Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ
Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга Б.Дөлгөөн, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээний албаны дарга Б.Уранчимэг нарын зэрэг 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 21 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас, мөн боловсролын салбараас ирүүлсэн байв.
Шинээр хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ
Авлигатай тэмцэх газар дээрх хугацаанд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ