Хуучин гар утас болон цахилгаан бараагаа хандивлахыг уриалж байна

“Токио-2020”зуны Олимп болон Паралимпын наадмын медалиудыг дахин боловсруулсан гар утсуудаар хийнэ.

Олимпын 5000 ширхэг медалийг хийхэд шаардлагатай хоёр тонн алт, мөнгө болон хүрлийг гаргаж авах ажилд тус дэм үзүүлэх үүднээс хуучин гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудаа хандивлахыг япончуудад уриалж байна.

Энэхүү төсөл нь тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжиж, Олимпын наадамд зарцуулах зардлыг бууруулна гэж Японы албаны хүмүүс үзжээ.

“Энэ төсөл нь Олимпын медалиудыг хийхэд хувь нэмрээ оруулах боломжийг Японы иргэн бүрт олгож байна” гэж “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Кожи Мүрофүши хэлэв.

Гар утас болон жижиг оврын цахилгаан бараануудыг цуглуулах хайрцаг савнуудыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Японы төрийн захиргааны байрууд болон гар утасны дэлгүүрүүдийн үүдэнд тавих аж.

Олимпын наадмыг зохион байгуулах хороо 2016 онд ийм санаачилга гарган засгийн газар болон компаниудад танилцуулж байсан юм.

Олимпын наадмыг зохион байгуулагч хотууд нь медаль хийх металлыг уул уурхайн компаниудаас худалдан авдаг ажээ.

Харин ашигт малтмалын нөөц багатай Япон улс Олимпын медалийг хаягдал цахилгаан бараанаас ялган авсан металлаар хийх санаагаа “тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих нэгэн алхам” гэж олон нийтэд сурталчилж байна.

Электрон хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах вэ?

Хог болгон хаясан ухаалаг гар утас, таблет зэрэг цахилгаан эд зүйлсийн дотор үнэт металл, газрын ховор элемэнтүүд, тухайлбал цагаан алт, паллади, алт, мөнгө, лити, кобальт болон никель зэрэг нь бага хэмжээгээр агуулагдаж байдаг гэнэ.

Харин автомашин болон гэрийн цахилгаан бараа, тухайлбал хөргөгч болон агааржуулагчинд төмөр, зэс, хар тугалга, цайр зэрэг үндсэн металлууд байдаг.

Дахин боловсруулалт хийдэг компаниуд хаягдал цахилгаан бараа болон үйлдвэрийн хог хаягдлыг олон тонноор нь худалдан авдаг аж.Дараа нь хаягдал эд зүйлсээс химийн урвалаар янз бүрийн металлуудыг ялган авдаг байна.

Хятад, Энэтхэг, Индонез зэрэг хөгжиж буй улсууд хаягдал цахилгаан бараанаас металлуудыг ялган авах ажлыг хийдэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ