Яллагдагч нарын ар гэрийнхэн Хорих 461-р ангийн гадна хүлээсээр байна
-ШҮҮХ ХУРАЛД Б.СОДНОМДАРЖААГИЙН ХҮСЭЛТЭЭР ЭЭЖИЙГ НЬ ОРУУЛСАН ГЭВ-
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа болж буй юм. Шүүх хуралд яллагдагчаар татагдаж шүүгдэж байгаа гурван хүний ар гэрийнхний төлөөллийг оруулаагүйд тэд гомдолтой байсан юм. Энэ удаагийн шүүх хурал эхэлснээр Б.Содномдаржаагийн төрсөн ээжийг өөрийн хүсэлтээр шүүх хуралд оруулахаар болсон гэх мэдээлэл байгаа юм. Энэ удаагийн шүүх хуралд хоёр гэрч ирсэн боловч хэн болохыг нь мэдэгдэх боломжгүй гэв. Харин Т.Чимгээ болон Б.Соднамдаржаагийн хүргэн дүү болон түүний нөхөр, эхнэр зэрэг ар гэрийн төлөөл хорих 461-р ангийн гадна шүүх хурлын шийдвэр гарахыг хүлээж байна.
-МАНАЙ НӨХӨР ЭНЭ ХЭРЭГТ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ-
Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр
-Манай нөхөр хэрэгт холбоогүй. Манай нөхрийг хэлмэгдүүлсэн. Тухайн үед хот ч ороогүй байсан. Би өмнө нь мэдээлэл хийж байхдаа ч хэлсэн тухайн байр сууриндаа бат зогсож байгаа. Нөхрийг маань 2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө автобусны буудал дээрээс багтай 20-30 хүн баривчлаад явсан байсан. Бид зөндөө хайж байгаад дараа нь мэдсэн. Нөхөртэй минь намайг болон хүүхдүүдийг маань уулзуулахгүй байна. Бид үнэхээр хэцүү амьдарч байна. Өнгөрсөн шүүх хурлын өмнө нэг уулзсан. Өмнө нь баригдаад явахад нь би жирэмсэн байсан. Төрөөд хүүхдээ харуулах гээд очсон бас уулзуулаагүй. Ганцхан удаа хүүхдээ үнсээд л цааш нь аваад орчихсон. Бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй хэвээр байгаа. Би энэ шүүх хурлыг ямархуу шийдвэр гаргах бол хэмээн хоног тоолон хүлээж байна.
-АМГАЛАНБААТАР БОЛ ШИЙДЧИХСЭН ХҮН-
Б.Содномдаржаагийн хүргэн дүү Д.Үйлстдэлгэрэх
-Амгаланбаатар гэдэг хүнтэй би багаасаа нэг дор тоглож өссөн. Тэр хүн багаасаа л хичээлдээ явдаггүй үл бүтэх нөхөр байсан. Эрдэнэт хотод таксины жолооч мөчлөж алсан хүнд гэмт хэрэгтэн. Ийм хүний үгээр хүнийг яллаж байгаад гайхаж байна. Тэр шийдчихсэн хүн шүү дээ.
-МАНАЙ ДҮҮГИЙН ХҮҮХЭД НАС БАРСАН-
Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат
-Энэ хэргийг хурдан шийдэхийн тулд хэн нэгэнд тохох оролдлого явагдаж байна. Энэ шүүх хурлыг яаж шийдэгдэх бол гэж хүлээж айдастай л байна. Баригдаад явдаг үедээ миний дүү хөхүүл байсан шүү дээ. Тэглээ ч Эрдэнэт хотод байсан. Ийм хүмүүсийг яллах гэж шүүх хурал хийгээд, дээр нь хориод хэнтэй ч уулзуулахгүй байгаа нь их сонин. Хоригдож байх хугацаанд нь дүүгий минь том охин авто ослоор нас барсан. Тэрийг нь хэлэхгүй нуух гэж байхад харгалзагч нар нь хэлчихсэн байсан. Тэгэхээр дүү маань ямар байдалд хоригдож шүүгдэж байгаа нь тодорхой байгаа шүү дээ.
У.УРАНЦЭЦЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ