Уурхайн тэсэлгээнээс үүдэж газар хөдөлсөн гэх боломжгүй гэв

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн орд газрын ойролцоо гурван сарын зайтай 2.4-3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон нь олны анхаарлыг тийш хандуулах болов. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Тавантолгойн орд газрын ойролцоо буюу Цогтцэций сумын нутагт 2.4-3.5 магнитуд хүчтэй, 40-өөд чичирхийлэл мэдрэгдсэн. Тухайн үед 30 гаруй цаг мэдрэгдсэн чичирхийллээс үүдэж Цогтцэций суманд онц байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахад хүрч байв. Тэгвэл удаах газар хөдлөлт өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 2-ны өдрийн 22:20 цагийн орчим боллоо. 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үед барилга байшин нурж сүйдээд байхгүй ч тийм ч сулхан чичирхийлэл биш болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Тэр дундаа өдий хэмжээний газар хөдлөлтийн давтамж ойр ойрхон тохиож байгаа нь эрсдэл дагуулж буйг онцолсон. Хоёр удаагийн газар хөдлөлт хоёул Тавантолгойн орд газрын ойролцоо болсон нь олон нийтийн дунд газар хөдлөлтийн шалтгаан уурхайн тэсэлгээтэй холбоотой байх магадлалтай гэх ойлголт үүсгээд байна. Энэ тухай Одон орон, геофизикийн судалгааны төвийн мэргэжилтэн М.Өлзийбатаас тодруулахад “Уурхайн тэсэлгээнээс болж газар хөдлөлтийн давтамж ихэсч байгаа гэх боломжгүй.

Уурхайн тэсэлгээ өнгөн хөрсөнд хийгддэг учир чичирхийллийн давтамж, нөлөөлөл бага. Яахав, тэсэлгээнээс үүдэж өнгөн хөрсөнд бичил ан цав үүсэхийг үгүйсгэхгүй ч тектоник хавтангийн хөдөлгөөнд нөлөөлнө гэх баттай нотолгоо, судалгаа хийгдээгүй л байна. Ер нь, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой газар хөдлөлтийн идэвхжил үүсэх нь үүсдэг.

Тухайлбал, Мексикт уурхайн тэсэлгээнээс болж газар хөдлөлтийн голомт идэвхжсэн тохиолдол гарсан. Гэхдээ уг уурхай газарзүйн байрлалын хувьд эрт үүссэн газрын ан цав дээр байрлаж байсан юм билээ. Манай уурхайнуудын тухайд энэ талаар нарийн судалж шинжилсэн зүйл байхгүй” гэв.

Тэгвэл дөрөв хоногийн өмнө тохиосон газар хөдлөлтийн талаар Цогтцэций сумын иргэнээс тодруулахад “Орой 22:20 цагийн үед газар хүчтэй чичирхийлж, гэр бүхэлдээ найгаж байсан. Гэрийн мод харшилдан дуугарч, хананы ганц нэг үдээр тасарсан. Чичирхийлэл мэдрэгдээд удаагүй байтал уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоож, аврах ангийнхан ирж шуурхай хуралдаан хийсэн. Гэхдээ уурхай гэхээс илүү сумын төвд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн” гэсэн юм. Ямартай ч, албаны мэдээнээс үзэхэд газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй, барилга байшин нурж сүйдээгүй аж. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт (уртраг-48063, өргөрөг-105049) энэ сарын 2-ны өдрийн 22:18:37 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирсэн. Газар хөдлөлтийн голомт “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаас зүүн хойд зүгт, хоёр км зайд байсан” гэх мэдээлэл өгсөн юм.

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслийн төрөл, хүртээмж, хамрах хүрээ нэмэгдэхийн хэрээр нийгэм, олон нийтийн дунд газар хөдлөлтийн идэвхжил ихэсч байгаа мэт ойлголт үүсэх болсон бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээтэй ч холбоотой гэнэ. Одоогоос 10, 15 жилийн өмнөхтэй харьцуулахад аймаг, сум битгий хэл малчны хотноос интернэтэд холбогдох боломжтой болсноор аливаа мэдээллийн хүлээн авагчийн тоо олширсон. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар урьд нь 3.5-4.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт болоход тэр бүр мэдээлдэггүй байсан бөгөөд энэ хэмжээний газар хөдлөлтийн орчинд аюул учрах эрсдэл ч бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газар хөдлөлтөөс үүсч буй чичирхийлэл байшин барилга нураах хэмжээнд байдаггүй. Түүнээс гадна Өмнөговь аймгийн нутагт өдий дайны газар хөдлөлт цөөнгүй болдог бөгөөд сүүлийн жилүүдэд цахим ертөнцөөр байнга мэдээлж байгаагаас хүмүүст газар хөдлөлтийн идэвхжил ихэсч, давтамж нь олширсон мэт санагдах болсон аж.

Түүнчлэн, газар хөдлөлтийн талаарх эндүү ташаа ойлголт улс орны хөгжилтэй ч холбогддог аж. Жишээ нь, Даланзадгад хотыг одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулахад барилга байшин олширсон бөгөөд үүнийг дагаад хэчнээн өндөр барилга баригдана төдий чинээ газар хөдлөлтийн чичирхийлэл илүү мэдрэгддэг аж. 3.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт болоход гэрт байгаа хүмүүст бараг мэдрэгдэхгүй байхад таван давхар байшингийн оршин суугчдад илүүтэй мэдрэгддэг аж. Дээрх хоёр нөхцөлөөс шалтгаалж газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа мэт ойлголт төрүүлдэг юм байна.

Уурхайн тэсэлгээний хүчийг газар хөдлөлтийн хүчтэй харьцуулахад харьцангуй бага байдаг аж. Эрдэнэт, Багануурын уурхай л гэхэд хамгийн хүчтэй тэсэлгээ нь 3.2 магнитуд хүрдэг ба ийм хүчтэй газар хөдлөлт өдөрт хэдэн зуун удаа бүртгэгддэг төдийгүй хүнд мэдрэгдэх нь ч ховор байдаг аж. Гэхдээ дэлхий дахинд авч үзвэл ус ихээр ашигладаг уурхайнууд газар хөдлөлт үүсэх шалтгаан болох нь бий. Тухайлбал, гүний ус хэрэглэх, хэрэглэсэн саарал усаа газрын гүн рүү шахах зэрэг нь газар хөдлөлтийн идэвхжлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог аж. Ямартай ч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уурхайн тэсэлгээ, үйл ажиллагаанаас үүдэж газар хөдлөлтийн идэвхилт ихэсдэг эсэхийг хараахан судалж, шинжлээгүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ