Пирамид хэлбэрийн бизнес хийхийг хуулиараа хориглодог “Gtime” төсөл бол луйвар...

Сүлжээний бизнест орсон олон хүнтэй таарлаа бас ярилцлаа. Намайг ч оруулахыг тэд ятгаж оролдлоо. Сүүлдээ үл ойлголцол үүсч хэрэлдэж салав.

Хэдхэн хоногийн өмнө нэг найз бүсгүй утас цохиж байна “Байна уу найзаа уулзах хэрэг байна” гэлээ. Өдөр цаг товлож уулзав. Уулзангуут мэндийн зөрүүгүй “Жи тайм” гэдэг нэртэй сүлжээний бизнес төсөл ярилаа. Тэрбээр “Чи мөнгөтэй хүн вип ангилалд нь хоёр сая төгрөг төлөөд орчих, дөрөв хоногийн дараа мөнгөө 4 сая болгож авна. Би тэгж авсан. Хоёр сарын дараа 8000 доллартай болно” гэлээ. Би ч эсэргүүцэж “Өөрөө мөнгөтэй болж болдог юм байх, өрөөлийг хохироогоод юу гэх вэ, цэвэр луйвар гэдгийг олон ч хүн биеэрээ мэдэрч явна” гээд халгаасангүй. Нөгөө найз ч уурлаад явав. Удалгүй хоёр хоногийн дараа “Найзаа тэр чинь цэвэр луйвар юм байна аа. Чи яаж орчоогүй юм бэ. Би одоо ч мөнгөө олж авч чадаагүй, нөхөр уурлаад гэр бүл салах дээрээ тулж байна. Ёстой баларсан юм. Бүтэхгүй луйвар гэдгийг ойлголоо. Чи хүнд хууртваа” гэж утсаар ярьдаг юм даа. Ийм зүйл хаа сайгүй байна. Өр зээл тавин нэг их мөнгө өгөөд орчихдог. Гэтэл бизнесийг эхлүүлсэн дээр нь заларсан “толгой” нар баяжиж, доороос нь орсон иргэд хохироод үлдэж байгаа жишээ олон.

Тэгэхээр Монголд сүлжээний бизнес аалзны тор мэт хэрээ юу даа. Ямар сүлжээний бизнес хэрхэн яаж явагдаад байгааг нь бүрэн ойлгож амжаагүй байтал дараагийн сүлжээ нь гараад ирсэн иргэд энд тэнд ухуулга хийж, хүмүүсийн тархийг угааж мөнгийг нь хүүлэх бохир аргатай бүлэглэл бий болжээ. Бүр нэг бохир аргаар мөнгө ологсод олширч, жирийн борчуудын амьдралыг баллаж дууслаа. Хэн ч мөнгөө өсгөж, ашигтай ажиллахыг хүснэ. Хамгийн гол нь дараа нь гарах эрсдлийг нь тооцож чадахгүй байна. Иргэд өөрсдийн буруугаас болж хохироод байгааг яалтай билээ. Ер нь эдийн засаг хямарсан энэ үед мөнгөний гурвалжин үүсгэж айл өрх хямралаас гарна гэж юу гэсэн үг юм бэ. Бэлэн 2,2 сая төгрөг гаргаад сүлжээнд элсэх хүн хэр байгаа билээ. Эрүүл ухаанаар бодоод үзсэн ч энэ бол эрсдэлтэй бизнес.

Гэвч “мөнгө цагаан нүд улаан” гэгчээр мөнгөний үнэр авсан этгээдүүд ашиг олох зорилгоор бусдыг хохироож байгаа сэтгэлгүй хүмүүс. Тэд сүлжээний бизнесийг төвөггүй хийгээд сурсан бололтой. Хамгийн гол нь нэг сүлжээний бизнес эхлүүлж хаячихаад өөр нэг сүлжээ байгуулаад давхар давхар бусдыг хохироогоод яваад байгаад гол учир байгаа аж. Монголд Казахстанаас ядруулыг бууруулах зорилготой орж ирсэн “Gtime”, Японоос орж ирсэн “Оne cone” нэртэй хоёр сүлжээ байна. Дороо хүн элсүүлж, сүлжээ үүсгэдэг пирамид.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, зарим аж ахуйн нэгжүүд цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа өнөө үед хүмүүс сүлжээний луйврын өгөөш ийнхүү болсоор байна. Сүлжээний бизнес дотроо хоёр янз байдаг.

Нэгдүгээрт, бизнес нь бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактиктай. Тухайлбал Орифлейм, Хербалайф зэрэг сүлжээний бизнес.

Хоёрдугаарт, гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Үүнд “Gtime”, “Алтан өндөг”, “Баяндалай”, “Easy 1up, 1-9-90”, “Ерхөг” зэрэг сүлжээний бизнесүүд багтаж байна. Gtime нь Казахстаны ядуурлыг бууруулах төсөл явдаг бөгөөд манай улсад өнгөрсөн онд орж ирсэн. Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс манайхан хамгийн их хамрагддаг нь Үндсэн болон VIP хөтөлбөр бололтой. Үүнд 2,2 сая төгрөгөөр элсэнэ. Хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд нэгэн коммент хүчтэй давалгаалав.

Тухайлбал, Төрийн албаны хурган дарга доод албан тушаалтнаа “Gtime” нэртэй сүлжээнд элсээгүйн төлөө халсан явдал гарчээ. Учир нь хоёр сая төгрөгийн вип ангилалд элсэхийг санал болгоход нь тухайн ажилтан татгалзсан хариу өгчээ. Тэгэхээр нь ажлаас нь халсан гэх. Тэгвэл нэгэн иргэн “Gtime” сүлжээний талаар тооцоолол хийжээ.

Тэрбээр “Gtimed” орох гээд тооцоолол хийвэл юу гарсан гээч 2.2саяаар 32 хүнийг оруулахад 70 сая400.000 төгрөг энэ мөнгө хаачих вэ гэхээр Казакстан руу сул урсаж орох мөнгө юм. Яагаад 32 хүн гэхээр $8000 авахийн тулд 32 хүнийг огцом мөнгөжүүлэх нэрээр 2.2саяыг хүн бүрээс авч ядууруулж сэтгэл зүйгээр нь тоглож их мөнгө авсан реклам цацан барин байж олон хүнийг хоосруулан гуйлгачин болгож байгаа юм. Та 2.2саяаар орлоо гэхэд танд хүн олдохгүй бол таны нэр хүн шивж өгөхгүй бол таны мөнгө хаачих вэ. Танд эргүүлж өгөхгүй нь ойлгомжтой ингээд л та хохирох нь тэр шүү дээ. Тэгэхээр та өөрөө л орохгүй бол болох нь тэр. Тиймээс над руу битгий ярь хүмүүсээ. Залхаж байна ш дээ” гэж нүүр номондоо бичжээ. Нээрээ л дороо мөнгөтэй хүн олж оруулж, элсүүлж чадахгүй бол та хохироод таны мөнгө эргэж олдохгүй ийм л эрсдэлтэй бизнес болчихоод байгааг ойлгох хэрэгтэй.

ЦЕГ-аас “Монгол Улс хуулиараа пирамид хэлбэрийн бизнес хийхийг хориглодог. Gtime төсөл бол луйвар” хэмээн анхааруулаад байхад зээл тавин байж энэ сүлжээнд нэгдэн орж байгаа бол өөрөө л хохирохын цондон. Тиймээс ард иргэдээ сүлжээний бизнест битгий хууртаачээ. Цэвэр луйвар гэдгийг нь мэдээлсээр мэдсээр байж хохироод үлдэх юмаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ