Гишүүдийн туслахууд “унтаж байгаа” гишүүдээ авчрах үүрэг авав
УИХ-ын дарга айлчалаар мордсон тул чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдаж байгаа юм. Тэрээр хуралдаан эхлэх үеэс гишүүдэд нэлээд хатуухан үг хэлж, бухимдлаа илэрхийлээд байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Б.Цэрэнбат хаагуур яваад байгаа юм, бүлгийн дарга Д.Хаянхярваа 65-ынхаа хуралд оролцож байгаа байдлын талаар бүлэг дээрээ ярь. Алийн болгон ингэж замбараагүй байдлаар амьдрах юм. УИХ-ын гишүүд 10.00 цагт чуулган эхэлдэгийг мэддэг юм байгаа биз дээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс тавьж байгаа шаардлага зүй ёсных. Бидний хариуцлагын асуудлаас улсын хариуцлага эхэлнэ. Ийм байхад бид хэнээс хариуцлага нэхэх юм.
Энэ хариуцлагагүй байдлаас болж, цаад талд нь ажлын хэсэгт орсон яам, тамгын газрынхан ирээд бүтэн өдөржин сууж байна, ажил хохирч байгаа шүү дээ. Замбараатай байцгаа.
Сонгогочид УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байгаасай гэж өөр сонголт хийсэн. 2012 оны Ардчилсан намынхан шиг ирцтэй байх юм уу, Ардын намынхаан, сонгогчдын итгэлийг дааж амьдар” гэх үгийг УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнд хандаж хэлсэн юм.
Мөн "МАН-ын 65 гишүүн чуулганы хуралдаандаа ирж чуулганы ирц бүрдүүл. 2012 оны Ардчилсан намын ирц шиг яваад байх юм уу. Сонгогчдын итгэлийг дааж амьдар. Хариуцлагатай байх хэрэгтэй. Чуулган дундуур байнгын хороо хуралдуулж, чуулган үймүүлдэг байдлаа зогсоо. Чуулганы хуралдаанаа цагтаа эхлүүлдэг хэлбэрт шилжмээр байна. Гишүүдийн туслахууд “унтаж байгаа” гишүүдээ гэрээс нь очиж авчирч хуралдаанд нь суулга. Томилолтоор яваагүй, хуралдаанд суух ёстой 60 гишүүн байна. Чуулганд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ. Хуралдаа яаралтай ир" хэмээн лүндэн буулгажээ.
Ингээд хуралдаан завсарлах үед үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Н.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын нэрийг дуудсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ