Талын хөх чононуудын эхний оноолт Макао

Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг "Талын хөх чононууд" ирэх сарын 02-11-ний хооронд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод болох "AFC Solidarity cup" тэмцээний бэлтгэлээ базаахаар урд хөршийг зориод байна.

Өнгөрөгч долдугаар сард Гуамд болсон "Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн"-ий урьдчилсан шатанд Тайвань, Макао, Умард Марианы арлууд гэсэн гурван улстай өрсөлдсөн. Тэр хэсгээс нэг хожил, нэг тэнцээ, нэг хожигдсон ч цааш шалгарах боломжоо алдсан. Гэхдээ Умард Марианы аралуудыг 8:0-ээр буулган авч шигшээ багийн хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон үзүүлэлтийг тогтоосон.

Тэрхүү тэмцээнээс довтолгооны санаачлага өндөртэй, хурдтай гүйлт, шахалтыг 90 минутын турш хийдэг, тэс өөр тоглолттой шигшээ багийг бид харсан. Харин энэ жил анх удаагаа зохиогдож байгаа "Эв нэгдэлийн цом" нэртэй тэмцээнд, шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчтэйгээр оролцох гэж байна. Дундаж нас дөнгөж 22,8 байгаа тул манай шигшээ багийн нэгэн үе солигдож байна гэж үзэж болно.
Энэ сарын 16-нд Бээжин хотыг зорьсон шигшээ багийн залуус маань тэнд 14 хоногийн бэлтгэл хийж байгаад ирэх сард Малайзыг зорино. "Эв нэгдлийн цом"-д Шри Ланка, Макао, Лаус гэсэн гурван улстай оноолт таарсан. Эхлээд Макао улсын шигшээ багтай 11 сарын 03-нд, дараа нь Шри Ланк-тай 11 сарын 06-нд, хэсгийн сүүлийн тоглолтоо 11 сарын 09-ний өдөр Лаосын шигшээ багтай хийх хуваарьтай байгаа юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ