Л.Жавзмаа: Хүүг минь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэж байна
Өнөөдөр С.Зоригийн хөнөөсөн хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
-ХҮҮГ МИНЬ ХАР МАШИН, ХАР ХУВЦАС, ХАР МАСКТАЙ ЗАЛУУЧУУД БАРИАД ЯВСАН-
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа: -Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна.Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж,ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.
-1998 оны арван сарын 2-ны өдөр танай хүү хаана, юу хийж байсан бэ?
-Тэр үед миний хүү аавтайгаа хадлангаа хадаад, гэртээ байсан.
-Ямар учраас мессэжээр дарамтлаад байсан юм бол?
-Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу “Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.
-БИДНИЙ УТСЫГ БАЙНГА ЧАГНАЖ, МАШИН ДАГАДАГ-
Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат: -Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагааявагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.
-ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНААС ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА-
Б.Содномдаржаагийн эхнэр н.Энхбаяр: -Манай нөхрийг бариад явснаас нь хойш үнэхээр хэцүү байна. Энэ хугацаанд уулзах гэхээр ерөөсөө тоохгүй, уулзуулаагүй. Нэг удаа хоёр бага хүүхдээ үнсээд л, шилний цаанаас хараад хоцорсон. Манай гэр бүлийг маш ихээр хохироож байна. Хууль хяналтынхан гэж байдаг бол үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Нөхрөө баригдаад явахыг би мэдээгүй. Тэр үед би жирэмсэн байсан. Хамгийн бага хүүхдээ аав нь нэг удаа шилний цаанаас харсан. Нэг ч үнсэж, үг сольж чадаагүй(уйлав.сурв).
У.УРАНЦЭЦЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ