Элчин сайд З.Батбаяр хана өрөмддөг хүү Ц.Очирхүүтэй уулзлаа

-ИРЭХ ЗУРГАДУГААР САРД ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД, ДАРАА НЬ
СУРГУУЛЬДАА ОРОХ БОЛОМЖТОЙ-

Өнгөрсөн аравдугаар сард уншигч та бүхэндээ бид хана өрөмдөж амьдралаа авч яваа 16 настай Ц.Очирхүүг танилцуулж байсан билээ. Түүний аав ээж хоёр өөд болсон тул сурахын хажуугаар аавынхаа үлдээсэн багажаар айлын хана өрөмдөж, тогтоох үйлчилгээ үзүүлэн орлого олдог. Одоо эгч, эгчийнхээ хоёр настай хүүхдийн хамт амьдардаг хүү цэцэрлэгт орох болоогүй бяцхан дүүгээ харуулахаар эгчийгээ ажлаас нь гаргаж, өөрөө ар гэрээ тэжээж байна.

Аавыгаа дагаж явсаар 10 настайгаасаа хойш хана өрөмдөж сурсан Ц.Очирхүү автын инженер болох мөрөөдөлтэй, энэ мөрөөдлөө дагаж Монгол-Солонгосын политехникийн коллежийн авто засвар инженерийн ангид суралцаж байна.

Ц.Очирхүү ачаалал ихтэй өдрүүдэд өглөө 08:30 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл хичээлдээ суугаад, 15:00 цагаас эхлэн ажилдаа гарна. Ингээд шөнийн 01:00 цаг хүртэл айлын гэрт хана өрөмдөж, зураг сэлт тогтоож явсаар гэртээ ирнэ. Ирээд даалгавраа хийгээд амарна. Дуудлага өгсөн хүн бүр хүүгээр бахархаж, басхүү хүүд туслахсан гэсэн хүслээр гэрт нь хүргэж өгнө, заримдаа авна, таксины мөнгө нэмж өгнө, таксинд суулгаж өгнө гэхчилэнгээр түүнийг дэмжиж, урам хайрладаг.

Ц.Очирхүүд сайн сайхныг хүсч, тус дэмээ хүргэх гэсэн олон хүн холбоо барьсны нэг нь Монгол улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд З.Батбаяр байв. Хүүгийн тухай өмнө нь дуулж, туслах боломж бий эсэхийг сураглаж байсан энэ эрхэмийн албан ёсны хүсэлтийг бид хүүд дамжуулан, тэд өнөөдрийг хүртэл хугацаанд Унгар болон Монгол улсаас зөвхөн утсаар харилцаж байв.

Элчин сайд Ц.Батбаяр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Унгар улсад 200 монгол оюутныг тэтгэлгээр суралцуулах тухай” асуудлаар Монголд ирээд байхдаа Ц.Очирхүүтэй анх удаа уулзлаа. Бид тэдний анхны уулзалт дээр очиж хүүг Унгарт суралцуулах ажил ямар шатанд яваа талаар тодрууллаа.

ochirhuu

-АЖЛЫН ДУУДЛАГА БАГАСЧ, ДОЛОО ХОНОГТ 2-3 ДУУДЛАГА Л ИРДЭГ БОЛСОН-

-Та хоёр анхныхаа уулзалтаар юун тухай ярилцаж байна вэ?

З.Батбаяр: -Ц.Очирхүүд би гадаад явах гэж байгаа хүнд аливаа бэрхшээл саад тохиолддог юм шүү гэж захиж сууна. Виз, эрүүл мэндийн даатгал, халаасны мөнгө, хоолны асуудлыг яах вэ гэдэг асуулт бий. Ерөнхийдөө Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиуд монгол оюутнуудыг сургалтын төлбөргүйгээр, оюутны байраар хангаад явж болно гэдэг хариу өгсөн байна. Гэтэл энэ бүхэн шийдэгдлээ гэхэд нэг том асуудал гарч ирж байгаа нь хэлний асуудал. Унгарын оюутнуудтай шууд хичээлдээ орчихвол хичээлээ ойлгохгүй асуудал гарна. Ингэхээр хэлний бэлтгэлд зайлшгүй суух хэрэг гарна. Тэр хэлний бэлтгэлд суулаа гэхэд багш нарын зардал мөнгөнөөс эхлээд асуудал бий. Бас нэг жижиг асуудал бол энэ хүүхдүүд маань хичнээн том болчихсон мэт боловч 18 нас хүрээгүй тул тодорхой заасан, зөвшөөрөгдсөн ажлуудыг хийх ёстой байдаг. Гэхдээ ийм саад байгаа ч амласны дагуу зорилгоо тавиад, Ц.Очирхүүгээ аваачих боломжтой гэж үзэж байгаа.

-Хэзээ явах товоо гаргасан уу?

З.Батбаяр: -Энэ зургадугаар сард Унгарт очиж, 2-3 сар хэлний бэлтгэлд явсны дараа ирэх есдүгээр сараас эхлэн сургуульдаа орох боломжтой гэж үзэж байна.

-Ц.Очирхүү хичээлийнхээ хажуугаар ажлаа хийдэг хэвээрээ юү?

Ц.Очирхүү: -Тийм ээ. Хичээлдээ явж байгаа. Одоо төгсөхөд 1.5 жил дутуу байна. Хичээлээ цалгардуулалгүй хийж байгаа хэвээр. Ажлын хувьд их багассан. Долоо хоногтоо 2-3 л дуудлага ирдэг болсон.

-Уг нь өдөрт 20-30 дуудлага авдаг байсан шүү дээ. Цаг зав чинь багассан юм уу?

Ц.Очирхүү: -Тийм ээ өдөртөө 20-30 дуудлага ирдэг байсан. Миний хувьд дуудлага бүрт очиж үйлчилж байгаа хэвээрээ. Гэхдээ өмнөх шиг олон дуудлага ирэхээ байсан.

ochirhuu

-УНГАРТ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ 200 ОЮУТНЫ АСУУДЛААР
МОНГОЛД ИРЭЭД БАЙНА-

-Та энэ хугацаанд Ц.Очирхүүг өөрийнх нь хүссэн мэргэжлээр суралцуулах сургууль хайх, ярилцаж тохирох ажлуудыг хийж байсан. Сургуулиа олсон уу?

З.Батбаяр: -Тийм ээ. Хөдөө аж ахуй дотроо автын механик чиглэлээр суралцуулахаар болсон. Энэ нь ч Монголд хэрэгтэй. Гэхдээ үүний хажуугаар хэрэв боломж гараад, сургууль болон Унгарын компаниудтай тохирвол ганц Ц.Очирхүүгээр хязгаарлагдахгүй 10-аас дээш хүүхдийг сургана. Ийм боломж гараад ирвэл хоёр Улсын Засгийн газар яриа, хэлэлцээр хийж болно. Өнөөдөр /2017.02.10/ тухайлбал, Унгарын тэтгэлэг зарлагдаж, 200 оюутныг сургахаар гэрээ зурагдсан байна. Үүн дээр нэмээд, хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн ажилтан бэлтгэх нь Европ технологийг Монголд авч ирэх гэсэн зорилготой.

-Та Монголдоо ямар ажлаар ирэв ээ? Гурав хоногийн хугацаатай ирсэн гэж сонссон...

-Элчин сайдууд Монголдоо ирэх ажил хааяа хааяа гарна. Гол нь Унгарт тэтгэлгээр суралцах 200 оюутны асуудлаар ирсэн. Энэ богино хугацаандаа Ц.Очирхүүтэйгээ уулзаж, ярилцъя гэж бодсон юм.

-Таны ярилцлага манай сайтад гарсны дараа Унгар улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгаа хүүхдүүд манай редакц руу утасдаж, тодруулж асууж байсныг дамжуулах нь зүйтэй болов уу. Хэлэлцээрийн шатанд явж байсан тэтгэлгийн асуудал эцэслэгдэж, тэтгэлэгт хөтөлбөр зарлагдчихлаа шүү дээ? /Дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзнэ үү /

-Тийм ээ. Тэтгэлэг зарлагдаж, бакалавр, магистр, докторын зэрэгт 200 хүн суралцах боломжтой болсон байна. Тиймээс Унгар улсад суралцах хүсэлтэй хүүхдүүд материалаа хүргүүлээд явах боломжтой. Тэтгэлгийн шалгаруулалт ил тод, шударга болох болно. Учир нь эцсийн шийдвэрийг Унгарын тэтгэлгийн хороо, тухайн оюутны суралцахыг хүсч байгаа сургууль хоёр шийднэ. Ерөнхийдөө ихэнх сургуулиудад англи хэлээр суралцах боломжтой, чиглэлийн хувьд инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг гэх мэт олон чиглэл бий. Тэтгэлгийн тухайд төлбөрөөс чөлөөлсөн, сарын стипендтэй, оюутны байр бэлэн, эрүүл мэндийн даатгалыг шийдэж өгсөн. Энэ нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд хамгийн том чухал асуудлуудын нэг юм. Ирэх хоёрдугаар сар гэхэд ямар 200 хүүхэд явах вэ гэдэг нь тодорхой болно.

ochirhuu

-ОЮУТНЫ БАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АСУУДЛЫГ
НЬ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Энэ зургадугаар сард Унгар руу явна гэвэл Ц.Очирхүү тулгамдаж байгаа зүйл юу байна вэ?

Ц.Очирхүү: -Одоо гадаад хэлээ л сайн сурах хэрэгтэй байна. Тийм болохоор бие дааж англи хэл судалж байгаа. Мөн нэмж хэлэхэд, сургуулийнхаа хажуугаар ажлаа сайн хийх л хэрэгтэй байна. Зөвхөн өрмийн ажлаар зогсохгүй өөр ажил байсан ч би хийж чадна аа. Тийм сонирхол их байгаа.

З.Батбаяр: -Ер нь залуусын хувьд зөвхөн Ц.Очирхүү гэлтгүй хэлнийхээ мэдлэгийг сайтар тэлж чадвал их боломж бий. Хэлтэй бол хөлтэй. Бид нэг хэсэг зөвхөн англи хэлтэй л бол бол оо гэж боддог байлаа. Гэтэл англи хэл дангаараа хэлний шаардлага хангахгүй болж хувираад байна. Орчин үеийн, өндөр соёлтой улсын иргэн болохын тулд хамгийн багадаа 2-3 хэлээр ярьдаг болжээ. Монголд унгар хэлээр ярьдаг, Унгар явах сонирхолтой залууст анхан шатны хичээл заах хүн байдаг болов уу? Байдаг бол одоо Унгар явах олон залууст хичээл заавал их хэрэгтэй. Тиймээс Ц.Очирхүүд гадаад явахад хэцүү зүйлс их бий, бэрхшээл ч олон тохиолдоно. Гэхдээ хэлээ сайн сураад, өөрөө сайн хичээх хэрэгтэй. Өмнөө тавьсан зорилготой байж, түүнийхээ төлөө хичээх ёстой гэж захих байна.

-Ц.Очирхүү унгар хэлээ судалж байгаа юу?

Ц.Очирхүү: -Унгар хэл судлах гээд хайсан боловч материалууд олдохгүй байсан. Тиймээс англи хэлдээ л төвлөрөн суралцаж байна.

-Зургадугаар сард явлаа гэвэл ирж, очих зардлаа өөрөө гаргах уу?

З.Батбаяр: -Тийм ээ. Өөрөө гаргана. Харин очоод бид ярьж буй хувилбараараа оюутны байр, эрүүл мэндийн даатгалын асуудлыг зохицуулна. Тээврийн зардлаас гадна хоол, халаасны мөнгөний асуудлыг хэрхэн стипендээр шийдэх вэ гэдэг асуудлыг ярьж байна. Одоо Хөгжим бүжгийн сургуулийн 20 гаруй хүүхэд Унгар улсад өөрсдийнхөө сургалтын төлбөрийг даагаад суралцаж байна. Байр, хоолных нь мөнгийг цаанаас гаргаад өгч байгаа ч гэлээ бас л стипендийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс би энэ асуудалд анхаарлаа хандуулан судалж байгаа.

ochirhuu

-УНГАРТ СУРАЛЦАЖ ИРЭЭД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ
ӨӨРИЙН КОМПАНИТАЙ БОЛНО-

-Зардлын мөнгөө хэрхэн олохоо төлөвлөсөн үү?

Ц.Очирхүү: -Ажиллаж байгаад л өөрөө олно гэсэн бодолтой байгаа.

-Одоогоор цуглуулж эхэлсэн мөнгө бий юү?

Ц.Очирхүү: -Дансандаа бага хэмжээний мөнгө цуглуулж байгаа. Ер нь ажил хийж эхэлснээсээ хойш багахан хэмжээний хуримтлал үүсгэж байсан юм. Гэр орондоо авах юмаа авчихаад л, үлдсэнийг нь цуглуулдаг.

-Явна гэсэн шийдвэрийг нь эмээ, өвөө, эгч нь хэрхэн хүлээж авсан бэ?

Ц.Очирхүү: -Бүгд маш их баяртай байгаа. Өвөө намайг харахаараа л уйлаад, маш их баярлаж байгаа.

-Хүн болгонд тохиогоод байхгүй аз шүү дээ. Тиймээс өөртөө том зорилго, хариуцлага тавьж байгаа байх?

Ц.Очирхүү: -Ямартай ч тэндээ итгэлийг нь алдалгүй маш сайн суралцах болно оо. Монголд хөдөө аж ахуйн салбар хөгжих бүрэн боломжтой учраас эндээ ирээд өөрийн гэсэн компани байгуулаад, тэндээ сурч ирсэн бүхнээ энд хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. (инээв. сурв)

З.Батбаяр: -Яг л ийм зорилго урдаа тавих хэрэгтэй. Унгар улс бол хөдөө аж ахуйн салбарт суралцах юм ихтэй улс. Сонирхуулахад, нэг үхрийн аж ахуйд Монголоос 2-3 малчин авахад татгалзах юм байхгүй. Гэр бүлийнхнийг нь малчнаар мөн авч ирээд, тэнд байгаа 220 үхрийг хариулаад, услаад байх ажил дээр монгол хүнийг ажиллуулвал бид их дуртай байх болно гэсэн санал тавьж байсан. Тэнд боломж их бий.

-Яагаад Ц.Очирхүүд туслахаар болов гэдэг асуултыг танд олон хүн тавьж байсан байх?

З.Батбаяр: -Нийгэмд дандаа л болж бүтэхгүй юм ярьж байхаар нэг ч гэсэн эерэг юм байгаасай гэж энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, уг нь бид зөв ашиглаж чадвал Монгол улсаас Унгар улсад очиж суралцангаа ажиллаад, тэр хугацаандаа тухайн улсын технологийг эзэмшиж болж байна. Ингээд 2-3 жилийн дараа залуус Монголдоо буцаж ирээд, тухайн технологиор өөрийн бизнесийг эхлүүлээсэй гэж хүссэн юм. Үүний нэг жишээ нь Ц.Очирхүү байгаасай.

ochirhuu

-Ц.ОЧИРХҮҮ ЗАРДЛЫН МӨНГӨӨ ЦУГЛУУЛАХ ДААЛГАВАРТАЙ ҮЛДЛЭЭ-

Ингээд бидний уулзалт дууслаа. Элчин сайд З.Батбаяр өнгөрсөн бямба гаригт Унгар улс руу буцаж, Ц.Очирхүү хэлээ сайн суралцаж, зардлын мөнгөө цуглуулах даалгавартай үлдэв.

Эргэн сануулахад, Ц.Очирхүүг цахим ертөнцөд анх танилцуулсан эрхэм Батбаяр Очирбат түүний аавтай 2012 онд танилцаж, ойр зуурын өрөмдлөг хийлгэснээр найзууд болжээ. Гэвч сүүлийн хэдэн сар яриагүй байгаад нэг ярихад нь 16 настай жаахан хүү нь утсыг нь авчээ. Хүү аав, ээжийнх нь аль аль нь нас барж, эгчтэйгээ хоёулаа үлдсэнийг дуулгаад “Өрөмдүүлэх ажил байвал би өрөмдөөд өгье” хэмээн хүнд багажаа ганцаар өргөн, гэрт нь ирээд буцжээ.

Ажил хийж, ар гэрээ тэжээгээгүй гэж хүүгийн үеийнхнийг муучлах аргагүй. Ээж, аавынхаа анхаарал халамж доор сурч боловсрохын төлөө “гүйж” явдаг насандаа Очирхүү маань аль хэдийнэ мэргэжлээ сонгон суралцаж, ажил хийгээд ар гэрийнхээ амьдралыг нуруундаа үүрч яваа юм.

Ц.Очирхүүгийн ярилцлагыг ЭНД ДАРЖ,

З.Батбаярын ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Та бүхэн Ц.Очирхүүд туслахыг хүсвэл 99234989 гэсэн дугаарт холбогдоно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ