Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Хүү минь “Үнэн юм гэж байдаггүй юм байна” гэж хэлсэн

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял тус тус оноосон. Хүүг нь хилсээр хүн амины хэрэгт буруутган ялласан хэмээн үзэж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.

-Хүүг тань С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхээс өндөр ял оноолоо. Та шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Шүүхээс гаргасан шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаа. Мэдээж хэрэг хийгээгүй байхад эсэргүүцэх нь аргагүй шүү дээ. Бид шүүхийг үнэн зөвөөр ажилладаг гэж найдаж байсан. Гэтэл улс төрийнхөө хэргийг гэмгүй хүмүүсийг хийсэн болгож гүтгээд л хэрэг хийсэн болгочихож байна. Шүүх хурлын үеэр ял өгөх хүртэл хүн амьтнаас үнэн зөвийг тодруулж асуулгүйгээр шууд тогтоолоо уншаад яллачихаж байгаа юм. Эд нарын зохион байгуулсан аймшигтай жүжиг гэж харж байна. Хамгийн гол нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэрчүүдийн ярьж байсан зүйл одоо огт өөр болчихоод байгаа юм. Тэр үед 35-40 насны тийм тийм хүн алсан гээд ам зураг хүртэл гарсан байдаг. Гэтэл 16-тай 21-тэй хүүхдүүд очоод хүн алчихдаг гэж юу байх вэ дээ. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодоод олохгүй. Ийм том хэрэг гараад, өдий хүртэл 18 жил алуурчнаа олоогүй байж байгаад гэмгүй нэгнийг хэлмэгдүүлээд орхих гэж байна шүү дээ.

-Өмнө нь таныг хүүтэй чинь уулзуулахгүй байгаа тухай ярьж байсан. Хамгийн сүүлд хэзээ хүүтэйгээ уулзсан бэ?

-Шүүх хурлын дараа элдэв тайлбар хэлээд, хүүтэй минь уулзуулаагүй. Харин өнөөдөр /2017.01.04/ хорих ангиас зөвшөөрөл авч, хүүгийхээ барааг харлаа.

-Хүүгийн тань биеийн байдал ямархуу байна вэ?

-Хөөрхий минь ямар сайн байх вэ дээ. Сэтгэл санаагаар л унасан харагдана билээ. Миний хүүг шүүх хурал дээр үг ч хэлүүлээгүй. Шууд 25 жилийн ял өгчихөөр хүн яах вэ. Хүү минь надад өнөөдөр уйлж байгаад нэг л үг хэллээ. Үнэн юм гэж байдаггүй юм байна гэж. Хэргийн тухай ярьж байгаад, нэг удаа алх цохиод, онц хүнд гэмт хэрэгтэн гээд зарлачихсан.

-Шүүх хурлын тогтоол уншихад сэжигтнүүд ямар ч нүүр царайны хувиралгүй хүлээж авсан нь хэрэг хийсэн байж болзошгүй гэх хардлага төрүүлээд байна?

-Хүү минь гэм хийгээгүй учраас өрийгөө ялтан болчихно гэж санаагүй. Би гэм хийгээгүй байхад гэж итгэж байсан нь тэр. Гэм хийгээгүй хүн гэмгүй гэдгийг минь батална гэж хүлээж суусан. Өнөөдрийг хүртэл тэвчсэн. Хуралдаанаар гэмт хэргийн тухай уншиж байснаа үгийнх нь үнэн, худлыг сонсолгүй 25 жилийн ял өгөхөд сэтгэл санааны цочирдолд орсон байх.

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригоос гадна захиалагч талын нэг хүнийг гэр бүлээр нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгасан. Энэ хэргийн талаар та юу мэдэх вэ?

-1998 онд С.Зориг нас барсан. Тэрнээс хойш найман жилийн дараа 2006 онд гарсан галын хэрэг юм. Нийслэлийн прокуророос дээшээ дэвшсэн Амгаланбаатар гэж хүн ярьсан. Тэр хүн ярихдаа, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар хоёр С.Зоригийг алчихаад, хэргээ булзааруулахын тулд дөрвөн хүнийг хороож, айл шатаасан гэсэн. Энэ бол хоорондоо зохицохгүй асуудал байхгүй юу. Хүү минь хэнийг ч алаагүй. Хэнийг ч алаагүй хүн ямар гэрчээ устгах юм бэ. Гэмгүй хүнийг хоёр дахиа гэмт хэрэгтэн болгохоор дахиад л хэрэг зохиогоод гүтгэсэн гэж бодож байгаа. Энэ галын хэрэг нь С.Зоригийн хэргээс хойш бүтэн найман жилийн дараа гарсан. Ямар ч хамаагүй хүмүүсийг энэ хэрэгт холбочихсон.

-Мэдээллээс үзэхэд Ц.Амгаланбаатар таны хүүтэй хамтарч хэрэг хийснээ хүлээсэн гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?

-Яс юман дээрээ Амгаланбаатар гэдэг хүнийг тагнуулынхан ашиглаад, ийм зүйл хэлүүлээд байх шиг байгаа юм. Ингэхээр цаад прокуророос нь хуурамчаар хэрэг үүсгээд, Б.Содномдаржаа С.Зоригийг алсан хэргээ баллахын тулд айл шатаасан гээд байгаа юм. Айлын гал нь бол цахилгаанаас гарсан л гал байгаа байхгүй юу. Дүгнэлт нь тэгж гарсан байдаг.

-Галд нас барсан дөрвөн хүний нэг нь Отгонбилэг агсны туслах байсан гэдэг. Үнэн юм болов уу?

-Тэр өнгөрдөг залуу ажилгүй гэртээ суудаг байсан нэгэн гэж мэдэх хүмүүс нь мэддэг юм билээ. Хүмүүсийн яриад байгаа шиг хэн нэг хүний хамгаалагч хийдэг гэдэг нь худал. Хууль цагдаагийнхан өөрсдөө жүжиг зохиож найруулаад байна.

-Галын хэрэг гарсан тэр өдөр таны хүү хаана байсан юм бэ?

-Миний хүү чинь манайтай айл. Яг тэр Эрдэнэтэд гал гарсан үед миний хүүгийн том охин төрөөд наймхан сартай байлаа. Шөнийн гурван цагт эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан хүнийг л айл шатаагаад явж байсан болгочихож байгаа юм. Хэн ч бодсон нялх хүүхэдтэй хүн айл шатаах гээд явахгүй.

-Энэ хэргийг таны хүүг үйлдсэн гэх үндэслэл, нотолгоог хуулийн байгууллагаас үзүүлсэн, тайлбарласан зүйл бий юу?

-Тийм зүйл хийгээгүй хүмүүст үндэслэл нотолгоо байхгүй. Харин прокуророос ингэж яриад байгаа юм. 2006 оны 12-р сарын 21-нд Эрдэнэт хотод гал гарсан байгаа юм. Гэтэл С.Зориг нь 1998 онд алагдсан. Энэ найман жилийн дараа гарсан ямар ч хамаагүй хэргийг Зоригийн хэрэгтэй холбоод, гэмгүй хүүг минь өчнөөн хүний амь хороосон болгож байна.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Отгонбилэг агсныг гэж ярих юм. Та болон таны хүү Отгонбилэг агсныг таньдаг байсан уу? Ямар холбоотой хүмүүс вэ?

-Тэр хүнтэй манайхны нэг ч хүн уулзаж байгаагүй ээ. Манай хүүг Отгонбилэгийн малчин байсан гэж хэлээд байна. Энэ бол ёстой худлаа. Манайх чинь өөрсдийнхөө мал дээр байсан улсууд шүү дээ. Өөрсдийнхөө малаар фермерийн аж ахуй эрхлээд, 50 хар тарлан үнээтэй 10 га газартай ийм аж ахуй эрхэлдэг байсан айл. Тэр фермер дээрээ л миний хүү, би, аав нь, хүүхдүүд минь ажилладаг байсан. Отгонбилэг чинь Завханы хүн юм гэнэ лээ. Манайх бол Булган аймгийнх. Тэр том үйлдвэрийн захирал хүнтэй миний хүү болон бид холбогдож уулзаж хэзээ ч үзээгүй байхгүй юу. Гэхдээ тэр Отгонбилэгийн малчин гээд хүн нь миний хүүтэй ижил нэртэй Содномдаржаа гэдэг хүн байдаг гэж сүүлд сураг сонссон. Завхан аймагт амьдардаг, 60 гаруй насны хүн бий гэж дуулсан.

-С.Зоригийн ар гэрийнхнээс дээрх шүүх хурлын шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Өчигдөр С.Оюун УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт гаргасан байсан?

-Тийм зүйл болоо юу. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг бид ч ялгаагүй хүсч байгаа. Тэрхохирогчийн талын хүмүүс бидэнтэй мөн адил үнэн мөнийг тодруулахаар ажиллаасай гэж бодож байна. Бид хүүгээ хилсээр буруутан болгож байна, тэд хүүгээ алдсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүсч байгаа. Одоо шүүх хурлын тогтоол гарсны дараа бид давж заалдах шатны шүүхэд хандана. Тогтоол нь чухам хэзээ гарах юм байгаа юм. Хүлээж л байна.

-Та цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид гэмгүй хүмүүсийг гүтгэж үндэслэлгүйгээр ялласан энэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, ард түмнийг дуу хоолойгоо нэгтгэхийг уриална. Үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаал цуглаан зохион байгуулахаар зөвшөөрлөө авчихаад ирлээ.

-Тайван жагсаал хэзээ, хаана болох вэ?

-Энэ бямба гаригт /2017.01.07/ Эрдэнэт хотын Соёлын өргөөний гадна талбайд цуглахаар болсон. Гэм зэмгүй хүүг минь улс төрийн хэрэгт буруутгаж ялласныг эсэргүүцнэ. Энэ хэргийг нээлттэй хэлэлцэхийг хүсч байгаа хүмүүс цуглах байх гэж бодож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ