С.Зориггүй 6642 хоног
Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа буюу өнөөдөр /2016.12.14/ Хорих 461-р ангид болно. Нийслэлийн Прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийнхүү хянан хэлэлцэх гэж байна.
Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хурлын эхлэл болон төгсгөл хэсэгт камер, хэрэгсэлгүйгээр сурвалжлах боломжтой. Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийхээр шийдвэрлэсэн юм.
Шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүгчид томилогдсон. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан. Харин улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцож байна.
С.Зориг бусдын гарт амь насаа алдсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи 6642 хоногт юу болов? Өнгөрсөн хугацаанд эл хэрэгтэй холбоотой анхаарал татахуйц ямар баримт ил болж, байсныг “News agency” эргэн сануулж байна.
С.Зориг гэсэн хайлтаар google-ээс хайвал 749,000 илэрц гарч ирнэ. Түүний амийг хөнөөхөд Монгол Улсад интернэт төдийлөн хөгжөөөгүй байсан бөгөөд эдгээр илэрц нь нас барснаас нь хойш буюу С.Зориггүй 6642 хоногийн мэдээллийн үр дүн гэсэн үг. Тэгэхээр энэ сэдэв, түүний хэргийн талаарх мэдээлэл монголчуудад ямар чухал байсныг илтгэх биз ээ. Ингээд тэдгээр илэрцээс давхардаагүй, баримтуудыг эргэн хүргэе.
ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
- Бидний хувь заяа бидний гарт л байна.
- Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
АЛЛАГЫН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ.
1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Холбоо эвсэл 50 суудал авч, олонхи болсон. Харин төрийн эрхийг дангаар барьж ирсэн МАХН 25 суудал авч, анх удаа “гудамжинд” гараад байлаа. Гэвч 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин болох МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны зургадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцрууллаа. Ардчилсан Холбоо эвслээс дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди элдэв шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. ТиймээсЗасгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор дөрвөн сар орчим хугацаанд ажиллаж байлаа. Тухайн үед Ардчилсан холбоо эвслээс Ерөнхий сайдад С.Зоригийг нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгч Н.Багабандитай тохиролцоо хийх гэж байсан гэдэг. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 2-ны оройн 21:40 цагийн үед Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг өөрийн гэрт, бусдын гарт 18 удаа хутгалуулж, амь насаа алдав. С.Зоригийн эхнэр Б.Булган нөхрөө гэж андуурч, алуурчдад хаалга тайлж өгсөн гэгддэг бөгөөд түүний амыг таглаж, гарыг нь ард нь хүлж, угаалгын өрөөнд хорьсон. Талийгаачийг отож байгаад гаднаас орж ирэхэд нь эл хэргийг үйлдсэн гэж Б.Булган мэдүүлсэн байдаг.
Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, улс орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. Аллага үйлдэгдэхээс хэдхэн цагийн өмнө С.Зоригийн ээж Г.Доржпалам руу хэн нь мэдэгдэхгүй этгээд залгаж “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн гэдэг ба энэ тухай хүүдээ дуулгахад “Ээж ээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэж. Энэ мэт ахуйн хүрээний аллага биш гэж дүгнэж болохуйц хэд хэдэн сэжим байдаг. Түүнчлэн тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан энэ хэргийг улс төрийн аллага байсан гэж олон нийт харддаг.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Р.НАРАНГЭРЭЛ:
-С.Зоригийг амиа алддаг өдөр УИХ-ын чуулганы хуралдаантай байсан юм. Өмнө нь Ерөнхий сайд болох хүний нэрийг зургаан удаа оруулсан. Ерөнхийлөгч Н.Багабанди зургаан удаа татгалзсан хариу өгсөн. Тэгээд дараагийн хүн хэн болох вэ гэсэн таамаг явж байхад “С.Зориг болно” гэсэн уур амьсгал давамгайлж байсан. Тэр үед өөр хувилбар байгаагүй юм. Чуулган тав дахь өдрийн 16.00 цагт дуусч, залгуулаад “Сайд нарын цаг” гэж болдог байсан. Тэр өдрийг би сайн санаж байна. Ордноос гарахдаа бид “За чи хаачих вэ, Би тийшээ явлаа” гээд байнга ярилцдаг байлаа. Онцын ажилгүй бол амралтаа хамт өнгөрөөдөг байсан. Тухайн үед Шадар сайд асан Пүрэвдорж гуай өнгөрчихсөн, оршуулгын ажлын хэсгийн ахлагч нь С.Зориг байсан юм. С.Зориг тийшээ очих ажилтай байсан. Гэтэл С.Зориг шатар тоглоод өрөөндөө үлдсэн. Би тэр орой сургалт хийхээр Гачуурт явсан. Дараа нь сонсоход С.Зориг тэндээсээ гарч яваад оршуулгын ажлын хэсэг дээр очиж, дараа нь гэртээ харихад нь тийм зүйл болсон юм билээ.
ГЭРЧҮҮД ЮУ МЭДҮҮЛЖ БАЙВ
С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн газар дээр цагдаа нар очсоныхоо дараа гадна хамгаалалт гаргалгүйгээр Б.Булганаас байцаалт авчээ. Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй 2 байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтээр битгий оролдоод байгаарай, дараачийнх нь Бат-Үүл, Элбэгдорж шүү! гэжсүрдүүлээд гарч зугтаасан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Хэргийг улс төрийн захиалгат аллага гэж үзэх бас нэг үндэслэл нь яах аргагүй энэ байсан. Мөн гэмт хэрэгтнүүдийн ам зургийг түүний мэдүүлэг дээр үндэслэн гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн. Б.Булганы мэдүүлгийн дагуу Батаа, Оюунаа нэртэй бараг бүх хүнийг толгой дараалан шалгасан. Энэхүү ам зураг дээр дүрслэгдсэн эрэгтэйг хэрэг гарахын өмнөх өдрүүдэд талийгаачийн байрны орчимд харсан гэдгээ хэрэг гарсны дараахан “Дээдсийн амьдрал” сонинд гурван гэрч ярилцлага өгч, хоорондоо тун төстэй зүйл ярьсан байдаг. Харин хэргийн газрын цорын ганц гэрч гэгддэг Б.Булганы мэдүүлэг анхныхаасаа зөрж, ам зургийг худал гаргаж өгсөн нь хэргийг будлиантуулсан тухай ч зарим хэвлэлд дурьдаж байжээ Б.Булганыг 1999 оны гуравдугаар сард сэжигтнээр баривчилж, 14 хоногийн дараа хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байдаг. Гэхдээ түүнийг дахин 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр дахин баривчилж, жил орчим хугацаанд ганцаарчилж хорьсны эцэст 2016 оны есдүгээр сарын 6-ны өдөр сулласан билээ.
АМ ЗУРГИЙН БАТАЛСАН ГЭРЧҮҮДИЙН ДҮРСЛЭЛ
Гэрч 1.
-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагvй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноо¬лууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктай, догшин, хогийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хүү¬хэд байсан. Дуу хоолой нь шин¬гэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан. Одоо бодоод байхад надад их сэжигтэй санагдсан зүйл гэвэл, гурав дахийн орой хvv бид хоёрыг байшингийн булангаар ирж явахад тэр холоос таниад, хаалганы завсраар нуугдмагц нь шууд хэртхийсэн явдал. Одоо би харвал тэр хүнийг танина аа.
Гэрч 2.
-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан vстэй, зvvн гар тийшээ vсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглvvдvv дуутай, жирийн л байдаг царайтай, хvйтэн, зэвvvн харагдахааргvй, хvн рvv эгцэлж хардаггvй тийм хvн байсан. Тэр хvний дуу хоолой нь миний чихэнд одоо ч байна. Би харвал шууд танина. Харин би тvvнтэй ярьсан хирнээ тэр хvний нvд миний санаанд буухгvй байна, тэр ерөөсөө миний нvд рvv харж яриагvй юм байна.
ЦАГДААГИЙНХАН ХЭРГИЙН МӨРӨӨР
1998.10.02. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн дуудлагын дагуу хэргийн газарт 7 минутын дараа очиход аль хэдийнэ 15 хүн хэргийн газар руу орчихсон байсан гэдэг. Тухайн үед хэргийг яаралтай илрүүлэх үүднээс С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотой чухал мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлэв. Хэргийг шалгах цагдаагийн ажлын хэсэг энэ хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөгдөн, аргаа барахдаа Олон улсын парламентын холбоонд хандаж байв. Энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилж байсан ч гэм буруутай нь тогтоогдсонгүй. Хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсээс учир битүүлгээр өнгөрч байв. Түүний хамгийн тод жишээ нь, гадаадаас хэрэгт сэжиглэн хулгайлж авчирсан Д.Энхбат байв. Тэрээр хоригдож байгаад гарч ирээд удалгүй нас барсан юм.
Хэргийн илрүүлэлтийн талаар Хууль зүйн сайд хийгээд цагдаагийн удирдлагууд юу гэж байв.
Д.Мөрөн
ЦЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.МӨРӨН: Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
-Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.
Л.Цог
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Л.ЦОГ: СЭЖИГЛЭЖ ТОГТООСОН ХҮН БАЙГАА (1999 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САР)
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэг дүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй.
УМБГ-ЫН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨХ ХЭЛТСИЙН АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.ЦОГТБАЯР (1999 оны тавдугаар сар)
-Баримтаар дутна гэж байхгүй. Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан.
С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ДЭД АХЛАГЧ, ДЭД ХУРАНДАА З.ТӨРМАНДАХ /2000 оны аравдугаар сар/
-Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон. Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, мянгатын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл С.Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.
САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГИЙН АЛБАН НАМТАР
Төрсөн он: 1962 оны дөрөвдүгээр сарын 20
Боловсрол:
- Нийслэлийн 23-р дунд сургууль
- Москвагийн улсын их сургуулийг философич мэргэжлээр төгссөн.
Хийж байсан ажлууд:
- ХЗЭ-ийн нийслэлийн хороонд зааварлагч
- МУИС-д багш
- 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга
- 1992-1998 онд УИХ-ын гишүүн
- "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч
- Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
- Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
Гэр бүл:
Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.
Ээж Доржпалам нь их эмч мэргэжилтэй. Оросын нэрт эрдэмтэн, Монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин. "Сэрэлт" киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн.
Ах Баяр нь Энэтхэгт Элчин сайдаар ажиллаж байсан. Германд боловсрол эзэмшсэн.
Дүү С.Оюун нь 1998-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэний Зориг намыг үүсгэн байгуулсан.
Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ