"Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунай томилогдоно

Өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Уг томилгооны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллах юм.

Энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын Ж.Мөнхбат "Сүүлийн 14 хоног 49 хувийг зэмшигч тал, Төрийн өмчийн хороо муур, хулгана болж тоглолоо. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийх гээд хэд хэдэн удаа оролдоод чадсангүй. ТУЗ-аа бүрдүүлж чадахгүй байсаар арга ядаад төрийн мэдлийн хүмүүсээ томиллоо. ТУЗ-ийн даргыг нь төрөөс тавьж байгаа ерөнхий захирлыг нь манайх авна, эсвэл хоёр жилээр ээлжилж тавина гэх юм. Асуудал ингээд гацчихаад байна. Цаашид төр өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд авах арга хэмжээгээ аваад явна. Саад хийхгүйгээр цааш явбал 49 хувийн талд л ашигтай. Санууллаа шүү. О.Орхон захирал аа" хэмээсэн билээ.

Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлыг өнөө, маргаашгүй томилно. Ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай" гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн юм.

Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, эрх баригч намаас УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилох шийдэлд хүрчээ. Түүний хувьд хотын ерөнхий менежерээс УИХ-ын гишүүн болж, улмаар сайдаар сонгогдож байсан нэгэн билээ. Тэрээр МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн бөгөөд түүний охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажиллаж буй. Энэ утгаараа томоохон томилгоо, чухал шийдвэрүүдэд Т.Бадамжунайгийн нөлөө өнөө хэр хүчтэй байгаа гэх яриа ч байгаа юм.

Ямартай ч энэ удаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилохшийдвэрт хүрсэн бололтой.

Ж.МЯДАГБАДАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ