О.Энх-Эрдэнэ: Урлаг миний ойрын зорилго биш

Авьяаслаг монголчууд 2016” шоуны ялагчаар тодорсон, өвөрмөц хоолой, даруухан төрхтэйО.Энх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр уг шоуны эхний шатанд Хойд Америкийн бүх цагийн үеийн шилдэг 100 дууны нэгдүгээрт багтдаг "Amarillo by Morning" дууг дуулж, олныг гайхашруулсан. Харин хагас шигшээ тоглолтод рок-н роллын хаан Элвис Преслигийн “Don't Be Cruel” дууг сонгон, охидыг хуйлруулсан оролцогчийн нэг болсон билээ.

-“Авьяаслаг монголчууд” шоунд орох шийдвэрийг анх хэрхэн гаргаж байв. Аав нь санал болгосон гэсэн үү?

-Аав надад санал тавиагүй. Харин ч аав маань намайг урлагийн амьдралаас хол байлгахыг хүсдэг. Намайг үеэл ах Ж.Мөнх-Эрдэнэ шоуны нээлттэй шалгаруулалтад бүртгүүлчихсэн байсан. Тухайн үед надад энэ жилийн шоунд оролцоно гэсэн бодол хараахан төрөөгүй байсан. Хэрвээ ах намайг бүртгүүлээгүй байсан бол оролцохгүй байсан болов уу. Сургуулиа төгсөх нь өнгөрсөн жилийн хувьд гол зорилго байсан.

-Хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ. Хүүхэд байхдаа дууны тэмцээнүүдэд хэр оролцдог байв?

-Хүүхэд байхдаа дуулдаг байсан. Тэмцээн, уралдаанд ч оролцдог байсан. Тухайн үед Эрдэнэт хотод болдог байсан сургуулийн хэмжээний дууны тэмцээнийг алгасахгүй очдог байлаа. Харин хоолойны өнгө өөрчлөгдөж, бүдүүрснээс хойш тэмцээнд оролцоогүй удсан.

-Шоуны эхний шатанд таныг “Amarillo by Morning” дууг дуулахад үзэгчид дуу алдан хүлээж авсан. Таныг тэгж магтаж, урамшуулна гэж төсөөлж байв уу?

-Би тэнд цугласан үзэгчид болон телевизээ үзээд сууж байгаа хүн бүрт өөрийгөө тэгж их таалагдана гэж огтхон ч төсөөлөөгүй. Яахав, тодорхой хугацааны бэлтгэл байсан учраас эхний шатандаа тэнцэнэ гэдэгтээ бол итгэлтэй байсан. Дараа нь youtube-д тавигдсан бичлэгээ үзээд өөртөө нэг л итгээгүй. Сүүлд өөрийгөө хараад боломжийн ч дуулчихсан юм уу гэж дотроо бодсон /Инээв/.

-Шүүгчид “Өөртөө тохирсон дууг сонгож дууллаа. Мэдрэмжтэй байна” гэдгийг онцолж байсан. Дууны сонголтоо яаж хийсэн бэ?

-“Amarillo by Morning” дууны хувьд миний сонголт зөв байсан гэж боддог. Би энэ дуунд их дуртай. Мөн тодорхой хугацаанд бэлдсэн учраас гүйцэтгэл сайн байсан болов уу. Хүмүүст ч их таалагдсан. Ер нь би сонголт хийхдээ маш сайн бодож, өөрт таалагдах, зөвийг нь олохыг хичээдэг. Эргээд бодоход миний өнгөрсөн амьдралдаа хийсэн сонголтууд бүгд зөв байсан.

-Одоо та Орхон аймагт амьдардаг юм байна. Уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа гэж сонссон. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу. Урлагийн хүн болох уу?

-Мэргэшиж байгаа мэргэжилдээ дуртай учраас цаашид түүгээрээ ажиллана. Мэргэжлээрээ ажиллана гэдэг бол хувь хүний хариуцлага гэж боддог. Би мэдээж урлагаа орхихгүй. Гэхдээ урлаг миний ойрын зорилго биш.

-Шоуны дараа уран бүтээлийн чиглэлд хамтран ажиллах санал хүлээж авсан болов уу?

-Эхний ээлжинд би сургуулиа төгсөх бодолтой байгаа.Үүний дараагаар чанартай уран бүтээл гаргана. Одоогоор надад ямар нэгэн студи, уран бүтээлчдээс хамтарч ажиллах албан ёсны санал ирээгүй л байна.

-Үнэхээр та дуулахгүй, уран бүтээл хийхгүй гэж үү. "Mонгол HD" телевиз шоуны шилдэг оролцогчдоо дэмжиж ажилладаг гэж ойлгосон?

-Би одоогоор уран бүтээл гэхээс илүүтэй сургуулиа төгсөхийг нэгдүгээрт тавьж байгаа. Тэгэхээр Улаанбаатарт биш Орхон аймагтаа амьдрах шаардлагатай. Мэдээж мэргэжил, сурсан сургуулийн диплом гэдэг бол хүний амьдралын баталгаа. Тийм учраас аав, ээжийн сайн хүүгийн үүргээ биелүүлж, сургуулиа төгсч, мэргэжилтэй болохыг чухалчилсан. "Монгол HD" надад кареараа үргэлжлүүлж, гадна дотны уран бүтээлчтэй хамтрах маш гайхалтай саналууд тавьсан. Гэхдээ миний хувьд хамгийн түрүүнд сургуулиа төгсөх маань чухал байгаа учраас тэр саналаас татгалзсан. Харамсалтай нь, телевизийн уран бүтээлчдийнхээ санал, зорилгыг хүлээж авч, хамтарч ажиллаж чадсангүй. Тиймээс яг ойрын хугацаанд шинэ дуу хийх, уран бүтээл гаргах төлөвлөгөөгүй байна.

-Та шоуны ялагч болохдоо 100 сая төгрөгөөр шагнуулсан. Нууц биш бол шагналынхаа мөнгийг юунд зарцуулах вэ?

-Сурч, хөдөлмөрлөхдөө л зориулах байх даа.

-Шоуны өмнөх О.Энх-Эрдэнэ, олны танил О.Энх-Эрдэнэ хоёрын ялгаа танд анзаарагдаж байна уу?

-Ялгаа нэг их байхгүй дээ. Олны танил болоод хариуцлагатай байх шаардлагатай л болсон.

-Таны сонсох дуртай хамтлаг, дуучин?

-Би бүх цаг үеийн сайхан дуунуудыг сонсох дуртай. Уран бүтээл бүр хүний сэтгэлээс гардаг зүйл учир би тэр нь ийм, энэ нь ийм гэж ялгах хэрэггүй гэж боддог.

-Хэнийг шүтэн биширдэг вэ?

-Урлагаас Френк Синатра, спортоос Н.Түвшинбаяр аваргыг шүтэж, биширдэг.

-Хайртай бүсгүйдээ зориулж дуу дуулдаг уу?

-Дуулж байсан. Зөндөө л дуулж байсан. Цаашдаа ч дуулах ч байх /Инээв/.

-Цаашдын зорилго, хийхийг хүссэн ажлын төлөвлөгөөнөөсөө сонирхуулж болох уу?

-Эхний ээлжинд боловсролдоо анхаарна. Цаашид яг юу болохыг одоо хэлэхэд хэцүү юм. Яг нарийн төлөвлөсөн зүйл байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ