Г.Алтанчулуун: Би чимхээгүй
-Болсон явдлыг ярина уу?
-Есдүгээр сарын 27-нд 10.59 минутад зургаа дахь төрөлт өвдлөө гэх дуудлагаар очиж үйлчилсэн. Намайг хаягын дагуу очиход үйлчлүүлэгч маань шалан дээр өвдөглөж суугаад өвдгөн дээрээ гараа тавьсан байдалтай байсан. Анхны үзлэгийг хийн өвдөлт, базлалтын хугацааг ажиглаад эмнэлэгт хүрч амжих юм байна гэдэг дүгнэлт хийгээд насилкдаж тээвэрлэсэн. Эмнэлэгт хүрэх замд үйлчлүүлэгч өөрөө орон дээр сууж явахыг хүссэн. Би өөдөөс нь харж суугаад биеийн байдлыг нь хянаад зүүн гараас нь түшиж явсан. Харин баруун талд нь охин нь гэх эмэгтэй сууж баруун гараас нь түшиж явсан. Улмаар үйлчлүүлэгчээ “Өргөө” амаржих газарт хүргэж өгсөн. Хүлээн авах эмчид хүлээлгэн өгч тодорхойлох хуудсаа бичиж үлдээсэн байгаа.
-Төрүүлэхгүй гээд хоёр хөлийг нь хавчсан гээд байгаа?
-Хөлийг нь хавчсан нь үнэн. Гэхдээ битгий төр гэдэг үүднээс ингэсэн юм биш. Үйлчлүүлэгч маань насиск дээр суугаад явах нь маш их хөдөлгөөнтэй байдаг. Машин хурдтай явж байсан учраас үйлчлүүлэгчээ унаж бэртхээс сэргийлэх үүднээс түшиж, тулж явсан байгаа.
-Таныг үзлэг хийхэд эмэгтэйн бие хөхөрсөн байсан уу?
-Би өмдийг нь гүйцэд шувталж хараагүй. Тийм учраас биед нь ямар нэгэн хөхрөлт байсан эсэхийг анзаараагүй. Мэдэхгүй байна.
-Таныг чимхсэн гээд байгаа?
-Би базаж чимхээгүй. Замдаа 4-5 удаа өвдөлт өгсөн. Энэ үед нь гүнзгий амьсгаа авах, тайван байх хэрэгтэй зэрэг сэтгэл заслын эмчилгээ хийж тайвшруулж авч явсан.
-Хамт явсан хүүхэд нь тэгж хэлсэн.
-Харин тэгсэн байна. Ямар учраас тэгж яриад байгааг би мэдэхгүй байна. Тэр охин тэгж хэллээ гээд энэ асуудал хэлснээр нь шийдэгдэхгүй. Үнэн мөнийг нь шүүхийн байгууллага тогтооно.
-Та чимхээгүй гэхээр гүтгэж байна гэсэн үг үү?
-Яагаад ингээд байгааг би мэдэхгүй байна. Ямартай ч зохих шатны байгууллагууд шалгаж байгаа. Удирдлага болон чанарын албанд би болсон процесыг бүгдийг ярьсан байгаа.
-Та гомдолтой байна уу?
-Би ч гэсэн гомдолтой байна. Би ажлаа хийгээд л явж байсан. Эхийг хүрэх ёстой газар нь хүргэж өгсөн. Эх хүүхэд эсэн мэнд амаржсан. Энэ л надад хангалттай санагдаж байна. Өөр хэлэх юм алга.
-Гомдолтой байгаа бол та ч гэсэн шүүхэд хандах эрхтэй?
-Зохих байгууллагад хэлсэн. Шалгагдаад явж байгаа учраас би шүүхэд хандаагүй.
-“Өргөө” амаржих газрын эмч эмэгтэйн гуя улайж, хөхөрсөн байсныг хэлж байна.
-Юунаас болж улайсныг мэдэхгүй байна. Аарцагны үзлэг хийхдээ өмдийг гүйцэд шувтлаагүй. Дотуур үзлэг би хийгээгүй. Доошоо юм гарч байна гэсэн. Түүнийг л үзсэн.
-Ер нь булчин суллах байдлаар чимхэх үйлдэл хийдэг үү?
-Онол талаасаа тийм зүйл байхгүй.
-Та хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би хоёр жил ажиллаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ