Дасгалжуулагч Ц.Цогтбаяр зулын гол болно гэв

Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэн энэ сарын 19-ний өдөр зулын гол болно гэдгээ мэдэгдлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал “Чингис” зочид буудалд болох байсныг Төрийн ордонд хуралдуулахаар болжээ. Энэ нь Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын зарим хүмүүсийг хуралд оролцуулахгүй гэсэн шийдвэр хэмээн үзэж буй юм байна.

Дасгалжуулагч Ц.Цогтбаярын тайлбарласнаар Лондонгийн олимпоос Риогийн олимпийн хугацаанд хийсэн ажлаа тайлагная гэсэн боловч удирдлагууд нь зөвшөөрөөгүй аж. Энэ мэтээр шинэчлэл нэрээр дасгалжуулагч, тамирчдыг хавчин шахаж байгаа учир Төрийн ордны өмнө өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлэхээс аргагүйд хүрсэн гэв. Тэрээр учирлаж, ярилцаж, эв зүйгээ олохыг хичээсэн гэж байгаа юм. Гэвч эцэст нь ийм арга замыг сонгосон гэж байна.

Дашрамд сануулахад, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Риогийн олимпийн наадмын үеэр Г.Мандахнарангийн барилдааны шүүлтийг эсэргүүцэж, хувцсаа тайлан дэлхий даяар шуугиан дэгдээсэн. Тэдний энэ үйлдлээс болж МЧБХ 50 мянган еврогийн торгууль төлж байж дараа дараагийн тэмцээндээ орох эрхээ авахаар болсон ба МЧБХ ёс зүйгүй үйлдэл хийсэн тэдний дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаад буй.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ