П.Анужин: Хамгийн урт мацаг барьсан минь 30 хоногийн устай мацаг байсан
Өргөө “IMAX” кинотеатрын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө Монголын сор болсон эрхмүүдийг зочноор урьж, лекц зохион байгуулж буй. Энэ долоо хоногт судлаач, хөтлөгч П.Анужинг урьж “Шинэ эриний шинэ хандлага” сэдвээр лекц уншлаа. Бид түүний лекцийг уншигч танаа толилуулж байна..
-ОЮУТАН БОЛДОГ ЭХНИЙ ЖИЛЭЭ МАШ ХҮНД ӨВДӨЖ БАЙЛАА-
Дөнгөж сая МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр эгч “Амьдралаа би чамд хайртай” дуугаа дуулж, өнөөдөр миний лекцийг эхлүүллээ. Та бүхэн амьдралд хайртай биз дээ? Амьдралыг хайрлахыг залуус та бүхэн юу гэж ойлгодог вэ? Аливаа зүйлд хайртай юу? гэж асуухад “хайртай” гэж хариулах амархан. Чи ээждээ хайртай юу? “Хайртай” гээд хэн бүхэн хариулж чадна. Магадгүй бодохгүйгээр хариулдаг хариулт ч байж болох юм. Гэхдээ боддоггүй хариулдгаараа гэмтэй ч байж магадгүй гэж би боддог. Тэгэхээр амьдралыг хайрлах гэж юуг хэлдэг вэ гэсэн сэдвээс өнөөдрийнхөө яриаг эхэлье.
Аливаа зүйлд хандах хандлагын талаар залуустай сэтгэл, бодлоо хуваалцмаар санагддаг болсон. Өнөөдрийн лекцийн нэр нь ч “Шинэ эриний шинэ хандлага” шүү дээ. Хайрын тухайд би ямар өнцгөөс, хэрхэн хандах ёстой, энэ биеийг бид яаж хайрлах ёстой юм бэ. Биеэ хайрлах гэдэг ухагдахуунд юу багтдаг вэ? Таны ойлгож буй зүйл, миний ойлгож буй зүйл хоёрын өнцөг нэгдэж байгаа юм уу гэдгийг илүү нухацтай бодож ойлгомоор санагддаг.
Миний хувьд амьдралыг бодож, ойлгох хувь маш эрт тохиосонд баяртай байдаг. “Аливаа зовлон тохионо гэдэг аливаа хүнд бэрхшээл тохионо гэдэг хүнийг урагшлан дээшлүүлэхийн эх үндэс байдаг” гэдэг үгийг минь энд ишлэн тавьжээ. Хүнд тохиолдож буй хэцүү бүхнийг давж чадах юм бол, гэхдээ ухаалгаар тэсч гарч чадвал үүний дараа маш өндөр өсчихсөн байдаг гэдгийг би өөрийн амьдралаар туулж мэдсэн.
Өнөөдөр би та бүхэндээ уншиж мэдсэн зүйл гэхээсээ илүүтэй туулсан билгүүн гэж монголчуудын ярьдгаар үзэж туулсан үнэнээ ярья гэж бодлоо. Би оюутан болдог эхний жилээ маш хүнд өвдөж байлаа. Тухайн үеийн хувь зохиол, нөхцлөөр эмнэлгээс гарах үедээ амьдрах боломжгүй, хоёр сарын настай гэсэн мэдээ сонсож, оюутан ахуй цагаа эхлүүлж байлаа. Би тэр үед ясандаа тултал нэг зүйлийг ойлгосон. Намайг нэгдүгээр курсэд байхад нийгмийн тогтолцоо дөнгөж өөрчлөгдөж байсан, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, оношлогоо гээд олон зүйл одоогийнхтой харьцуулашгүй байлаа. Эмнэлэгт бүтэн нэг жил хэвтэх хугацаандаа аав ээжийгээ эмнэлгийн хүйтэн шалан дээр сонин шахуу дэвсүүлээд сахиулж, нэг жилийг ардаа үлдээсэн. Эмнэлэгт хэвтэхээс өмнөх хүүхэд насыг дүрслэн бодоход яг нэг л нисч байгаа шувуу шиг, огт бэртэж гэмтээгүй, өчүүхэн толбо суугаагүй, гэрэлтэй гэгээтэй байж. Бүжиглэдэг байсан болохоор юмыг их нарийн шүүдэг хүүхэд байлаа. Бүжгийн багш маань хүнийг хараад л богино хүзүүтэй юм, хөл нь богино гээд хамаагүй хэлдэг байв. Би ч багшийнхаа тэр зангаас авсан юм уу, их сургуульд ороод биеийн тамирын хичээл дээр хүмүүсийг их шүүмтгий харна. Гэтэл эмнэлэгт хэвтэж байхдаа...
-ТЭР ЭРҮҮЛ МОНГОЛ ОХИН НАДАД ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ БОДОХ УХААРАЛ ӨГСӨН-
Би Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд миний өрөөний цонх их сургуулиудын уулзвар руу хардаг байв.Тэр л өрөөнийхөө цонхоор хараад зогсож байсан есдүгээр сарын 1-ний өдрийг би хэзээ ч мартдаггүй. Өөрийнхөө хөлийг ч даахгүй мөртлөө цонхоор харж зогсоо миний нүдэнд эмнэлгийн цонхны доогуур алхаж өнгөрсөн охин туссан. Тэр охин орон нутгаас дөнгөж орж ирсэн болов уу гэмээр хацар нь улаа бутарсан, нилээд махлагдуу охин “сэв сэв” хийтэл алхаад өнгөрсөн. Тэгээд өөрийгөө өмнө нь ямар жижиг зүйлд ач холбогдол өгч, шүүдэг байгаа вэ гэсэн бодол гэнэт орж ирсэн. Өндөр, нам, тарган, туранхай, бүлтгэр, онигор гээд л... Энэ яг хэнд хэрэгтэй байв аа? Өнөөдөр эмнэлгийн энэ өрөөнд хөлөө даахгүй зогсож байгаа би, хүнээс эрс хамааралтай болсон би, нүдэнд нь гуниг хурсан би, тэр доор нүд нь гялалзаж, хацар нь улаа бутарсан охин бид хоёрын хэн нь илүү үнэ цэнэтэй, хэн нь илүү аз жаргалтай байна вэ? гэж өөрөөсөө асуусан. 17 насандаа олж авсан энэ ухаарлаас хойш амьдралыг үнэлэх үнэлэмж, амьдралд хандах хандлага маань үндсээрээ өөр болсон. Тэр эрүүл монгол охин надад хүний үнэ цэнийг бодох ухаарал өгсөн юм.
Хүмүүс өөрсдийн амьдралын үнэ цэнийг өөр өөрөөр тодорхойлдог байх. Миний хувьд хүний амьдрахуйн, оршихуйн үнэ цэнэ гэдгийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн үндсэн дээр тайлагдах утга учир гэж хэлнэ. Хэрвээ өнөөдөр таны амьдралд шийдэж чадахгүй байгаа зовлон байгаа бол гарах гарцгүй ч юм шиг бодогдоод байгаа бол хандлагаа нэг шинжээд үзээрэй гэж хэлэх гэсэн юм. Бид аливаа зүйлд хандах хандлагаа 21 дүгээр зуунд өөрчлөхгүй л бол тэр хүсээд байгаа их аз жаргал, хүсэл мөрөөдөл биднээс алсраад байдаг юм байна аа. Өнөөдөр яг энэ цагт Улаанбаатарчууд бид утааны тухай асуудлыг хамгийн их ярьж байна. Утаанд шаналахгүй хүн алга, шаналахгүй ээж гэж алга, шаналахгүй иргэн гэж алга. Мөн хордохгүй, хүртэхгүй байгаа хүн гэж алга. Дөнгөж төрсөн нярайнууд утааны асуудлаас болоод өвчтэй төрж байна гэж ээжүүд санаа зовниж байна. Би ч өөрөө нялх хүүхэдтэй хүн. Хүүхдээ хаана агаар салхинд гаргах билээ, яах билээ гэж бодож, шаналж яваа бас л нэг жирийн ээж. Гэхдээ улс орон утааны асуудлыг шийдээд жаргах хүртэл би юу хийж чадах вэ гэдгээ бодмоор юм шиг.
Утаагаа арилгаад нэг жарга юу гэж бодох энэ хандлага маань өөрөө гажуудалтай байж магадгүй. Танаас үл шалтгаалах энэ Улаанбаатарын утаанаас өмнө бид өөрсдийгөө илүү хордуулаад байгаа нэг зүйлийг хамтдаа энэ цаг мөчөөс бодоцгооё гэж уриалмаар байна. Энэ бол та бид өдөр тутамд өөрсдийнхөө ам руу өөрийн гараар халбагадан хийж байгаа хоол хүнс юм. Хоол хүнсний асуудлаас болж хүний эрүүл мэнд 70-80 хувь доройтдог. Өнөөдөр Монголын энэ нийгэмд эрүүл хоол хүнс, эрүүл мэндийн үндсэн суурийн талаар боловсрол төдийлөн сайн биш байна гэж харж байна.
-ЭСИЙН ДОТОРХИ УС ХЭДИЙ ЧИНЭЭ ИХ БАЙНА, ТӨДИЙ ЧИНЭЭ
ЗАЛУУ САЙХАН, ӨНГӨЛӨГ, ТОЛИГОР ХАРАГДДАГ-
Ус балгахаас эрүүл мэнд эхэлнэ. Сошиал ертөнцөд надаас хүмүүс “Чи яаж эрүүл байна, хурдан хэлж өг, гоё баймаар байна, эрүүл баймаар байна” гэдэг. Би хоол хүнс заадаг хүн биш ээ. Гэхдээ мацаг барьснаар бие хийгээд сэтгэл төгөлдөр болдог юм гэдгийг өөрийн биеэр үзсэн бөгөөд зорьж ирсэн хүн бүхэн нээлттэй зааж түгээж яваа эмэгтэй. “Арьсаа гоо сайхан байлгамаар байна”, “Хүүхдээ эрүүл байлгамаар байна” гэж бодож л байгаа бол уснаас эхэл. Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас гоо сайхан эхэлдэг. Ган гачиг их болвол газрын хөрс хатдаг, бороо орохгүй байж байгаад маш ихээр бороо орвол газрын хөрс хүлээж авч чадахгүй эвдэрдэг. Та бүхэн өөрийн биеийн эсийг яг үүнтэй зүйрлээд л бодчих. Хүний биеийг бүрдүүлдэг эсүүд гадна болон дотор гэсэн хоёр усаас бүрдэнэ. Эсийн доторхи ус хэдийчинээ их байна, төдий чинээ залуу сайхан, өнгөлөг, толигор харагддаг. Тиймээс нас явж байгаа тул би үрчийнэ гэдэг ойлголт ч асуудалтай. Эсээ усны дутагдалд бүү оруулаарай. Хүүхдүүдэд 30 минут тутамд нэг аяга ус уулгаад сургавал эрүүл мэндэд нь маш том өөрчлөлт гарна. Та өнөөдрөөс эхлэн долоо хоног усаа тогтмол уугаад үзээрэй, таны арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Ихэнх залуус усыг уухгүй байж байгаад гэнэт их хэмжээгээр нь залгилаад уучихдаг. Энэ нь эсийн доторхи усыг нөхдөггүй, зүгээр л шингэн болоод шээс болж үйлдвэрлэгдээд л гарчихдаг. Ашигтай ус болж чаддаггүй. Тэгэхээр арьс чийглэг эрүүл байхын үндэс нь биендээ шингээж уухыг хэлдэг. Үүнд цай ордоггүй. Цайг шингэн юм уусан гэж тооцоод байдаг, гэтэл цай нь хүнсэнд ордог. Тэр тусмаа хийцтэй цай, банштай цай зэргийг ууж хэрэглэдэг бид цайг хүнс гэж хэрэглэвэл зохино. Ямартай л, нялх хүүхдүүд “Өлсөөд байгааг минь мэддэг ч, цангаад байгааг минь мэдэхгүй юм даа” гэж боддог гэж настай хүмүүс ярьдаг байв. Хөхөө өгөөд л байдаг, түүнийгээ шингэн гэж андуурдаг. Гэтэл хөхний сүү гэдэг тэжээл, түүний хажуугаар ус өгөх хэрэгтэй.
-ХАМГИЙН ИХ УРТ МАЦАГ БАРЬСАН НЬ 30 ХОНОГИЙН УСТАЙ МАЦАГ БАЙСАН-
Мацгийн талаар ярьж өгөөч гэж олон хүн хүсэлт тавьдаг. Мацгийн яриа руу орохоос өмнө хоолыг сайн зажилж идэх тухай цөөн хором ярья. Хоолыг 70-80 удаа заажилж байж иддэг хүн бий юу. Их олон жил хоол хүнстэй холбоотой судалгаа хийгээд явахаар хүмүүсийг хоол ундаа хэрхэн идэж байна вэ гэдгийг анзаараад байдаг болчихдог юм. Их сайхан гунхсан хүүхэн удлаа гэхэд 20-30 секунд л зажилж байгаа харагддаг юм. Бултагануулж байгаад л залгичихдаг. Гэтэл ходоондоо араа шүдтэй хүн бий юу. “За яахав зарим хэсгийг нь буталж чадсангүй. Зарим хэсгийг нь ходоод буталчих биз” гэх хүн байхгүй шүү дээ. Тиймээс ходоодоо бид ямар их ачааллаж байна вэ, хугацаанаас нь өмнө ямар их элээж байна вэ гэдгийг та бүхэн минь бодоод үзээрэй. Эрүүл оршихуйн үндэс нь хоолыг маш сайн зажилж идэхээс эхэлдэг юм шүү. Бүр хичээгээд сайн зажилж, удаан идвэл цадах мэдрэмж хурдан төрдөг.
Мацгийг хуурай болон сонгодог гэж хоёр ялгана. Хуурай гэдэг нь ус ч уухгүй, юм ч идэхгүй байхыг хэлнэ. Нөгөөх нь зөвхөн ус уухыг л хэлдэг. Миний хувьд мацгийг хүнд өвдсөнөөс хойш нэг их удалгүй мацаг гэдэг энэ гайхамшигтай зүйлтэй учирч мацгийн талаар бичсэн номуудыг судалж, номоор дамжуулсан их багш нараар дамжуулан мацгийн зам мөрд орсон. Миний хувьд хамгийн их урт мацаг барьсан нь 30 хоногийн устай мацаг байсан. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх ёстой. Гэнэт л сууж байгаад 30 хоног мацаг барьчих юм биш шүү дээ. Мацаг гэдгийг би анх барихдаа 7 хоногт 24 цагийн мацаг барьж эхэлсэн. Номыг нь уншиж, нилээд судалгаатай хандаж эхэлж байлаа. Анхны 24 цагийн мацаг огт амар байгаагүй. Тухайн үед надад нэрлэгдэхгүй өвчин гэж байхгүй тийм л их харшилтай, өвчтэй, хүнд байсан учраас мэдээж амар байгаагүй. 24 цагийн мацгийг үдийн хоолноос үдийн хоол руу барих нь зохилтой байдаг. Өглөөний болон өдрийн хоолоо идсэн байна. Өнөөдрийн өдрийн хоол 14 цагт дууслаа гэж бодоход үүнээс хойш ус ууж эхэлнэ. Ингэхдээ өмнө хэлсэнчлэн 30 минут тутамд бүлээн усыг уугаад л байна. Ингээд маргааш өдрийн 14 цагаас хоол идэж эхэлнэ. Гэхдээ мацаг барих нь сүүлдээ амархан болж, бие хорноос чөлөөлөгдөж байгаа тул улам л хөнгөрнө. Мацаг барих амархан боловч мацгийг тайлах нь өөрөө их чухал. Мацгийг тайлах өдрөө өлссөн хүн баахан буруу хүнс идвэл мацаг барьснаасаа эсэн юм болдог. Мацаг тайлахуйн тухай ухааныг энд яривал миний хугацаа хүрэхгүй нь ээ. Иймд тайлахуйг би орхилоо.
Ингээд 7 хоногт 24 цаг барьж байсан мацгаа нилээд удаан барьсны эцэст 42 цаг болгож ахиулсан. Үүнийгээ их олон удаа барьж дадсаны дараа 72 цаг буюу гурван өдөр барих болсон. Энэ мэтээр гурван өдрийн мацгаа 5, тавыг 7, долоог 10, арвыг 15, 15-30 болгон ахиулж мацаг барьж байсан. Хаягдал үлдэгдэл бүх зүйл цэвэрлэгддэг учраас хүнд бас хүнд тусдаг. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ, яах вэ гэдгийг зөвлөх хүн танд байх ёстой, эсвэл ном байх ёстой. Ингэж байж мацгийг зөв барина. Энэ олон жилийн хугацаанд 30 хоногийн устай мацаг барьсныхаа үр дүнд би цоо эрүүл монгол хүн болж чадсан гэдгээ та бүхэнд хэлэх гэсэн юм. Өдөр тутамд ам руугаа халбагадаж хийж буй хоол тань эм болох уу, хор болох уу гэдэг нь таны гарт байдаг юм шүү. Хоолоо хэрхэн эм болгон найруулж идэх вэ гэдэг ухаанд бид суралцаж чадвал эрүүл мэндийн асуудал өөрөө гарт ороод ирнэ.
-“МАЦАГТАН МОНГОЛ” СУДАЛГАА ХИЙЖ, ОЛОН ХҮНД ТОЛИЛУУЛАХАД
БЭЛЭН БОЛООД БАЙНА-
Мацгийг биеэ эрүүлжүүлэхээс гадна өөр нэг маш чухал зорилготойгоор барьдаг. Мацгаар ирдэг нэгэн гайхамшигтай зүйл бол сэтгэлийн цэвэрлэгээ биеийн цэвэрлэгээтэй яг ижил хурдтай явагддаг. Мацаг барьснаар хүний оюун санаанд ер бусын их багтаамж, орон зай үүсдэг. Буддын шашны номтой хүмүүс мацаг удаан барьдаг. Тэд жин хасч, турах гээд хэрэг биш шүү дээ. Тэр номын ид шидийг өөрийн бие оюун санаанд шингээхүй. Тэр тэсвэр тэвчээр, тэр чадамжийг биедээ бий болгож байгаа байх нь.
30 хоногийн мацаг барьж байхдаа би нэгэн номыг уншиж байлаа. Дэлхийн шилдэг 108 сэтгэгчийн талаар бичсэн ном байв. Тэр номын үг, үсгүүд өнөөдөр намайг нүдээ анихад ч харагдаж байхаар тийм тод үлдсэн байна. Мацгийн гайхамшгийг би ингэж л хэлнэ. Нэгдүгээр курсад байнгын эм тариа хэрэглэдэг байхад миний санах ой маш муудсан байсан. Харин мацаг гэдэг гайхамшигтай учраад энэ бүхэн минь эргэн сэргэсэн.
Мацагтай учран золгохоос өмнө би бие минь өвдөх бүрт яаж ч өвдөж, зовж байсан эцэг эхийнхээ өмнө орохгүй юм шүү гэж өөртөө хатуу хэлж байсан. Хэдийгээр би эрүүл болох арга замаа мэдэхгүй байсан ч, атга атга эмийг өдөржин уудаг байсан ч нэг л зүйлийг хатуу ойлгосон. Залуус бид ээж ааваасаа маш их зүйлийг хүсдэг, шаарддаг, барьцдаг, уурладаг. Гэтэл энэ аав, ээжийг онож төрнө гэдэг хамтдаа урт удаан жаргахыг хэлдэг юм байна. Зөвхөн хүүхдүүд аав ээжийнхээ өмнө урт удаан амьдрах үүргээс гадна нөгөө талд аав ээж бид ч үр хүүхдийнхээ өмнө урт удаан амьдрах үүрэг хүлээх ёстой.
Сүүлийн үед би “Мацагтан Монгол” судалгаа хийж, олон хүнд толилуулахад бэлэн болоод байна. Мацаг барьснаар монгол хүний бие хийгээд сэтгэл хязгааргүй орон зайд оршиж, эрүүл хийгээд гайхамшгийг бүтээж, дэлхийн дайдад хүрч байсан байна гэдэг энэ ухааныг л сүүлийн олон жил судалж явна.
Монголын ардын үлгэр “Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай нэгэн хүү байжээ” гэж эхэлдэг. Монголчууд өнө эртнээсээ эрүүл мэндийн тухай маш өндөр ойлголттой хүмүүс. Эрүүл монгол хүний тухай гайхамшигтай тансаг, дээд ойлголттой хүмүүс. Эрүүл хүний нүд нь галтай, нүүрэнд нь цог асдаг. Энэ бол эрүүл хүнд л байх боломжит үзэсгэлэн юм. Эрүүл хүн байх нь эмнэлгийн тоног төхөөрөмж хөгжихөөс эхэлдэг юм биш, хоол хүнсийг тэжээл болгож, ухаалгаар хэрэглэхээс л эхэлдэг. Та бүхэн минь “Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай” байх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ