А.Сүхбат: Р.Нямдорж тэргүүн ээ, 26 жил хууль бусаар суусан нь хангалтгүй юуюу
Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус их эв эе энэ сарын 10-нд хуралдаж шинэ тэргүүнээ сонгон хэмээн мэдээлэл гарч эхэлсэн.
МҮБХ-ноос өчигдөр мэдэгдэл гаргаж "Ээлжит бус их эв үеийг 10-нд хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн. Олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга тул ээлжит бус их хуралд оролцохгүй байхыг бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийг багийнхан албан ёсоор мэдэгдэж байна. МҮБХ 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж шинэ удирдлага сонгоно" хэмээн бичжээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, "Ээлжит бус их эв эе"-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ү.Хүрэлбаатар "МҮБХ-той холбоотой маргаан 2002 оноос хойш эхэлж өнөөдрийг хүрлээ. Үүнийг эцэслэх цаг болсон. 14 жилийн турш үргэлжилсэн энэ маргаанаас хуулийг яаж завхруулж хууль бусаар яаж эрх авч болдгийг харлаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөл албадан хуралдуулсан. Р.Нямдорж тэргүүн үүнийг ирцэндээ хүрээгүй гэж үздэг. Гэтэл цэцдийн 67 гишүүний таван хүн бурхан болсон байсан ч ирцэндээ хүрсэн. 2016 оны тавдугаар сарын 4-нд Улсын дээд шүүхээс ээлжит бус их эв эеээ хуралдуулж хууль ёсны тэргүүнээ сонго гэсний дагуу хуралдах гэж байна" гэв.
Дархан аварга А.Сүхбат "Би Монголын ард түмэн, үндэсний бөхөд өртэй хүн гэж өөрийгөө боддог. Монголын эрийн гурван наадам тэр дундаа бөх намайг хүн болгосон. Ийм ч учраас би ирээдүй хойч үедээ олон зүйлийг хийж, өв уламлжлаа хадгалан үлдэхийн тулд олон зүйл хийх ёстой. Хөдөө хүүхэд байхаасаа ноцолдож төрийн наадмын зүлэг ногоонд дэвжээнд гарснаас хойш 30 жилийг бөхийн тогоонд өнгөрүүлжээ.
Р.Нямдорж тэргүүн ээ хууль бусаар 26 жил суулаа. Одоо хангалттай юм биш үү. Дахиад хэр удаан хугацаанд суух гэсэн юм бэ. Танаар удирдуулах хүсэлтэй бөх, бөхийн зүтгэлтнүүд одоо байхгүй. Сум, аймгийн наадам үнэн шударгаар найраагаар явах болжээ. Сумын заан 5 сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая төгрөгт хүрчээ. Олон сайхан бөхчүүдийн цол эрэмбийг олгохгүй хохирч үлдлээ. Дундговь аймагт 256 бөх барилдуулаад цол өгөх гэж байхад та нар 128 л барилдуул. 256, 512 бөх барилдуулж болохгүй гэсэн байгаа юм. Олон сайхан бөх барилдаад үзэгч олон баясаж байх ёстой юм биш үү.
Ард түмэндээ шударга сайхан барилдаан үзүүлэх, Монгол бөхийг хөгжүүлэх олон сайхан менежмент байна. Үндэсний бөх их спортын суурь болж байдаг. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын аваргуудын нэрлэж болно. Р.Нямдорж тэргүүн өнөөдрийг хүртэл халх, дөрвөдөөд нь ялгаж харьцан хагаралдуулж ирсэн.
Бөхийн өргөөг Увсынхан, А.Сүхбат авах гээд байна гэдэг. Бөхийн өргөө минийх ч биш, Нямдорж тэргүүнийх биш. Монголын ард түмний сайхан сэтгэл хандиваар боссон тэдний өмч. Цэцдийн зөвлөлд Х.Баянмөнх, А.Сүхбат байдаггүй гэж мэдэгдээд байгаа. Яагаад Монгол Улсын дархан аварга хүмүүс бөхийн холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй юм бэ. Өнөөдөр ингэж л халх дөрвөд, цол эрэмбээр нь ялгаж байна шүү дээ. Ээлжит бус их эв эед 21 аймгийн төлөөлөл 8-10 хүн сонгоод 200 гаруй хүн оролцоно. МҮБХ-ны тэргүүний төлөө өрсөлдөх эрх хүн бүхэнд нээлттэй шүү" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ