СУРВАЛЖЛАГА: Бэлхийн аман дахь 5 км үргэлжлэх хонгил хоргодох байр байв уу, эсвэл...
Дамбадаржаагийн ойролцоо, Бэлхийн аманд ийм нэгэн хаягдсан байгууламж байна. Уулын орой дээр хааш хаашаагаа 200 метр газар хамарсан энэ байгууламжийн ил харагдаж буй хэсэг нь төмрөөр карказласан олон тооны нүх, цементэн байгууламжууд, доош орсон шат зэргээс бүрдэж байна. Шатаар доош орж харвал эвдэрч сүйдсэн үргэлжилсэн урт хонгил, тасалгаанууд харагдах бөгөөд ойр хавийн хүмүүсийн хэлж буйгаар энэ хонгил 5 км гаруй үргэлжилдэг байна.
Батлан хамгаалах салбарын мэргэжилтэн энэ хонгилын өрөө тасалгаатай байдал, байршил зэргээс нь хоргодох байр байх магадлалтай гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. 1980-1990 онд Монгол улсад хоргодох байр хэд хэдийг байгуулж байсан бөгөөд үүний нэг нь болох Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хоргодох байрны талаар бид өмнө та бүхэнд мэдээлж байсан. /#ff0000; font-size: medium; font-family: tahoma, arial, helvetica, sans-serif;">#ff0000;">ЭНД ДАРЖ уншина уу/ Тухайн үед Нийслэлийн томоохон албан байгууллага, төрийн чухал байгууллагуудыг хоргодох байртай болгож байсны нэг нь Төрийн ордны доор байрлах хоргодох байр юм. Энэ хоргодох байрыг өдгөө зориулалтын бус байдлаар ашигладаг гэх албан бус мэдээ бий.
Зөвхөн #c0c0c0;">нийслэл хотоор зогсохгүй аймаг бүрт 1-2 хоргодох байрыг ном журмын дагуу барьж байсан ч өдгөө нэгийг нь ч зориулалтаар нь ашиглаж, хамгаалдаггүй гэх. Иргэний хамгаалалтын зориулалтаар баригдсан хоргодох байруудаас Налайх дүүргийнхийг гэхэд химийн хорт бодис хадгалах агуулах болгон ашигладаг байжээ. Гэвч түүхэн цаг үеэр нь хөөж үзвэл Монгол улсад ийм хоргодох байрны шаардлага бий юу?
БНМАУ-ын үед манай улсын бодлого ЗХУ-ыг дагаж Хятадтай харилцаагаа таслан, Орос цэрэг Монголд орж ирэн манай улс маш их цэрэгжсэн бүс нутаг болж байв. Монгол улсын одоогийн төвийг сахих бодлого нь хэт нэг улсын талд орж, улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөс хамгаалсан гэж хэлж болно. Тухайн үед Америкийн цөмийн цохилт өгөх хотуудын жагсаалтанд социалист Монголын Улаанбаатар хот багтсан байсан тухай CNN агентлаг мэдээлж байсан удаа ч бий. АНУ-ын дропшот гэх төлөвлөгөөнд Москвагаас гадна Улаанбаатар хотын нэр бичигдсэн байсныг эх сурвалжууд гэрчилнэ. Иймд яах аргагүй ийм төрлийн хоргодох байруудыг нууцаар бэлдэж байсан байж болох. Үүний гэрч нь уулын орой дээрх ийм байгууламжууд зөвхөн Бэлхийн амны ойролцоо байх энэ хонгилоор зогсохгүй, хэд хэд байдгийг мэдэх биз ээ.
Гэхдээ энэ хоргодох байр нь иргэний хамгаалалтын зориулалтаар баригдсан гэхэд нийслэлээс нилээд зайдуу, уулын орой дээр байх бөгөөд ойр орчимд нь хэд хэдэн нуувчууд барьсан нь цэргийн нууц байгууламж байсан байх магадлалтай ажээ.
Уулын ойролцоо саяхан суурьшсан айлууд энэ байгууламжийн талаар дуулж байгаагүйгээ хэлж байлаа. Харин олон жил болсон хуучны оршин суугчид “Энд орос цэргийн локаторын анги байсан. 1990 онд орос иргэдийг гаргах үеэр хүмүүс том машинтай ирээд, доторхийг нь тоносоор дуусгасан. Газар доорх энэ хонгил 5 км хүртэл үргэлжлэх бөгөөд нөгөө үзүүр нь Улиастайд очиж дуусдаг” гэх аман яриаг бидэнд дэлгэсэн юм.
Цэргийн зориулалттай байр биш хоргодох байр байсан ч энэ байгууламжид дор хаяж хэдэн сарын хоол хүнс, агааржуулагч, техник хэрэгсэл, шаардлагатай эм тариа байсан нь лавтай.
-ХОРГОДОХ БАЙР БИШ ЛОКАТОРЫН АНГИ БАЙРЛАЖ БАЙВ УУ-
Олон жил энд амьдарсан оршин суугчдын үгээр энд Оросын локаторын анги байсан гэдэг ч бас оргүй биш бололтой. Энэ байршлаас холгүйхэн доор нь хуучнаар орос цэргийн анги байсан хоёр давхар улаан тоосгон байшин байна.
*Локаторын анги гэдэг нь зэвсэглэл, техникийн шинэчлэлийг агаарын цагийн байдлын мэдээлэл солилцох удирдлагын системийн автоматжуулалттай уялдуулан Монгол Улсын агаарын хил, орон зайн халдашгүй дархан байдалд тавих хяналтыг төгөлдөржүүлэх үүрэгтэй аж. Монгол улсад 1964 онд голдуу оюутан залуусаас бүрдсэн 065 дугаар анги буюу радио локатор, 028 буюу Зенит пуужингийн анги Улиастай хотод байгуулагдаж, нэгэн дор үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй.Харин 1969 онд БХЯ-ны сайдын тушаалаар тус хоёр ангийг нэгтгэн өргөжүүлж байжээ. Нөгөөтэйгүүр 1981 онд Хэнтий аймгийн төвийн ойролцоо Оросын локаторын анги байсныг ахмадууд дурсамжиндаа тэмдэглэн үлдээсэн нь бий.
Оршин суугчид хэлэхдээ 1980-аад он хүртэл энд оросууд байсан. Тэд доош бууж монголчуудад тамхи талх зэргийг зарж борлуулдаг байсан тухай дурсав.
Зөвлөлтийн цэргийн ангиуд Монголд дахин байрлах үеэр ерөнхий цэргийн 39 армийн штаб нь Улаанбаатар хотод байрлаж байсан бөгөөд түүний бүрэлдэхүүнд танкийн дивиз хоёр, мото буудлагын дивиз хоёр, тагнуулын бригад, зенит-пуужингийн бригад хоёр, радиотехникийн бригад, холбооны тусгай хороо, инженерийн хороо хоёр, десантын дайрагч батальон, радио-электроникийн батальон, нисдэг тэрэгний тусгай хороо, тусгай радио батальонтай байжээ.
Нөгөөтэйгүүр, 2008 онд Дамбаржаагийн эцэст байрлах цэгээс 100 мм-ийн их бууны цэнэгтэй сум хоёр, зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь Дамбадаржаа, Бэлх орчимд цэргийн зориулалттай байгууламжууд байсан гэдгийг нотлох бас нэгэн баримт билээ.
Гэвч 1992 он гэхэд бүх орос цэргүүдийг нутаг буцаажээ. Энэ үед цэргийн ангийн гарнизоны барилга, байгууламж, албан хаагчдын тосгон зэрэг нь бүгд ямар ч хамгаалалтгүй үлдсэн бөгөөд зарим тохиолдолд зэвсэг, техник үлдсэн байдаг. Эдгээр барилга байгууламжийг Монголын талд хүлээлгэн өгөлгүй шууд хаяж явсан бөгөөд цэргийн хаалттай бүсүүд байсан их хэмжээний газар нутаг гэмтэж, бохирдон байгаль-экологийн хувьд сүйрсэн байдалтай хэвээр байна.
-ХАРИУЦАХ ЭЗЭНГҮЙ БОЛ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛОХ НЬ-
Хоргодох байр, эсвэл цэргийн нууц байгууламжийн аль нь байсан эсэхээс үл хамаарч өдгөө энэ байгууламж эзэнгүй, харуул манаагүй, хэн дуртай нь орж гарсан хэвээр байна. Биднийг очиход байгууламжийн эргэн тойронд ихэвчлэн архи, пивоны шил хөглөрсөн, нүхүүдийг нь дээрээс нь тонгойж харвал мөн л энэ төрлийн хогоор дүүрсэн байлаа. Энд тэндгүй хагарч, бутарсан улаан тоосгонууд байх бөгөөд байгууламжийн гол хаалга цас, шороонд дарагдан орохын аргагүй болжээ.
Оршин суугчид энэ хавийн сургуулийн хүүхдүүдээс эхлээд архи дарс уух гэсэн хүмүүс ирээд байгаа тул ингэж битүүлсэн тухай тайлбарлалаа. Гэвч хажууханд нь доош ордог шат байгаа тул бүрэн аюулгүй болсон гэхэд хангалтгүй. Үдэш оройгоор газар мэдэхгүй хүн явахдаа эдгээр нүх рүү хөл алдаж орохыг үгүйсгэхгүй. Гэмт хэрэг үйлдэгчид ч энэ газрын байршлыг мэдвэл байр орон нь болох магадлалтай.
Дотор нь орвол хоёр тийш салсан хонгил байх бөгөөд аль аль нь 200-300 метр яваад бөглөгдсөн байдаг учраас сонирхох зүйл үгүй гэж тэд хэлж байв. Иймд Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах их сургууль энэ байгууламжид анхаарлаа хандуулж, жирийн иргэд нэвтрэх боломжгүй болгож хамгаалалтад авах, эсвэл ашиглагдахаасаа хэдийнэ өнгөрсөн энэ хонгилыг устгах ажлыг хиймээр байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ