Д.Нямсамбуу: Өөрт нь өргөл өргүүт л аварчихдаг бурхан авлигач түшмэлээс ямар ч ялгаагүй
Бид энэ удаа уншигч та бүхнээ “Жавзандамба Хутагт төв”-ийн багш Д.Нямсамбуутай уулзуулж байна. Тэрээр энэ төвөөрөө дамжуулан бурханы шашны сүсэгтнүүдэд зориулан шашны боловсрол, ёс суртахууны хичээл, сургалтуудыг тогтмол зохиодог. Мөн долоо хоног бүр хорих төвд очиж, хоригдож буй хүмүүст ёс суртахууны хичээл зааж, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран хавдартай, хүнд өвчтөнүүдтэй уулзаж, сэтгэл засал, сургалтууд хийдэг.
Д.Нямсамбуу багшийн ажил үүгээр дуусахгүй. Хоёр сар тутамд сүсэгтэн олонтой хамтдаа сайн үйлсийн аян зохиож, цэцэрлэг, сургуулиар явж, эгэл жирийн айлуудад тусладаг байна. Энэ их ажлынх нь заваар бид “Жавзандамба Хутагт төв” дээр очиж, түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-БУРХАНД МӨРГӨӨД Л ИД ШИДЭЭР БҮХ ЮМ САЙХАН БОЛЧИХДОГ ЮМ БИШ-
-Та Бурхны шашинд ямар ч далд хүч, ид шид байдаггүй гэж хэлсэн байсан. Үнэхээр тийм гэж үү?
-“Далд хүч байхгүй” гэсэн нь сонины гарчиг. Тухайн яриан дундуураа би “Харамсалтай нь бурхны шашинд итгэх хүмүүсийн итгэл нь зөв зүйтэй рүү татагдаж, буруугаас татгалзахад нөлөөлөх хүчин зүйл ер болж чадахгүй байна. Харин тэр итгэл нь далдын “х” эсвэл “y”-д өргөл өргөх төдийд л аврагдчихна гэсэн өнгөц ойлголт байгаа нь эндүүрэл гэж хэлсэн. Ийм л утга санаан дунд “Далд хүч байхгүй” гэж орсон байна. Яг далдын хүч байгаа юу, үгүй юу гэж тусад нь асуувал далдын хүч, ид шид гэж юуг хэлж байна вэ гэдэг асуултад хариулах шаардлагатай болно.
-Далдын хүч гэж юу вэ?
-Бид “Адистэт” гэдэг самгард үгийг ид шид гэж ашигладаг. Тэгэхээр адистэт буюу ид шид гэсэн ойлголт бурхны шашинд байгаа. Бидний боддог шиг санамсаргүй ид шид байхгүй л гэсэн санаа. Бурханд мөргөөд, ид шидээр бүх юм сайхан болчихдог юм биш. Бурхан Буддагийн “Бурхан хүний зовлонг гараар арилгахгүй” гэдэг үг бий. Энэ нь бурхнаас адис аваад л зовлонгоос ангижирчихна гэсэн үг биш гэдгийг хэлж байна. Хүн өөрөө л сэтгэлээ ариусгаж, зөв болж байж аврагдана, зовлонгоос ангижирна. Буддизмын онол ердөө л энэ шүү дээ. Тэгэлгүй зүгээр л адис аваад, рашаан угаад ариусчихна гэж буддын шашныг ойлгож байвал хэтэрхий хөнгөн, гоомой байна.Хоёрдугаарт, би танд нэг ийм асуулт тавья. Бид өнөөдөр “Боинг” онгоцоор 10.000 метрийн өндөрт, 1000 км/цагийн хурдтайгаар нисэж байна. Энэ ид шид мөн үү, биш үү?
-Биш.
-Тийм ээ, биш. Гэтэл 200-300 жилийн өмнө бид Монголоос 1000 км/цагийн хурдтайгаар Япон улс руу гуравхан цагийн хугацаанд оччихно гэвэл итгэх байсан уу? Тэд ид шид л гэж бодох байсан биш үү. Гэтэл хүмүүс үүнийг бодсоор, туршсаар, хийсээр өөрсдөө бүтээсэн. Яг л үүн шиг хүн муу сэтгэлээсээ салахын хэрээр, илүү зөв сайн болох тусам бидэнд ид шид мэт санагдах тийм оюуны өндөр чадамжууд гарна, илэрнэ, байна, бүтээнэ гэж буддизмд хэлдэг. Түүнийг олж авч болно гэж үздэг. Гэтэл энэ ч бас ид шид биш, санамсаргүй зүйл биш, тэнгэр бурхан хайрлачихсан ч юм биш. Би өөрийнхөө шунал, нисванисын хүлээсээс гарахын хэрээр сэтгэлд ийм чадварууд ургана гэж үзээд байгаа юм.
-БУДДИЗМЫН ТУЙЛЫН ЗОРИЛГО НЬ ХҮН ӨӨРӨӨ МУУ МУУХАЙТАЙГАА ТЭМЦЭХ,
ӨӨРӨӨ ИЛҮҮ ЗӨВ САЙН БОЛОХОД ОРШДОГ-
-Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Яг дээр ярьсан шиг хүмүүс ид шидэд найдаж, ном уншуулвал л бүх ажил үйлс нь бүтдэг, уншуулахгүй бол муу зүйлтэй учирна гэж боддог. Ер нь энэ засал ном гэдэг ямар учиртай юм бэ?
-Ном уншуулна гэдэг бол бурхны шашинд байдаг зан үйл. Буддизмын онолуудаар дэмжигддэг. Гэхдээ хамгийн гол нь юу ч хийсэн бай, ном уншуулаад л сайхан болчихно гэдэг энэ ойлголт буруу. Ном уншуулаад эерэг дүн гарна гэдэг итгэл үнэмшил надад ч бий. Түүнээс илүү чухал зүйл бол хүн өөрөө зөв байх. Нүгэл буяныг бодож, ёс суртахууныг хүндлэх хэрэгтэй. Миний хамгийн их харамсаад байгаа зүйл бол ёс суртахууны талаар огт бодолгүйгээр ном унших гэж яараад байгаа нь л буруу юм. Буддизмын туйлын зорилго нь хүн өөрөө муу муухайтайгаа тэмцэх, өөрөө илүү зөв сайн болоход оршдог. Тэгэхээр ийм болохын тулд зөвхөн ном уншуулаад өнгөрөх нь хангалтгүй. Гэхдээ оргүй байснаас дээр байх гэж би шашинтан хүний хувьд үзнэ. Учир нь номыг бусдаар уншуулахад хүртэл буян хураана гэж үздэг. Хүний хийж байгаа үйлдлийг биеэр үйлдэх, сэтгэлээр үйлдэх, хэлээр үйлдэх гэж гурав ангилдаг. Ном уншуулна гэдэг хэлээр үйлдэх буян болно. Өөрөө унших, бусдаар уншуулах ч буян л гэж үздэг. Яг бусдаар хийлгүүлсэн нүглийг өөрийн нүгэлд тооцдог шиг. Тиймээс өөрөө болон бусдаар уншуулж буй ном нь хэлээр үйлдэж буй буян болно. Гэхдээ дахин хэлэхэд сэтгэлд нөлөөлөх нь бага юм.
-Хүмүүс гэртээ монгол хэл дээр өөрсдөө ном уншдаг болж. Энэ ер нь болдог зүйл үү?
-Бололгүй яах вэ. Номондоо мөргөөд л байснаас унших нь зөв.
1000 удаа мөргөснөөс нэг удаа унших нь илүү
1000 удаа дуржигнатал уншсанаас нэг удаа утгыг нь ойлгох нь чухал
1000 удаа утгыг нь ойлгосноос нэг удаа хэрэгжүүлэх нь илүү
-БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГААГИЙН ТУЙЛЫН ШАЛТГААН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН
ХЯМРАЛ БИШ ЁС СУРТАХУУНЫ ХЯМРАЛ ЮМ-
-Бурхны шашнаар дамжуулан ёс суртахуун гэдэг зүйлийг энэ нийгэмд авчрахыг хүсч буй тухайгаа та ярьсан байсан. Ёс суртахууныг түгээх ажил тань амжилттай юу?
-Буддизмыг мэдье, ойлгоё гэхэд хаана үзэх юм, тийм газар алга байна гэдэг. Бид цэвэр тухлаг, таатай орчинд сүүлийн зургаан жилийн турш тогтмол сургалт явуулж байна. Долоо хоногт өдөр бүр энэ хичээлээ оруулдаг. Ирдэг хүмүүс ч олон болж байна. Гэхдээ энэ бол буддизмыг академик түвшинд бэлдсэн, маш өндөр чанартай сургалт. Анхан шатнаас дээд шат хүртэл олон түвшний сургалтууд бий. Энэ сургалтын төвийн зорилго бол нэгдүгээрт Буддизмын талаар үнэн зөв ойлголт өгөх, хоёрдугаарт Буддизмд суурилсан ёс суртахуун, итгэл үнэмшлийг хүмүүст хүргэх юм. Мөн бид хоёр сар тутамд тогтмол хүмүүнлэгийн ажил хийж байна. Жагсаагаад бичвэл барагдахгүй их хүмүүнлэгийн ажил хийжээ. Яг хоёр долоо хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд бид 60-70 хайрцаг хувцас, хоол унд, бэлэг сэлт, мөнгөн тусламж зэргийг 40 орчим айлд тараасан. Оролцсон, хандив өргөсөн олон хүмүүс бий. Тэд бүгд лманай сургалтанд суусан, суудаг хүмүүс байдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ. Цаашилбал, Хорт хавдар судлалын үндэсний төв дээр долоо хоногийн дөрвөн өдөр манай лам нар очиж сэтгэл асрах үйлчилгээ үзүүлж байна. Мөн хорих ангиудаар тогтмол явж байна. Одоо “Хорих анги” төсөл маань түр зогсчихоод л байна.
-Хүмүүс өргөл, хандив өргөхийг буян гэж үзээд өөрийгөө аврагдах зам ч гэж ярьдаг?
-Би юу ч хийсэн бай хамаагүй, тэр бурханд л өргөл өргөхөд намайг аварчихдаг юм бол тэр бурхан авлигач түшмэлээс ямар ялгаа байгаа юм бэ. Өөрт нь өргөл өргүүт л аварчихдаг бурхан авлигач түшмэлээс ямар ч ялгаагүй. Харин үйлийн үр гэж байдаг шүү дээ, хүн зөв зүйлийг хийвэл амар жаргана, бурууг хийвэл тэнгэр, бурхан бууж ирээд ч туслах аргагүй гэдэг. Тэгэхээр бурханы шашинтнуудын ойлгох ёстой зүйл бол өөрөө л зөв байх явдал юм. Буян хийж, өргөл өргөхийг үгүйсгэхгүй.
-Өдөр тутмын амьдралд болж бүтэхгүй байгаа бүхэн юунаас болдог юм бэ?
-Ер нь өнөөдөр болж бүтэхгүй байгаа бүх юмны туйлын шалтгаан бол эдийн засгийн хямрал, засаглалын хямрал ч биш ёс суртахууны хямрал юм. Монголд үүнээс гарах хамгийн бодитой бөгөөд хэрэглэж болох багаж, хэрэгсэл бол бурханы шашин. Энэ бол маш олон хүнд хүрч чадах багаж. Буддизм бол тэр чигтээ ёс суртахууны хэрэгсэл. Гэтэл бид энэ зүйлийг 60 жилийн турш мартаж, ид шид болгож хувиргасан байна. Үүнийг л бид ёс суртахууны багаж, төхөөрөмжөөр нь л ашиглая гэж байгаа юм.
-ДАЛАЙ ЛАМЫГ УРИХ НЬ СҮСЭГТНҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДАЛ, ХАРИН...-
-Та бурхны шашныг илүү шинжлэх ухаанчбайдлаар тайлбарладгийг бид мэднэ. Доктор С.Молор-Эрдэнэ “МУИС, ШУА, ХААИС бүгд л шашинд ялагдлаа” гэж хэлдэг. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-“ХААИС Далай ламд хүндэт доктор өгснөөрөө ламын сургууль болвол таарна” гэж тэр хүн хэлсэн байсан. Гэтэл Далай лам дэлхийн 50 орчим сургуулийн “Хүндэт доктор” шүү дээ. Германы алдарт хоёр, гурван ч сургууль, АНУ-ын маш олон сургууль гээд дэлхийд дээгүүр жагсдаг их сургуулиудын “Хүндэт доктор” боллоо гээд тэр сургуулиуд ламын сургууль болохгүй л байгаа биз дээ. “Тэр мундаг хүн шүү” гээд л бид сургаар нь хэлж, ярьдаг. Үүнийхээ оронд тэр хүнийхээ хэлснийг үг үгээр нь, өгүүлбэр өгүүлбэрээр задалж үзэх хэрэгтэй. Тухайлбал, тэр бичвэр дотор “Далай лам Түвдэд байхдаа олон бүсгүйг хүчиндэж алсан” гэж бичсэн байна лээ. Үүнийг би эрүүл хүн бичих зүйл гэж ойлгохгүй байна. Үнэхээр тийм баримт байгаа бол гаргаад өгөөч. Хүнийг ингэж хэлж, ингэж доромжилж болдог юм уу? Энэ чинь ёс суртахуунтай холбоотой биш үү? Буддизмд бүх зовлон зүдгүүрийг бид бие биедээ л учруулж, бие биенээ доромжлоод, бие биенээ л зовоогоод байна гэдэг. Тиймээс өөрөө өөрийгөө зөв байлгая гэж сургадаг. Үйлдлээ, үгээ хяная. Хүнийг хамаагүй үгээр бүү хэл. Учир нь тэр хүнд та үгээрээ зовлон учруулж байна. Нэн ялангуяа зарим хүний хүндэлдэг, хайрладаг, сүсэглэдэг хүнийг зүгээр л шууд хүчиндэгч, алуурчин гэж хэлэх нь ёс суртахуунгүй, бусдад таагүй үр дагавар авчирч байгаа үйлдэл мөн.
-Далай ламын айлчлалын тухай энд дурдсаных айлчлал нилээдгүй хэл ам дагууллаа. Урд хөршөөс авах гэж байсан зээл цуцлагдах асуудал яригдаж эхэллээ. Энэ бүхнийг бурхны шашны хүмүүс өөрсдөө юу гэж харж байгаа бол?
-Миний нэг бодож явдаг зүйл бол Далай багш заавал Монголд ирснээр Монгол сайхан болчихгүй. Монголчууд харин Далай ламын сургаалийг дагаж, ёс суртахуунаа барих хэрэгтэй. Би Далай ламыг хойд Энэтхэгийн буддизмын шинэчлэлийг хийж байгаа тул маш их хүндэлдэг. Миний яриад л байгаа “Хүн гэдэг зөв л байх нь чухал шүү, ямар нэгэн тэнгэр, лус, сахиусанд мөргөх нь хоёрдугаар асуудал шүү. Зөв байх нь нэгдүгээр асуудал шүү” гэж хэлж байгаа хүн нь Далай багш. Нэг бумба тахиад л баяжчихдаг асуудал биш шүү. Буддизмд өөр үнэт зүйл, ёс суртахуун, гэгээрлийн тухай ярих ёстой. Тэр ярьсан зүйлээ хэрэгжүүлэх ёстой гэж ярьж байгаа хүн нь Далай багш юм. Энэ бүхий л үг хэл, сэтгэл, ёс суртахуун нь намайг уриалан, бахдуулдаг. Нөгөө талаасаа бид Далай ламын хөл гаранд хүрээд байх нь тийм ч чухал биш. Түүнийхээ оронд буддизмын номыг нь, сургаалийг нь дагаж мөрдөх ёстой гэж үздэг. Сургаалийг нь дагаж мөрдөлгүйгээр очоод мянга мөргөөд сайхан болчихдог юм биш. Мөргөнө гэдэг сайн биш гэж би хэлэхгүй байна шүү дээ. Сургаалийг нь дагалгүй мөргөснөөс сургаалийг нь дагах нь илүү чухал гэж би итгэдэг. Гэхдээ би нэгэнт Далай багшийн шавь учраас багшийг Монголд ирэхэд нь би баярлана, таатай л байна. Тэгэхээр Далай ламыг урих гэдэг бол сүсэгтнүүдийн эрхийн асуудал. Харин Далай ламд виз олгох, олгохгүй байх, гадаад дотоодын нөхцөл байдлын асуудлыг бид мэдэж шийдэхгүй. Түүнийг мэддэг хүмүүс нь л үнэлж, дүгнэж, Монголын ард түмний, сүсэгтнүүдийн эрхээ эдлэх эрхийг нь хүндлэх үү, ард түмнийхээ оюун ухааны эрх чөлөөг хангах уу, эс хангах уу гэдгийг шийднэ.
-Айлчлалын дараа дэлхий даяар шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй Х Богдын асуудал байлаа. Далай лам айлчлалынхаа төгсгөлд хэвлэлийнхэнд хандаж товч мэдээлэл өгсөн. Та бүхэнд үүнээс илүү мэдээлэл бий юу?
-Байхгүй. Гэхдээ Далай ламыг “Богдыг тодруулахгүй” гэж хэлчихээд тодруулчихлаа гэж хүмүүс ярьж байна. Тодруулаагүй шүү дээ. Монголд төрсөн шинж байна л гэж хэлсэн. Тодруулна гэдэг бол энэ хүн мөн байна гэсэн шийд юм. Тодруулахгүй гэснээрээ тодруулсангүй. Хоёрдугаарт, Далай лам Х Богдыг тодруулчихлаа гэхэд дургүйцэх юм байхгүй. Зүйрлэж хэлвэл, жүдочин хүн жүдогоо барилдаж байвал гайхах юм байхгүй биздээ. Тэгэхээр Далай лам Богдыг тодруулна гэдэг нь шашны өөрийнх нь итгэл үнэмшлийн хүрээнд тэр хүнд олгогдсон хийх ёстой ажил үүрэг нь тэр. Одоогийн байдлаар шүү дээ. Харин миний итгэл үнэмшил бол одоо Далай ламаар тодруулчихаад, түүний дараа дараагийн Богдуудыг монголчууд өөрсдөө дотооддоо шийдвэрлэдэг болох ёстой байх гэж би боддог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ