ГХЯ-ны 100 хоногийн ажлуудаас 30 ажлыг онцолж танилцуулав

Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлсэн голлох ажлууд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд болсон “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-ын талаар танилцуулав.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд тус яамны хийсэн ажлуудаас 30 ажлыг онцолж танилцуулав. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэх Гадаад харилцааны яамны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан болон Монгол Улсын гадаад бодлого, олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц, олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын баримтлах байр суурийн талаарх мэдээллийг шинэчилсэн болохыг дурдав. Түүнчлэн гадаад харилцааг эдийн засагжуулах, Монгол Улсаа гадаад улс оронд сурталчилах, хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал энэ онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЕРА)-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохирсноос гадна давхар татварын хэлэлцээр байгуулах зэргээр худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг улам боловсронгуй, таатай болгоход анхаарч ажиллахаа харилцан нотолсон талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлж, айлчлалын үеэр зохион байгуулагдсан “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-д Монголын талаас 42 компани, Японы талаас 240 гаруй компанийн төлөөлөл оролцсон нь Японы хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг ихээхэн анхаарал тавьж сонирхож байгаагийн илрэл болсныг тэмдэглэв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ