Дуучин Нарагийн шинэ сонголт

Энэ жил дуучдын жил болж байна гэлтэй. УИХ-ын, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд дуучид өрсөлдсөн бол одоо орон нутгийн сонгуульд ч үргэлжилж байна. Тухайлбал, Япон улсад сурангаа ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн дуучин Нара буюу М.Нарантуяагийн хувьд дуулаад гавихгүй, хит болсон дуугүй гэж шүүмжлэл хүртдэг ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан нэгэн. Мөн УИХ-ын сонгуульд төр түшилцэх гэж үзээд бараагүй ч сүүлийн үеийн мэдээгээр агрономд өөрийгөө туршихаар шийдсэн бололтой. Энэ тухайгаа цахим хуудсандаа мэдээлсэн байна. Тэрээр,

"За Нара нь ирээдүйн Монгол хүний хөгжлийн суурь нь эрүүл мэнд юм байна, эрүүл мэндийн үндэс суурь нь эрүүл баталгаатай хүнс юм байна гэдгийг ойлгосон учраас байгаль экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд ашиг тустай үр нөлөөтэй учраас үндэсний үйлдвэрлэл тэр дундаа газар тариалан хүнсний үйлдвэрлэлд хөл тавьж эхэлж байгаагаа найзууддаа дуулгахад таатай байна.

ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-с зохион байгуулсан "Эрүүл-Хүнс Эрүүл-Монгол Хүн" хөтөлбөрийн хүрээнд явагдсан "Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар Чуулган" 3 хоногийн туршид ҮХАҮТанхимд маш үр дүнтэй амжилттай болж өнгөрлөө.

Тодорхой хугацааны дараа Нарагийх нь үйлдвэрлэх үндэсний органик эрүүл хүнсний бүтээгдэхүүн хүнсний зах зээлд хэрэглэгчдийн таашаалд хүрэн үйлчлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна.

Залуус маань бас уул уурхай гэх газрын доорхи бэлэн баялаг руу зүтгэхийн оронд газар дээр баялаг бий болгодог бизнест ороосой гэж хүсч байна." гэжээ.

Ийнхүү ногоочин болохоор зэхэж яваа Нарад урмын үг хайрлаж, ажлын амжилт ерөөхийн зэрэгцээ "...тийм ч амар ажил биш. Хөлс дуслуулдаг юм даа.Хамгийн гол нь өөрөө гар бие оролцоод үзээрэй, үнэхээр ихийг ойлгох болно." хэмээн сануулах нэгэн ч байлаа.

Шинэ сонголтоо хэрхэн хэрэгжүүлж, хэр ихийг ойлгох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ