Рио Тинтогоор дамжуулбал илүү хүртээмжтэй
“Уул уурхай ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд Монголд” сэдэвт уулзалт“Шангри-Ла” зочид буудалд боллоо. Уулзалтад уул уурхай, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож мэдээлэл солилцлоо. Тэнд очсон төлөөлөгчдөөс уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаар тодрууллаа.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцогт:
-Дэлхийн зах зээлд ашигт малтмал, газрын тос, түүхий газрын тосны үнэ ханш сайнгүй байгаа хэдий ч сүүлийн үед нүүрсний үнэ Хятадын зах зээлд тодорхой хэмжээгээр өсч байна. Учир нь олборлолтын хэмжээг бууруулсан, хэрэгцээ шаардлага өссөн зэргээс хамаарч байгаа. Нүүрсний үнэ өсч байгаа нь Монголын компаниудад сайнаар нөлөөлнө. Үүнийг улс оронд ашигтай байлгахын тулд нэг цонхоор бүтээгдэхүүн нийлүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри:
-Шинэ Засгийн газрын анхааралдаа авсан нэг салбар нь уул уурхай юм. Тэр дундаа Австралийн хөрөнгө оруулалттай компаниуд бий. Үүний нэг нь “Оюутолгой” компани юм. Засгийн газар том төслөө хөдөлгөх нь эдийн засагт ашиг тустай.
Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн судлаач Д.Бямбажав:
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газар, хөрөнгө оруулагчид, холбоод хамтраад нэлээд идэвхтэй ярилцсаны эцэст хууль тогтоомж, татварын асуудал гэх мэт хөрөнгө оруулалтын орчин сайжирсан гэж үзэж болно. Иймд Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг олон улсад ойлгуулах шаардлагатай байна. Тэр дундаа Рио Тинто гэх мэт томоохон компаниудтай хамтарч мэдээллээ түгээвэл хүртээмжтэй хүрнэ. Цаашид том төслөө яаралтай хөдөлгөх нь зөв алхам.
-Оюутолгойгоос илүү их ашиг олох боломж байна уу?
-Оюутолгойн татварын хэмжээ бага байна гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ нь Засгийн газар компанитай гэрээгээ тохирсон асуудал юм. Одоо энэ асуудлыг сөхөх энэ талаар ярих нь олон улсад эерэг мэдээлэл түгээхтэй зөрчилдөнө. “Оюутолгой”-н ашиг нь зөвхөн татвар биш, өөр төрлийн маш олон сувгаар ашиг болох боломж бий. Тухайлбал, “Оюутолгой”-н бүтээн байгуулалтад оруулах худалдан авалтыг нэмэгдүүлэх, ажилчдын тоог өсгөх, мэргэшүүлэх, орон нутагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.
-Тавантолгой”-г яаж ашигтай болгох вэ?
-Олон улс баримталдаг бодлого нь зардлаа бууруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх явдал юм. Зардлаа бууруулахын тулд тээврийн зарлаа бууруулах, олборлох зардлаа бууруулах ёстой. Ингэж байж ашиг нэмэгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ