Цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цөмийн энергийн салбарын өнөөгийн байдлын талаар” Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавын мэдээллийг сонслоо.
Улсын Их Хурлаас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль, мөн онд Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө” зэрэг хууль тогтоомж, бодлогын барим бичгүүд баталжээ. Эдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үүднээс 2008-2014 онд Засгийн газрын харьяанд Цөмийн энергийн газар, 2015 оноос Цөмийн энергийн комиссыг байгуулан ажиллаж ирсэн байна.
Улсын Их Хурлаас 2015 онд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, энэ чиглэлийн судалгааг хөгжүүлэх, цөмийн аюулгүй байдал болон цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг Цөмийн энергийн комисс, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбоотой олгогдсон бусад эрх, үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цөмийн энергийн салбарын хяналт, шалгалттай холбоотой асуудлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хариуцахаар хуульчилсан байна. Ийнхүү цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төв байгууллагаас хяналтын асуудал эрхэлсэн нэгжийг салгаж, цөмийн энергийн асуудал эрхэлсэн нэгжийг бие даасан хэлбэрээр хөгжүүлэх боломжтой болсон нь тогтолцооны хувьд зөв шийдэл бөгөөд цаашлаад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид заасан үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Мөн цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 2015-2016 онд 7 дүрэм, стандартыг комиссын хурлаар батлуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хэрэгжилтийг хангуулж байгаа. Хэд хэдэн журам, дүрмийн төслийг боловсруулж комиссын хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосны зэрэгцээ цацраг идэвхт ашигт малтмал олборлож байгаа орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, орд ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний стандарт загвар, нөхцөлийг боловсруулах, нөхөн сэргээлт, хяналт мониторинг, байгаль орчны шаардлагуудыг журамлах, холбогдох хууль тогтоомжид тусгуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Одоогоор манай улсад ураны 12 ордын хэмжээнд 180.7 мянган тонн геологийн нөөц бүртгэгдсэн байдаг агаад үүнээс 9 ордын нөөц нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаан хэлцэгдэж баталгаажсан байдаг аж. Харин улсын хэмжээнд цацраг идэвхт 12 ордын талбайд 7 компани үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн одоогоор Ашигт малтмал, газрын тосны газарт 9 аймгийн 28 сумын нутгийг хамарсан 14 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 33, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.68 хувийг эзэлж байгаа нь 2009 онтой харьцуулахад 3.3 дахин буурсан үзүүлэлт юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол гарснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож олон нийтэд зарлан дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн. Энэ ажлын явцад цацраг идэвхт ашигт малтмалын 169 талбайг ялгаж, одоогоор эдгээр талбайд бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоогүй байгаа аж. Иймээс дэлхий дахины цөмийн эрчим хүчний цаашдын хөгжлийн чиг хандлага, эрчим хүчний аюулгүй байдал, эрдэс баялгийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хамаарч улс орнуудын цөмийн эрчим хүчний бодлого өөрчлөгдөж, цацраг идэвхт ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл нь хүчинтэй, дуусгавар болсон, цуцлагдсан, буцаасан, улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий дээрх 169 талбайг бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайгаас ялгаж баталгаажуулан орд илрэх магадлал өндөр газруудад үндэсний болон стратегийн хөрөнгө оруулагч нартай хамтран геологи хайгуулын ажил гүйцэтгэх, тэдгээрийг ашиглах бодлого боловсруулах, ураны уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, ураны геологи хайгуул, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага тулгарч байгааг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга мэдээлэлдээ онцлов.
Мөн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэж орох, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахтай холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн ТУЗ-ийг цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд оролцдог төрийн болон төрийн бус байгууллага, хөндлөнгийн төлөөллийг оролцуулан ойрын хугацаанд байгуулж, компанийн өмнө тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэх, ашигт малтмалын хайгуул, судалгааны ажилд улсын төсвөөс жил бүр төлөвлөдөг зардлын 10-аас доошгүй хувийг цацраг идэвхт ашигт малтмалын эрдсийн хуримтлал бүхий талбайд гүйцэтгэх геологийн ажлын санхүүжилтэд зарцуулах эрх зүйн зохицуулалт бий болгох, цацраг идэвхт ашигт малтмалын эрдсийн хуримтлал бүхий 169 талбайг цөмийн энергийн талбайд ялган баталгаажуулж, тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгох ажлыг зохион байгуулах, Цөмийн энергийн комиссын харьяа изотоп конторын хадгалах байгууламжуудад хадгалагдаж байгаа цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материал болон цацраг идэвхт хаягдлын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг бүрэн хангах үүднээс эдгээр барилга байгууламжуудын дээврийн засвар болон бусад засвар үйлчилгээнд шаардагдах зардлыг төсвийн тодотголоор улсын төсөвт тусгах арга хэмжээ авах зэрэг саналуудыг тавьлаа.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ