Алан хядагчдын шинэ тактик жижиг улсуудыг онилж эхэлжээ
Алан хядагчдын “Буурай улсуудад барууны иргэдийг ангуучлах” шинэ арга барилын ээлжит золиос нь Баруун Африкийн Буркина Фасо улс боллоо. Тус улсын нийслэл Угадугуд байдаг цөөхөн дээд зэрэглэлийн зочид буудлын нэг “Сплендид” рүүзэвсэглэсэн бүлэг этгээдүүд дайрч, эзлэн авчээ. Энэ үед буудалд гадны 20 улсын 176 хүн байсан аж. Буркина Фасогийн цагдаа, хүчнийхэн Францын тусгай албатай хамжин бямба гарагийн орой гэхэд чөлөөлсөн ч алан хядагчид 27 хүний аминд хүрч амжжээ. 18 улсын 150 иргэнийг аварсан ч тэдний 33 нь шархадсан байна. Чөлөөлөх ажиллагааны үеэр таван алан хядагчийг устгажээ.
Гэрчүүдийн хэлснээр, алан хядагчид эхлээд буудлын доод талд байрлах “Cappuccino” кафед халдаж, дараа нь гудамжинд машин шатааж, агаарт хий буудан үймээн самуун үүсгэсэн аж. Дараа нь Сплендид буудлын нэгдүгээр давхрыг эзлэн авчээ. Зочид руу гал нээхдээ цагаан арьстай хүмүүсийг илүү онилж байсан гэнэ.
Халдлагын хариуцлагыг “Лалын Магрибын “Аль Каида”, “Аль Мурабитун” бүлэглэл өөртөө хүлээсэн. Дээрх бүлэглэл өнгөрсөн сарын 20-ны өдөр Малигийн нийслэл Бамако хотын “Радиссон Блү” зочид буудалд халдаж, 21 хүний амь хөнөөсөн хэргийг мөн үйлдэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ