Ц.Мөнхсайхан: “Авьяаслаг Монголчууд”-д үзүүлсэн йог маань аймшигтай гэхээсээ илүү гайхамшигтай
“Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь алтан баззерийн эзэн Ц.Мөнхсайхантай ярилцлаа.
-МИНИЙ ГЭДЭС РҮҮ ШИЛ ОРОХГҮЙ ГЭСЭН БОДЛООР БҮХНИЙГ УДИРДДАГ-
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ц.Мөнхсайхан гэдэг. Би Хөвсгөл аймгийн харьяат, Мөрөн суманд төрсөн. Одоо хотод хоёр хүү, эхнэрийн хамт амьдардаг. Хувиараа бизнес эрхэлж байгаа. Хүүхдүүд маань нялх байгаа учраас гэртээ хүүхдүүдээ харж, эхнэртээ туслаад л амьдарч байна.
-“Авьяаслаг Монголчууд” шоунд анх орохоор хэрхэн шийдэж байв?
-Дэлхийд ийм төрлийн шоу, ийм төрлийн үзүүлбэр зөндөө байдаг. Дэлхийн хэмжээний иймэрхүү үзүүлбэрийг монгол хүн яаж хийдэг, ямар хэмжээний байгааг харуулахыг хүссэн. Монголд энэ үзүүлбэрийг хийдэг хоёр хүн байгаа болов уу, байхгүй бол би л байна.
-Та шоунд орохын тулд хэр удаан хугацаанд бэлтгэл хийсэн бэ? Өмнө нь таны үзүүлбэрийг үзэж байсан хүмүүс үзэгчдийн дунд байсан. Магадгүй тоглолтоо байнга хийдэг болохоор байнгын бэлэн байдаг болов уу?
-Урд нь хүлээн авалт, хурим, шинэ жилийн арга хэмжээ, баяр ёслолын үеэр үзүүлбэрээ тодорхой хэмжээний хөлсөөр үзүүлдэг байсан. Тиймээс бэлтгэлийн хувьд сэтгэл санаа, бие бялдар байнга хангалттай бэлэн байдаг. Миний мэдэхээр үзүүлбэр хийгээд гэмтсэн хоёр хүн бий. Саяхан гурван сар гаруйн өмнө гэмтээд, хоёр сар гаруй хугацаанд ухаангүй хэвтэж байгаад одоо эдгэж бие нь тэнхэрч байна. Мөн хоёр жилийн өмнө хутга залгиж байгаад хоолойгоо зүссэн хүн бий. Энэ хүн надтай хамт бэлтгэл хийдэг байсан. Энэ бүхнийг анхаарал болгоомжтой хийхгүй бол гэмтэж бэртэх тохиол бишгүй.
-Бэлтгэл гэхээр их сонин сонсогдоод байгаа юм. Таны үзүүлбэр дээр бэлтгэл гэхээр юу хийдэг юм бэ? Бэлтгэлээ ер нь яаж хийдэг вэ?
-Би анх 2012 оны эхээр сурч, хийж эхэлж байлаа. Өмнө нь энэ төрлөөр хичээллэдэг байсан найзаасаа суралцаж, өөрөө хичээсний үр дүнд өдий хүрсэн. Бэлтгэл хийхийн тулд ганцаараа тайван байж, үзүүлж буй үзүүлбэртээ чин сэтгэлээсээ төвлөрч ажиллаж байж л үр дүн нь гардаг. Шил нь бодит юм байна, хутга нь иртэй юм байна, хутга нь эвхэгддэггүй бодит хутга юм гэдгийг үзэгчдэд харуулж, ойлгуулах нь чухал.
-Сэтгэлзүйн хувьд бэлтгэл чухал гэлээ. Энэ үзүүлбэрийг ихэвчлэн маш олон хүний дэргэд хийдэг, эдгээр хүмүүсийн хүлээж авч байгаа сэтгэл хөдлөл, хашгираан, уулга алдах чимээн дунд та өөрийгөө хэрхэн төвлөрүүлдэг вэ?
-Хамгийн гол нь эхэлж гарахдаа “Би үүнийг чадаад, давтаад ирсэн учраас чадна, энэ улсыг би ангайтал нь бүрэн гүйцэд хийж дуусгах ёстой. Тодорхой хэмжээнд гэмтсэн байлаа ч хичээж, бүгдийг дуусгана” гэсэн бодолтой гарч ирдэг.
-Нэвтрүүлгийн үеэр та өөрийн үзүүлбэрээ “Йогийн үзүүлбэр” гэж танилцуулсан. Тухайлбал, та шилэн дээр хэвтэх үед шил яагаад зоогдохгүй байна вэ? Ямар учиртай болоод энэ их эрсдэл дунд та гэмтэж, бэртэхгүй байж чадав аа? Физикийн хууль уу?
-Физикийн хууль ч мөн хамаарна. Үүнийг тайлбарлах шалтгааны хамгийн дээд цэг бол сэтгэлзүй. Гэгээрэл гэж ч хэлж болно. Би үүнийг бүгдийг нь чадна. Миний гэдэс рүү шил орохгүй гэсэн бодлоор хамаг бүхнийг удирдаж байгаа юм. Хамгийн гол нь чадах чинээгээрээ бүхнийг хийж, танд, та бүхэнд “яаж” гэсэн тэр зүйлийг, сэтгэл хөдлөлийг өгөх л чухал.
-Тэгвэл хүмүүст аймшигтай юм шиг харагдаж байгаа боловч таны хувьд эсрэгээрээ энэ маш сайхан зүйл гэж ойлгож болох уу?
-Болно. Аймаар, аймшигтай гэхээсээ илүүтэй йогийн гайхамшиг.
-Йог танд энэ үзүүлбэрийг хийх чадвараас гадна өөр юу өгч чадсан бэ?
-Тухайлбал, оюун санаагаа удирдах чадвар. Би их “бокс тоглох” дуртай байсан. Харин одоо хүмүүсээс уучлалт гуйж, бурууг өөртөө өгч, бүхнийг тайван сайхнаар харах болсон. Тухайн үед ямар ч хүнтэй “Яршиг л байна” гээд гар зөрүүлчихдэг байж. Мөн намайг амьдралын нугачаан дунд нухлуулж явахад хамгийн их тэсвэр тэвчээрийг өгсөн.
-ДАРААГИЙН ХОЁР ШАТАНД ЮУ ҮЗҮҮЛЭХЭЭ ХЭДИЙНЭ БОДЧИХСОН-
-Та йогоор дөрвөн жил хичээллэсний эцэст “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззер авч, монголчуудад танигдлаа. Алтан баззер авах үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Миний шавь надад туслахаар тайзан дээр гарч ирж байсан. Өмнө нь бид хоёр алтан баззер авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Алтан баззер авч байж л харина, авахгүй бол харих ч үгүй гэж ярьж байлаа. (инээв. сурв) Яг үнэнийг хэлэхэд тухайн үед Дээгий шүүгч арай л өөр бодолтой хүн шиг санагдсан. Хамаг байдгаа тайзан дээр үзүүлчихээд зогсож байхад үзэгчид 40 орчим секунд аниргүй болчихсон. Тэд юу ч дугараагүй. Би өөрийгөө буруу юм хийчихсэн юм болов уу, яагаад тэд дугарахгүй байгаа юм бол гэж бодсон. Гэтэл алтан баззер дарчихсан. Яг тэр агшинд би өөртөө “Үнэхээр чадлаа, харуулъя гэсэн бүхнээ харуулж чадлаа, эцсийн үр дүн нь ийм л байх ёстой байж” гэж хэлсэн. Тухайн үед энэ шоунд орсондоо ямар их баяртай байгаагаа үгээр илэрхийлж чадаагүй. Дотор минь үнэхээр сайхан байсан. Үүний дараа тайзны ард юу болсныг хэн ч мэдэхгүй (инээв. сурв).
-Тайзан дээр маш олон эрсдэлтэй алхам хийсэн. Үзэгчид “Одоо үүнээс цааш үзүүлэх юм байхгүй, энэ бүхэн хангалттай аюултай байсан” гэж ярьж байх юм. Дараагийн шатанд илүү сонирхолтой үзүүлбэр байгаа юу?
-Ямар ч хүн өөрийн гэсэн тактиктай байдаг. Тактикийнхаа дагуу л оролцож байгаа. Одоо цаашид надад хоёр шат бий. Дараагийн хоёр шатандаа юу үзүүлэх вэ гэдгээ аль хэдийнэ бодоод шийдчихсэн. Энэ бүхэн нууц. Гэхдээ саяын үзүүлбэрээс илүү л юм хийнэ, дутна гэж байхгүй. Үзэж байгаа хүмүүс “Илүү аймаар юм хийчихлээ шүү дээ” гэсэн үзүүлбэр харуулна.
-Таны эрүүл мэндэд их олон хүн санаа тавьж байна. Танд бэртэж гэмтэж байсан тохиолдол бий юу? Ер нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?
-Эрүүл мэндэд муугийн хувьд муу. Учир нь галын үзүүлбэр хийхэд гадныхан цэнхэр спирт буюу агаар дээр шатдаг, гар, нүүр түлдэггүй, асалт нь сайн бодис ашигладаг. Манайхан тухайлбал, би гэхэд л АИ92 шатахуунаар л үзүүлбэрээ үзүүлдэг. Үзүүлбэр давтагдаад ирэхэд бензинээ асгахгүй нь тодорхой тул залгина. Үзүүлбэрээ гүйцээхдээ маш болгоомжтой хийхгүй бол өөрийгөө шатаах магадлал өндөр. Би өмнө нь нүүрнийхээ талыг хоёр удаа шатааж байсан. Яг л нэг сорвин дээрээ, шатаах үедээ хоёулаа шоун дээр байж таарсан. Шоу учраас хүмүүс нэг их мэдээгүй. Галаа агааржуулагчийн урдаас үлээгээд, агааржуулагч над руу буцаж үлээх үед гал буцаж бензин рүүгээ ороод нүүрэн дээр асчихсан юм. Нүүрэн дээр асах үед бамбараа шидээд, хоёр гараараа нүүрээ дарах үед бас л гаранд гал авалцчихсан. Тэгэхэд үзэгчид “Хөөх ямар аймар үзүүлж байна аа, хөөх” гэж байхад тэнд нэг хүн шатаж л байгаа байхгүй юу (инээв. сурв). Ингээд л шууд дараагийн хэсэг рүүгээ ороод, илдний үзүүлбэрээ үзүүлж байхад нүүр халуу дүүгээд л байсан. Эцэст нь үзүүлбэрээ дуусгаад толинд харахад нүүр усжиж, цэврүүтээд эхэлж байгаа юм. Үүний дараа бас нэг том хүлээн авалт дээр дахиад л яг тэр хэсэгтээ нүүрээ шатааж байсан.
-Хутга дээрээс унагах үед та хэрхэн биеэ зохицуулдаг вэ?
-Хамтрагчтайгаа сайн тохиролцохгүй бол хутга миний бие рүү орох магадлал өндөр. Заавал бие биерүүгээ дохилцож, уялдаа холбоотой байж л амжилттай биелэгдэнэ. Шилний тухайд томоохон шилүүдийг гараараа арчихад л уначихна, харин жижиг буюу тоосонцор шилүүд биеийн арьс махны завсар үлдэнэ. Арьс эдгэх үед цаанаа үлдчихдэг. Яг үнэнийг хэлэхэд одоо нуруугаа угаахад их мэдрэгдэгддэг.
-Амь насанд ч аюултай, эрсдэлтэй ийм төрлийн зүйлсэд та яагаад дурлах болов оо?
-Хүнийг хуураагүй, хүний нүдэн дээр бодитоор хийж, тэдний сэтгэл хөдлөлийг үйлдлээ хийж байх үедээ харах тэр агшинд надад өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг. Зорьсон учир нь үүнийг хүн бүхэн хийгээд байдаггүй, эрсдэлтэй, гайхалтай үзүүлбэр учраас л тэр. Хоёрдугаарт, гадны улс орнуудад минийх шиг үзүүлбэр зөндөө бий. Тиймээс Монголын нэг залуу ч бас тэдэнтэй яг ижил зүйлийг хийж чаддаг юм гэдгийг харуулахыг хүссэн.
-Хүмүүс таны шивээсүүдийг нилээд анзаарсан байсан. Энэ нь таны хобби гэж ойлгож болох уу?
-Хобби гэж хэлж болно. Энэ бол миний үзэл бодол. Намайг гадаадад амьдар гээд явуулахад би хэзээ ч гадаадад амьдарч чадахгүй, аялж чадна. Монголоороо л байна. Алга дарам газрыг үр удамдаа авч үлдэхийн төлөө, хадгалахын төлөө амьдардаг. Гэхдээ би ямар нэгэн хөдөлгөөний хүн биш. Зүгээр л миний байгаа байдал энэ. Би өөрийнхөө чадах зүйлээр Монголдоо ямар нэгэн зүйл өгөхийг, үлдээхийг хүсдэг. Шивээсний учир утгын тухайд би монгол бичгээрээ гоёх дуртай, кирилл бичгээрээ ч гоёх дуртай. Энэ бүхнээр дамжуулан өөртөө таалагдах сайхан бүхнийг бичиглэсэн. Ер нь шивээсний эерэг талуудыг бодож байж хийлгэсэн.
-Та шүтлэгтэй юу?
-Үгүй ээ.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе.
-Миний үзүүлбэрийг насанд хүрсэн эсэхээс үл хамааран надтай ярилцаж байгаад сурч болно. Болох л юм байна гэсэн өөрийн бодлоор хийж үзвэл гэмтэх магадлал өндөр байдаг учраас гэртээ битгий ийм үйлдэл хийгээрэй. Эрсдэл ихтэй, хүнд үзүүлбэр шүү. Найз нөхдөөрөө цуглаад гэр орондоо туршиж үзэв ээ. Үнэхээр сонирхож, таалагдаж байвал над дээр ирээрэй. Би зааж өгөхдөө дуртай байх болно. Учир нь би энэ бүхнийг аваад “унаад өгөхгүй”, дараагийн хүнд зааж сургаад, тэр хүн улам хөгжүүлээд явах байх гэж боддог.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ