Хугацаа нь дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүдийг хураажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүтээгдэхүүний хаяг, шошго тодорхойгүй, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг өргөн хэрэглээний бараа худалдаалдаг захуудаас илрүүлжээ.

Шалгалтад худалдаа үйлчилгээний 82 аж ахуй нэгж, 226 худалдаа эрхлэгч хамрагдсанаас 265 зөрчил илрүүлсэн байна. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн 35 аж ахуй нэгж, иргэнд 6 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Шалгалтын явцад түгээмэл илэрч байсан зөрчлүүдэд худалдаачид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, гаралүүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг илрүүлжээ.

“Сар шинийн баяр дөхсөн учраас иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөн авдаг. Худалдаа хийхдээ хугацааг нь харалгүй авдаг. Тиймээс сар шинийн баярын худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг харж авахыг зөвлөж байна” гэж НМХГ-ын ХАБХААХ-ийн дарга Д.Энхбат хэлэв.

Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз, хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр худалдаалж байсныг илрүүлсэн байна.

Гэр аргаар хэвийн боов үйлдвэрлэн Гандангийн орчимд өөр аж ахуй нэгжийн нэр дээр савлан худалдаалж байсан Сүхбаатар дүүргийн иргэнийг илрүүлж зөрчлийг илрүүлэн ажилласан аж.

Шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 23 төрлийн 20.5 кг, 1055 ширхэг, 2 сая 324 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч, зөрчлийг арилгаж, эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна.

Зөвшөөрөлгүй худалдаалсан 13 нэр төрлийн 326 ширхэг, 609 мянган төгрөгийн тамхийг улсын орлогод оруулахаар, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалах хугацаа дууссан 93 нэр төрлийн 807 ширхэг, 229 кг, 2 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгахаар хураан авсан аж.

МХЕГ-ын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу энэ сарын 1-нээс хяналт, шалгалтыг хийж эхэлсэн байна.

Сар шинийн баярын өдрүүдэд НМХГ-аас иргэдийн санал, гомдол, хүсэлтийг шуурхай албаны 70128012 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ