Д.Оюунхорол: “Битгий ав” гээд гараараа хаах үед авсан зураг

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын ээлжит сенсаци буюу гитар тоглож байгаа зураг цахим орчинд тархаж, багагүй шүүмжлэл дагуулаад буй. Албан өрөөндөө архи уусан, уугаагүй гэж хэлэлцэж, нэгэнтээ ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүн олны нүдэн дээр элдэв үйлдэл гаргах нь үл хүндэтгэл хэмээн үзэж буй хүмүүс олон байгаа юм.

Харин БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсын төрийн далбаа болон МАН-ын туг бүхий өрөөнд гитар тоглож суугаа зургийн талаар дараах тайлбарыг өглөө. Тэрээр "Би өөрөө гайхаж л байна. Нэгдүгээрт, төрийн албан өрөө ерөөсөө биш. Би амьдралдаа худлаа хэлэхийг хүсдэггүй. 20 жил улстөрд явлаа. Ордны өрөө ч биш, яамны өрөө ч биш. Миний байгуулсан сургууль дээр, охиныхоо өрөөнд ороод сонгуулийн өмнө авахуулсан зураг. Архи дарс уусан үйлдэл болоогүй. Архи огт ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Ядарсан үедээ, чөлөөт цагаараа гитар тоглох дуртай. Надад олон ч гитарны цуглуулга байдаг. Гитар тоглож байхад зураг дарах гэхээр нь “Битгий ав” гээд гараараа хаах үед авсан зураг л даа. Би ямар хүн тавьсан, юу хийснийг нь бүгдийг нь мэдэж байгаа. Тэр хүндхүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна" гэсэн юм.

Одоогоос гурван жилийн өмнө Д.Оюунхоролын тоорцог өмсөж гитар барин дуулж байгаа зураг бас жиргээний гол сэдэв болж байсан удаатай. Тэрээр энэ зургийг Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ авахуулсан бололтой байдаг юм. Учир нь тухайн үед МАН-ынхан шинэчлэлийн Их хурлаа хийснээс хойш бүх аймгуудаар явж ард иргэдтэй уулзаж байсан бөгөөд энэ ажлын хүрээнд Д.Оюунхорол гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар баруун аймгуудад ажиллаж байсан үе гэнэ. Түүнийг гитар барин дуулж байх үед нь хэн нэгэн зургийг нь дарж, твиттер, фэйсбүүкээр тараасан ажээ.

Ер нь Д.Оюунхорол сайдыг гитартай дуулах хоббитой, үнэхээр ч сайхан дуулдаг тухай ойр дотныхон нь ярилцдаг. Бүр багаасаа гитар тоглож суран, сургуулийнхаа урлагийн үзлэгт гитартай дуулж оролцдог байжээ. Түүний хобби болсон гитарын сонирхол татахуйц цуглуулга гэрт нь чимэг нэмэн байдаг гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ