Ш.Алтанцэцэг: Энэ сар томуугийн дэгдэлтийн оргил үе болж байна

Амьсгалын замын цочмог халдвар томуугийн вирусын дэгдэлт, буруу эмчилгээ ямар аюул дагуулдаг зэрэг олон асуудлаар “Номун клиник” эмнэлгийн хүүхдийн их эмч, Клиникийн профессор, ОХУ-д хүүхдийн уушгины хатгалгаагаар нарийн мэргэжил эзэмшсэн эмч Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-ЭНЭ САР ТОМУУГИЙН ДЭГДЭЛТИЙН ОРГИЛ ҮЕ БОЛЖ БАЙНА-

-Сүүлийн саруудад томуугийн дэгдэлт нилээн газар авч байна. Ямар шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байна вэ. Ямар төрлийн вирусны гаралтай ханиад давамгайлж байна.

-Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн сарууд болох арван сараас эхлэн энэ сар хүртэл томуугийн дэгдэлт их байна. Энэ сарын хувьд бүр оргил үе дээрээ явж байна гэж хэлж болно. Хүүхдүүд маш их ирж байна. Дийлэнх нь хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай. Ер нь бүх бага насны хүүхдийг хамарч байна. 0-15 насны хүүхдүүд их тусч байна. сүүлийн үед том хүүхдүүд их хүнд ирж байна. Том хүүхдүүд ханиад хүнд тусдаг. Хүндрэл өгнө гэдэг нь амьсгалын замын өвчин хүндрээд, хатгалгаагаар өвчилсөн ирж байна гэсэн үг юм.

altantsetseg

-Хэдэн насны хүүхдүүд өртөмтгий байна вэ?

-Таван сараас эхлэн долоон нас хүртэл хүүхдүүд илүү их өвчилж байна. Өмнөх жилүүдэд том хүүхэд өвчлөх нь бага байсан бол энэ жилийн хувьд том хүүхдүүд нилээн их ирж байна. Энэ ханиадны вирус зүсээ маш олон хувиргаж өөрчилдөг. Томуугийн вирус нь батлагдсан тоогоор 400 гаруй байдаг гэсэн тоо байдаг. Сүүлийн жилүүдэд А болон В хүрээний рионо, рото, интер, адино зэрэг нэр төрлийн вирус хамгийн их давамгайлж байна. Эдгээр вирусууд нь тус тусдаа өвчин үүсгэгч чадалтай юм. Эдгээр вирусээр өвчлөх юм бол амьсгалын зам болон нүдийг гэмтээнэ. Мөн гэдсийг гэмтээдэг.

-Вирусын гаралтай ханиадаар өвчилсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрдэг вэ?

-Хүүхдүүд вирусээр, томуу болон томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдолд хамгийн анхны шинж тэмдэг бол өндөр халуурна. Мөн хавсарсан тохиолдол байдаг. Энэ нь амьсгалын зам гэмтсэн болон гэдсийг гэмтээсэн тохиолдолд давхар гүйлгэнэ. Хоолой залгиур маш их улайлт өгч, хордлогын шинж тэмдэг өгнө. Ингэснээрээ халуурах шинж тэмдэг эм өгөөд ч буудаггүй. 4-5 хоног халуурч байгаад халуун буусныхаа дараа тасралтгүй бөгшүүлээд ханиалгаж эхэлдэг. Ингэж тасралтгүй ханиалгаад эхлэхээр цаашаа даамжраад амьсгалын замыг өвчлүүлээд эхэлдэг. Энэ амьсгалын дээд зам гэмтээд эхлэхээр уушги гэмтэнэ, гэдэс, нүд гэмтээд ирдэг. Гэмтээд ирэхээрээ нүд улайгаад нуухдана, маш их шингэн алдаж гүйлгэнэ. Өдөрт 4-өөс дээш удаа гүйлгэвэл вирусны суулгалт гэж үздэг.

-Хатгаа гэж оношлогдсон тохиолдолд дээрх шинж тэмдэгүүд хавсарч илэрдэг шүү дээ?

-Тийм. Энэ вирусны томуугаар өвдсөн хүүхдүүд эхнийхээ 3-4 хоногт зөв арга хэмжээ авахгүй бол цаашаа хүндрэл өгөөд эхэлдэг юм. Энэ нь хатгаа болоод байдаг. Ялангуяа харшлын гаралтай ханиад хүрсэн астам маягийн цээж нь шуугисан, харшил өгөөд байдаг хүүхдүүд бүр илүү хүнд тусдаг. Тэр үед хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ гэхээр эхний үед халуурч, хоолой залгиур улаагаад, халуураад хордлогын шинж тэмдэг өгөөд эхэлдэг. Энэ шинж тэмдэг дээр харшилтай хүүхдүүд амьсгаа өндөр болох нь элбэг байдаг. Түүнчлэн амьсгал нь шуугина, цээж нь хэржигнэнэ, хамар тагларна, мөн өндөр халуурна халуун буухгүй байх жишээтэй. Вирусээр өвчилсөн юм чинь тухайн вирусийг гадагшлуулахгүй бол халуун буухгүй гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол маш зөв байх хэрэгтэй.

altantsetseg

-СҮҮЛИЙН ҮЕД ПАРАЦЕТАМОЛЫН ХОРДЛОГО БИЙ БОЛСОН-

-Хамгийн эхлээд өвчилсөн хүүхдэд авах арга хэмжээ юу байдаг вэ?

-Эцэг эхчүүд миний хүүхэд вирусын гаралтай томуугаар өвчилсөн байна гэдгийг мэдэх юм бол хамгийн түрүүнд халуун бүлээн шингэн уулгах хэрэгтэй. Ингэж шээс их ялгаруулвал сайн. Мөн сайн хооллох хэрэгтэй. Дараа нь хүүхдийн халууныг яаралтай буулгана. Халуун буулгаж байна гээд ээж нар их хэмжээний парацетамол өгөөд байдаг. Гэтэл сүүлийн үед парацетамолын хордлого гэж бий болоод байна. Энэ хордлого нь ханиаднаасаа илүү аюултай юм. Тийм учраас сүүлийн үед бид халуун бууруулах эмчилгээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөснөөр нурофен болон ибопрофений төрлийн эмүүдийг хэрэглэж байна. Харин бага сартай хүүхдэд параденкийн лаа хэрэглэж байгаа. Одоогийн байдлаар нурофен болон ибопрофенийг хавсарч хэрэглэн халуун бууруулах арга хэмжээ авч байна. Энэ аргыг гэрийн нөхцөлд ч хэрэглэж болно. Хамгийн гол нь тунг нь тааруулах хэрэгтэй.

-Вирусын гаралтай ханиадаар өвчилсөн хүүхдийг хурдан амар аргаар дарах гэж шууд хамгийн түрүүнд антибиотик өгч, тухайн хүүхдийг улам хүндрүүлэх тохиолдол их байна уу?

-Энэ тохиолдол маш их гарч байна. Энэ вирусны гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй шүү дээ. Манай эцэг эхчүүдийн хамгийн гол алдаа бол хүүхдийг ханиагаад эхлэхээр эмчийн зааваргүй антибиотик өгдөг. Энэ бол хамгийн буруу. Антибиотик уусан хүүхдийн дархлаа улам сулраад, тухайн вирусыг улам идэвхжүүлнэ. Тиймээс эхэлж байгаа ханиаданд хүчтэй антибиотик өглөө гээд эдгэрэхгүй. Антибиотик өгөх тохиолдол байдаг. Ингэхдээ нилээн хожуу хүндэрсэн үед хэрэглэх хэрэгтэй. Эхний 3-4 хоногт ямар ч антибиотикийн төрлийн эм өгөхгүй. Юу өгөх вэ гэхээр шингэн сайн уулгана, сайн хооллоно, вирусын гаралтай анхан шатны эм өгнө.

-Антибиотик өгч хүндрүүлсэн үедээ эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэхэд дараагийн эмчилгээ үйлчлэх нөлөө нь бага байна гэж ойлгох хэрэгтэй байх?

-Тийм. Антибиотик хүүхдэд өгснөөр вирус идэвхжээд, бактери авах нь ихсээд, эсэргүүцэх ямар ч чадваргүй болгодог. Ер нь хүүхэд халуурч байна гэдэг нь тухайн вирустайгаа бие организм нь тэмцэж байна гэсэн үг шүү дээ. Тэр эсэргүүцлийг антибиотик өгснөөр бууруулдаг. Ингэснээр ямар ч биеийн эсэргүүцэх чадваргүй болгож хүндрүүлэх эрсдэл бий болгож байна гэсэн үг.

altantsetseg

-СУПРАКС УУСАН ХҮҮХДЭД ХҮЧТЭЙ ТАРИА ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА-

-Зарим эмнэлэг их хэмжээний эм болон антибиотик бичиж өгч байна шүү дээ?

-Үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн дэвтрийг харахаар зарим эмч нар шууд антибиотик бичиж өгсөн харагддаг. Энэ тогтолцоо нь буруу байгаа нь үнэн. Залуу эмч нар их байна. Эдгээр эмч нар үзүүлсэн хүүхдүүд нь хүндэрч магадгүй гэж айгаад маш хүчтэй эм бичиж өгч байна. Супракс гээд эмийг ихээр бичсэн байдаг. Энэ эмийг уугаад эдгэрээгүй хүндэрч ирсэн хүүхдэд энд ирээд хүчтэй тариа тарихад үйлчлэхгүй байна. Супракс гэдэг эм уух төрлийн антибиотикийн төрлийн эмнээс хамгийн дээд талын үйлчилгээ үзүүлдэг маш хүчтэй. Тэгэхээр тухайн хүүхдийг эмчлэх их төвөгтэй болдог. Хамгийн гол хүндрэх шалтгаан ерөөсөө л энэ. Хатгаа болон ханиад эхэлсэн даруйд энэ эмийг өгөхөөр цаашлаад эмчлэх эмчилгээ, уух эм хэцүү болоод байгаа юм. Хүүхэд хүнд ирсэн үед эхлээд гарааны антибиотик гэж байдаг. Үүнээс эхлэх ёстой. Гэтэл шууд цөөн хоногийн дотор шууд нам дарах эмчилгээ хийлгэх гээд байдаг.

-Гэрийн нөхцөлд томуу өвчнийг зөөлөн, уламжлалт аргаар хэрхэн эмчлэх вэ?

-Вирусын гаралтай томуугийн өвчинг эдгээх уламжлалт арга гэж байхгүй л дээ. Гэхдээ гэр аргаар халуун бууруулахдаа толгойнд нь хүйтэн жин тавина, том судсуудыг нь спиртээр арчина, хүүхдээ нимгэн байлгана гэх аргууд байдаг. Мөн сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэддээ харшил үүсгэгч шар төрлийн жимс өгөөд харшлыг нь хөдөлгөөд байдаг. Жишээ нь марако, жүрж, мандарин, чацаргана гэх төрлийн жимсийг астамтай хүүхдэд өгөх юм бол шууд цээж нь шуугиж, хэржигнэж эхэлдэг. Түүнчлэн эцэг эхчүүд ам дамжин их эмчилгээ хийж байна. Бас интернэт орчноос их бүтээгдэхүүн худалдаж авч, худал үр дүнгүй эмчилгээ эмчийн зааваргүй хийгээд байгаа нь их асуудал болж байна. Хамгийн түрүүнд эмчид хандаж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэрнээс биш нэг нэгнийхээ амнаас сонссон эмчилгээгээ хийх маш буруу юм. Гэр аргаар зөгийн балны татлага хийлээ л гэж байдаг. Мөн горчишик тавьсан байдаг. Энэ аргыг гэр аргаар болон цаашид хэрэглэхийг хориглосон. Яагаад гэвэл горчишик харшил өгөх нэг ноймрын зүйл болоод байгаа. Ялангуяа астамтай хүүхдэд бүр их хориглоно.

-Өвчилсөн тохиолдолд хүүхдийг эмчлэх явцад ямар дэглэм барих хэрэгтэй байдаг вэ?

-Хамгийн түрүүнд харшил үүсгэгчийг хориглоно. Дээрх дурдсан жимсээс гаднаих хурц үнэртэй зүйлээс хол байлгах хэрэгтэй. Энэ үүсгэгдэж байгаа ханиад чинь дандаа харшлийн гаралтай ханиад учраас харшил өдөөх зүйлсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Цээж нь амархан шуугидаг хүүхдүүд бага зэрэг ханиад хүрсэн үед нь харшил үүсгэгч идэх юмуу үнэртэхээр шууд хүндрээд цээж нь хэржигнэдэг юм. Нэгэнт шуугисан хүүхдийг заавал эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гардаг. Энэ шуугилт нь амьсгалын дутагдалд оруулдаг.

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүүхдүүд маш ихээр дахин хүндрээд ирэх тохиолдол байдаг. Эмнэлгээс гараад ямар гам барих ёстой вэ. Эцэг эхчүүдээс ямар хариуцлага шаарддаг вэ?

-Энэ асуудал хамгийн гол нь байдаг. Бидний зүгээс эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдийн ээж болгонд тусгайлан сайн хэлж ойлгуулах гэж хичээдэг. “Танай хүүхэд астам болон хатгалгаа эмчлэгдээд гарлаа. Одоо танай хүүхэд эмнэлгээс гараад хамгийн эхлээд ханиадтай хүнтэй ойр байхгүй. Гэр орноо маш цэвэрхэн чийглэг байлгана. Түрүүний миний хэлсэн шар өнгийн жимснүүд идүүлэхгүй, ундаа уулгахгүй, үнэртэй ус болон хурц үнэртэй угаалгын нунтаг үнэртүүлэхгүй, хувцас зайлагч үнэртэй бодисоор хувцасыг нь угаахгүй зайлахгүй байх хэрэгтэй”. Бас их үнэртэй сармис гаа болон гавар, арц хүж, нүүрсний утаа үнэртүүлэхгүй байхгүй л бол эргээд цөөхөн хоногийн дараа хүндрээд ирдэг. Тэгээд эцэг эхчүүдээс юунаас болж шуугисан бэ гэхээр мэдэхгүй байдаг.

-Ханиад хүрээгүй хүүхдүүдийг хэрхэн тусгахгүй байх вэ?

-Ханиадны вирус чинь агаар дуслаар халддаг учраас хамгийн нэгдүгээрт өвчтэй хүнээс хол байлгах хэрэгтэй. Хоёрдугаарт, агаарын бохирдол болон утаа зэргээс болж вирусээр өвчилдөг. Иймээс эцэг эхчүүд энэ тал дээх сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ