С.Зориг агсны эхнэр Б.Булган Төрийн ордонд орж ирэв

Өнөөдөр Төрийн ордонд С.Зориг агсны эхнэр Б.Булган УИХ-ын нэр бүхий гишүүдтэй уулзлаа. Гэхдээ ямар асуудлаар гишүүдтэй уулзсан нь тодорхой бус байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй хамт явж байсан бөгөөд энэ талаар нь тодруулахад “Төрийн ордонд бид хоёр сая таарлаа. Ямар нэгэн асуудал ярьсангүй. Хуульч гишүүнтэй танилцуулсан” гэсэн тайлбар хэлсэн юм.

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг жил гаруй хугацаанд Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаад өнгөрсөн есдүгээр сард сулласан билээ. Тухайн үед түүнийг хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл гарч байсан юм. Тиймээс ч хэвлэлд ямар нэгэн тайлбар, ярилцлага өгөхийг хүссэнгүй.

bulgan

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хувьд Б.Булганыг цагдан хоригдож байхад нь очиж уулзаж байсан. Тухайн үед энэ талаар манай сайтад ярилцлага өгөхдөө “Б.Булганыг залхаан цээрлүүлж байгаа шинж тэмдэг олон ажиглагдсан. Түүнийг удаан хугацаагаар хорихдоо байнгын тод гэрэлтэй өрөөнд байлгаж байна. Мөн түүний хоригдож байгаа хэсэгт дандаа эрэгтэй хүмүүс байгаа. Гуравдугаар сар гартал огт салхилуулаагүй гэсэн.

Ар гэрээс нь ирсэн зүйлийг оруулдаггүй, ариун цэврийн хэрэглэл, хувцас эм, чихэрлэг зүйлийг нэвтрүүлэхгүй байгаа нь залхаан цээрлүүлэлтийн хэлбэрийг агуулж байгаа юм. Үзэг цаас өгөхгүй, захидал харилцааг нь хясан боох, гадаад ертөнцөөс бүрэн таслах арга замыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа нь сэтгэл санааны хувьд залхаан цээрлүүлт гэж ойлгож болохоор байна” хэмээн ярьж байв. Тэрээр "Одоо Б.Булганы биеийн байдал дээрдсэн, сэтгэл санааны хувьд тогтвортой байгаа" гэлээ.

Сүүлийн үед С.Зориг агсны хэрэг илэрч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас илүү тодорхой мэдээлэл өгөхгүй гэдгийг албаныхан хэлж байгаа ч тун удахгүй эл хэргийг шүүхэд шилжүүлэх юм байна. Харин энэ хэрэгт Б.Булганаас гадна нэг хүнийг сэжигтэнээр татан саатуулан шалгаж байгаа ажээ.

Ж.ГАНАА

bulgan

bulgan

СЭТГЭГДЭЛ БИЧИХ