шинэ нам байгуулна. Харин ХҮН-аас намайг дагах олон залуус байгаа байх.

Ойрын үед төлөвлөсөн ажил байна уу?

Монголын эдийн засгийг хүнд байдлаас гаргахын тулд Тавантолгойг заръя, алтны роялтиг нэмье гэх мэт түрүүнд ярьсан шат дараалсан алхмуудыг авч хэрэгжүүлэх зөвлөмжийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичгээр хүргүүлнэ. Монголын иргэний нийгмийн байгууллагууд, шударга намын гишүүд, намуудтай би уулзаж байна. Энэ бүхнийг нийлүүлж ард түмний реформ хөдөлгөөнийг өрнүүлнэ. Энэ дагуу Засгийн газар, УИХ-д шаардлага зөвлөмж хүргүүлнэ. Бид зүгээр шүүмжлээд байдаг улс биш. Бид ийм арга хэмжээ аваач ээ гэсэн гаргалгаануудыг танилцуулна. Энэ болгоныг үл ойшоогоод, мугуйдлан зүтгэх юм бол гуравдугаар сараас эхлээд талбай дээр жагсч, тайван замаар тэмцлийн арга хэмжээнд орно гэдгийг олон хөдөлгөөн, хүмүүстэй ойлголцоод бэлтгэл ажилдаа орчихсон явж байна.

Ямар хүмүүстэй нийлж тэмцлийн арга хэмжээнд орох вэ?

14-15 байгууллага нийлээд ажиллаж байна. Энэ хүмүүс, удирдлагуудтайгаа яриад иргэддээ нээлттэй мэдээллэнэ. Бид хамтын шийдвэр гаргадаг. Ерөнхий чиглэл байгаа ч цаашдаа яах вэ гэдгийг хамтаараа шийднэ. УИХ, Засгийн газар улс орноо авч явах чадамжгүй болчихоод байна.

Айлаас гуйлга гуйгаад, ОУВС хүрч ирээд тэтгэврээ тана, цалингаа хас, цомхотгол хий, татвараа нэм гэж дарамтлуулаад гөлөг шиг явдаг Засгийн газар байна гэдэг нь тусгаар тогтнолоо алдчихсан байна гэсэн үг шүү дээ. Гадны хүнээр бид ямар шийдвэр гаргахаа заалгана гэдэг бол тусгаар тогтнолын асуудал ярих болсон байна гэсэн үг. Ийм байдалд нийгмийн зүтгэлтэн гэж өөрийгөө үзэж байгаа бидзүгээр сууж болохгүй. Ард иргэд ч амиа бодоод зүгээр сууна гэж бодохгүй байна. Энэ бол талбай дээр төрчихсөн хэдэн хүмүүсийн асуудал гэж бодолгүйгээр өөрсдийн хувь заяаны асуудал гэж бодоод бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ