Амараагийн зодуулсан шалтгаан "ууХАЙ" байсан юм биш биз

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах энэ сарын 22-ны өдөр “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан тус арга хэмжээ “One event hall”-д болж, БНХАУ, ОХУ-ын элчин сайд, албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ үеэр түүнийг ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег Кашин зодсон гэж мэдээлж буй.

Энэ талаар "Оросын “The Moscow Times” сайт мэдээлэхдээ арга хэмжээний үеэр үндсэрхэг үзлээрээ алдартай Амармандах Оросын дипломат ажилтантай уулзахдаа “Хай Гитлер!” хэмээн мэндэлснээс бүх зүйл эхэлсэн гэнэ. Арга хэмжээний дараа Оросын элчингийн нэгэн ажилтан Амараад довтолж, толгойг нь лонхоор цохисон байна. Рэпперийг газарт унахад бүлэг хүмүүс ухаан алдтал нь өшигчиж зодсон гэнэ. Удалгүй хамгаалалтын ажилтнууд тэднийг салгаж байгаа нь камерт бичигдэж үлджээ." гэсэн мэдээ гарсан аж. Монголын зарим хэвлэлүүд ч Хай гитлер гэж хэлснээс болсон хэмээн бичиж байсан юм. Түүнчлэн зарим нь Амарааг эрчимт эмчилгээ хийлгэж, бие нь тааруу байгаа гэсэн бол зарим нь хамар нь хугарснаас өөр гэмтэлгүй гэж мэдээлж байв. Мөн энэ талаар Улаанбаатарт суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас үндэслэлгүй цуурхал, ийм мэдээлэл гарах болсныг шалгаж байна гэсэн тайлбар өгснийг хэвлэлүүд дурдаж байлаа.

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар С.Амармандахын ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын аав Төрийн соёрхолт, бүжиг дэглээч МУГЖ С.Сүхбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, "Хар сарнай" хамтлагийн гишүүн Маадай нар оролцов.

Хэвлэлийн хурлын эхэнд Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн болсон явдлын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. Тэрээр “С.Амармандах хохирчихоод байхад түүний нэр хүндийг улам гутаан доромжлох зүйл яваад байгаа учраас бид энэ хурлыг хийж байна. Энэ сарын 22-ны үдэш "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах маш ноцтойгоор хүнд зодуулсан хэрэг гарсан. Энэ өдөр "Аз жаргалтай Улаанбаатар" үйл ажиллагаанд С.Амармандах дуучин, бүжигчдийнхээ хамт очиж уран бүтээлээ толилуулсан. Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй урлагийн хувцсаа өмссөн байсан. Тоглолтын дараа арга хэмжээнд оролцож буй хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байдаг. Тэгэхдээ хас тэмдэгтэй дээлээ тайлж костьюм өмссөн байсан. Үүний дараагаар гэртээ харихаар гарах үед уг хэрэг болсон байгаа юм. Уг хэргийг харсан үзсэн олон хүн байгаа. Мөн бидэнд камерын бичлэг байгаа. С.Амармандахыг цахилгаан шат руу явах үед араас нь цагаан цамцтай нөхөр лонх шил биш металл зүйл бариад араас нь хүчтэй цохиж унаган нүүр лүү нь маш хэрцгийгээр балбаж байгаа. Зодооныг баарны бармен ирж салгаснаар зодооныг зогсоосон. Энэ үед Амараа маань эхний цохилтод ухаан нь баларч, газар унасан. Тэрнээс биш гадаа гараад харилцан зодолдсон зүйл байхгүй.

С.Амармандах н.Оюунжаргал гэдэг дуучинтай “Би монгол хүн” гэдэг дуугаа дуулахдаа хоёр гараа өргөөд уухайлж “Монгол улс мандтугай” гэсэн үгсийг олон дахин хэлж байсан байгаа юм. Тэр үед үзэгчдийн дунд цагаан цамцтай хүн “фашист фашист” гэж орилж байсан. Гэрчүүд ч байна.

Өнөөдөр Амараагийн биеийн байдал маш хүнд байна. Ухаан орсон хэдий ч ухаан нь балартсан байгаа. Энэ хэргийг шалгаж байгаа. Бидний өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийж буй зорилго маань сошиалаар нэгнийгээ турхирсан, аливаа албан тушаалтанд хаягласан, хэн нэгнийг гүтгэн доромжилсон, байгууллага руу дайрсан асуудал гарах болсон. Энэ хэрэг нэгэнт болоод өнгөрсөн. Мөн энэ хэргийг үйлдсэн этгээд нь маш тодорхой нэг л хүн байгаа. Тэгэхээр энэ дээр ОХУ руу, оросын иргэдэд ч юм уу хаягласан турхирах үйл явдал удаа дараа гарч байгаа учраас сэрэмжлүүлэх үүднээс олон нийтэд хандаж байна. Гүтгэлгийн чанартай мэдээллийг лайк дарах, шэйрлэх зэргээр хөхиүлэн дэмжих нь бас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг анхааруулж байна. Иймэрхүү мэдээллийг бид гомдол гарган шалгуулах болно. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна" гэсэн тайлбар өгөв.

Мөн С.Амармандахын аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Та бүхэн зураг, бичлэг үзвэл хүү минь та нарын таних хүн биш болсон гэдгийг харах байх. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Одооноос харин ГССҮТ-ийн эмч нарын гавьяагаар хүн төрхөндөө орж байгаа хүүтэйгээ бөгөөд МУ-ын иргэнтэй танилцаж байна. Энэ юу вэ? Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэр сахалтай нөхөр тэнд ажилладаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ. Мөн хас тэмдгийг маш буруугаар ойлгуулж бичих юм. Өнөөдөр би "Монголын хээ угалз" гэсэн ном авчирсан. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан тухайн үеийн хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа тамгалж дэлхийд таниулж байсан шүү дээ. Энэ гайхамшигт түмэн наст хээг өнөөдөр Монголчууд дээдлэн мөнхөлсөн. Энэ хээг хэн гэдэг хүн ад үзээд байгаа юм бэ? Энэ дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн дэлхий ертөнцийн их бэлгэдэл шүү дээ. Зөвхөн нэг номон дээр л энэ тухай бүгд байгаа.

Энэ улс төрөөс ангид юм. Зөвхөн тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон. Хүү маань оёдлоо авахуулж байсан, би айсан. Харин цаанаа тархиндаа нөж хурчихсан гэмтэлтэй байна. Энэ тархиараа та бидний үр удам дэлхий дахинд монгол хүнээ таниулж байгаа. Гэтэл нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Тиймээс би маш их эмзэглэж байна, надад хэлэх үг олдохгүй байна. Нэг зүйлийг л хэлэхэд, хосгүй авьяастанг, хосгүй ирээдүйг Монголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна. Балмад этгээд ил байгаа. Монгол хүнээ хамгаалахад л төр засаг минь анхаараасай." гэлээ.

“Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай “Миний хувьд үүнийг сонсоод маш их цочирдсон. Амараа бид хоёр хамтлаг байгуулаад 25 жил болж байна. Бид монголынхоо бүх нутгаар, гадаадад байгаа монголчууддаа очиж ая дуугаа өргөхдөө "Монгол эх орон минь мандаасай, Монгол Улсынхаа төлөө зүтгэе, аав ээжээ хайрлая" гэж л уухайлдаг уу гэхээс монгол хэлэнд байхгүй, хүмүүсийн хэлж байгаагаар тэр ёс бус хэллэгээр хэзээ ч хүмүүсийг уриалж байгаагүй. Амараа маань ч тийм хэллэг гаргахгүй. Монголын шүүх, цагдаа нар үнэн мөнийг олоод өгөөсэй гэж хүсч байна. Эмч нарын яриагаар маш их гам барих ёстой. Гэхдээ миний найз тун удахгүй урлагийн тайзан дээрээ ирэх байх гэж найдаж байна” гэсэн юм.

Өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн үгэндээ "Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд бид үзэл бодлоо илэрхийлэх гэж ирсэн. Эрүүгийн хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тус улсын хуулиар шийтгүүлнэ гэж заасан байгаа. Мөн 13.3 дахь хэсэгт Олон улсын Монгол Улсад даган мөрдөгдөж байгаа хуулийн хэм хэмжээнд нийцэн хэрэглэхийг тайлбарлан хэрэглэнэ гэж зохицуулсан байгаа. Энэ дээр маш их эргэлзээтэй зүйлүүд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт удаашралтай гарч байна. Байцаагч нь хоёр удаа солигдож байна. Хэрэгт холбогдсон этгээдийг өнөөдрийг хүртэл дуудан байцаагаагүй байгаа гэх мэт удаашралтай, ойлгомжгүй зүйлс байна. Өнөөдөр хэн нэгний захиалгаар элдэв юм битгий бич. Амараа бол унаган орос хэлтэй. Тиймээс орос хүнийг маш хүндэлдэг. Гэтэл оросын ЭСЯ-ны зүгээр нэг ажилтны, хувь хүний гаргасан зан араншинг бүх ард түмэнд нь нялзааж, монголчуудыг оросын эсрэг хандуулах гэсэн санаа бодолтой хүмүүсийн нөлөөнд битгий автаач ээ гэдгийг захиж хэлүүлсэн. Тухайн хүний гаргасан авирг элчин сайдын яамтай хамааралгүй зүйл. Тиймээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулалгүйгээр, хэргийг үнэн зөвөөр тогтооход ард түмэн тусалж дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа хэлүүлсэн. Мөн та бүхний үзэл бодлоо хууль зөрчсөн байдлаар, босоцгооё, тэмцье гэх мэтээр уриалж буй энэ үгс надад туслахаас илүү хор хохирол учруулна шүү. Тиймээс үүнд хуулиа дээдлэн оролцъё гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа юм."

Ямартай ч С.Амармандахыг хүнд гэмтээсэн этгээд Армен хүн байсан бөгөөд энэ асуудлыг улс төржүүлэхгүй байх, хувь хүний асуудал гэдэг үүднээс авч үзэхийг ард иргэдээсээ С.Амармандахын аав С.Сүхбаатар хүссэн юм. Мөн цахим хуудсаар түүнийг "Хай гитлер" гэж хэлсэн, 300 сая төгрөг нэхэмжилсэн гэх мэдээллүүдийг ор үндэсгүй зүйл гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдэгдлээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг гадуур байцааж байгаа аж.

Г.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ