“Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын импортлодог дуслын систем дотор үс байжээ
Дусал хийлгэхээр эмийн сангаас авсан системд нь үс байсан болохоор хэрэглэгч задалж хэрэглээгүй аж. Эрүүл мэндийн байгууллагад ажилдаг эмч, мэргэжилтэнээс дотроо үстэй системийн тухай тодруулбал “Болохгүй шүү. Битгий хэрэглэ. Эмийн санд нь буцаагаад аваачаад өг. Ямар аймар юм бэ. Үхэлд хүргэнэ шүү дээ” хэмээн хэлж байсан юм. Үс бол хамгийн их бактер агуулдаг. Ийм тохиолдолд системээр дамжуулж хүний цусанд бактер орж, аль нэг эрхтэнийг нь өвчлүүлэх цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг байна.
Хүний эрүүл мэнд гэдэг хэн нэгний хайхрамжгүй байдлаас үүдэн хохирох ёсгүй. Тиймээс эмийн сангаас худалдан авч байгаа зүү тариуртаа хянамгай хандаж байхыг иргэдэд сануулж байна.Харин энэ талаар тус компаниас тодруулахаар залгахад “Очиж үзнэ” гэсэн хариу өгсөн. Ирээд системийг үзэхдээ “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын импортын менежер Б.Төгөлдөр нь хагалж, доторх үсийг гаргахыг оролдсон. Ингэснээр өөрсдийгөө гэм буруутааг нуун дарагдуулахыг хүсэж байгаа илт байсан юм. Системийг буцаан авсны дараа үйл явдлын тухай тодруулахад “Манай байгууллага үйлдвэрлэж савладаггүй. БНХАУ-ын “Nanjing Joyful” үйлдвэрээс татаж эмийн сангуудад нийлүүлдэг” гэсэн юм.
Тус байгууллага нь 2015 онд 90 мянган дуслын систем импортлоод тэр ондоо бүгдийг нь эмийн сангуудаар тараасан гэж мэдэгдсэн. 2016 онд систем захиалж аваагүй гэдгийг ч мөн хэлж байлаа. Тэгэхээр одоо зарагдаж байгаа дуслын системүүд бол хоёр жил орчим хадгалагдаж байгаа юм. Дуслын системийг гурваас таван жилийн хугацаанд хадгалдаг. Хэдий хадгалах хугацаа нь хэвийн ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй хичнээн дуслын систем гадуур худалдаалагдаж байгааг таамаглах аргагүй юм. “Үстэй” системийн тухай МХЕГ-аас тодруулахад “Энэ талаар асууж, судлаад эргээд мэдээлэл өгнө” гэлээ.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ