Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн хууль ёсны төлөөлөгчөө сонгожээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсад дэгдээд буй улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Пакийг прокуроруудөнөөдөр эсвэл маргааш байцааж магадгүй.

Ерөнхийлөгч Пак өөрийн дотны найз Чой Чүн Силд хэлэх үгнийхээ нооргийг өгч, засуулдаг гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 24-нд гарсан юм. Ийм мэдээлэл гарсны дараа, Чой овогт эмэгтэйгээс зөвлөгөө авдаг байснаа Пак Гын Хэ албан ёсоор хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйхын сацуу прокуроруудад байцаалт өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

Чой овогт эмэгтэйг төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэх хэргүүдэд сэжиглэн баривчилсан юм.

Тэгвэл өнөөдөр Хөх ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын Үндэсний хүний эрхийн комиссын Байнгын хорооны гишүүн асан Ёо Ён Ха нь Ерөнхиийлөгч Пакийн ашиг сонирхлыг төлөөлөх хүнээр сонгогджээ.

Чой овогттой холбоотой дуулиан шуугианы улмаас Өмнөд Солонгос даяар засгийн газрын эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан болж, ард иргэд болон сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Пакаас огцрохыг нэг бус удаа шаардсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ