Х.Баттулга нар 37.6 тэрбум төгрөг завшсан нь тогтоогджээ

УИХ-ын гишүүн асан, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон тухай эх сурвалж мэдэгдлээ. Мөн Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгосон байна. Энэ дагуу өнгөрсөн наймдугаар сард Х.Баттулга нь хилийн хоригоо түр цуцлуулж, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар тамирчидтайгаа Бразил улсын Рио Де Жанеро хотод болсон зуны XXXI олимпид оролцоод ирсэн.

Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга нарыг Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр зам барих нэрийдлээр эрх мэдлээ урвуулан ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, улсын хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм. Хуулийнхан Х.Баттулгыг сэжигтнээр татахдаа “...Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний мөнгө угаасан..” гэх Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг “..Давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол улсад учруулсан...” буюу Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасныг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өмнө нь мэдээлсэн билээ.

Цагдаагийнхан эрэн хөөсний эцэст хөдлөшгүй нотлох баримтуудыг цуглуулсаар буйг өнгөрсөн тавдугаар сард өдөр тутмын сонинууд онцлон мэдээлж байсан юм. Тухайлбал, "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёл мөрдөн байцаалтын явцад 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ. Ли Жон Гёл хэлэхдээ "Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна" гэжээ.

Нэг жилийн өмнөөс мөрдөн байцаагчдыг хөдөлгөөнд оруулсан хэргийг эргэн сануулахад, "Энержи ресурс" ХХК 2011 онд "Говийн зам" нэртэй автозамыг өөрийн хөрөнгөөр барьж улсад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ ажлыг гүйцэтгэсэн үндэсний 10 компани тус бүрт "нүүлгэн шилжүүлэлтийн зардал" хэмээн нэг тэрбум төгрөгийг өгчээ. Ингэхдээ 2012 онд баригдах төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд дахин хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ нь нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хэмнэсэн үйлдэл байжээ. Харин "Самсунг С&Т" эрх шилжүүлэн авахдаа тэдний тохирсон 10 компани дээр нэмж гурван компанитай гэрээ байгуулсан байна. Энэ нь "Транском" ХХК буюу "Хэт"-ийн охин компани, "Шинэ халхын төмөр зам" ХХК, "Повер Ложистик" ХХК-иуд юм. Эдгээр 13 компанийн "Самсунг С&Т" компанитай хийсэн ул шорооны ажлын гэрээний дүнг 65 сая ам.доллар буюу 137 тэрбум төгрөгөөр тооцсон бол харин "Монголын төмөр зам" ТӨХК "Самсунг С&Т" компанид ул шорооны ажлын нийт зардалд 119 сая ам.долларыг шилжүүлжээ. Үнийн дүнгээс илүүдэж зөрсөн бүх мөнгийг "Самсунг С&Т" ашиг болгон авсан тухай эх сурвалжууд мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл дээрх 119 сая ам.долларын гэрээний задаргаанд 14.8 сая ам.долларыг "нүүлгэн шилжүүлэлтийн зардал" хэмээн тусгажээ. Гэтэл 13 компанийн сүүлд нэмэгдсэн гурван компанид л 1.5 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтийн зардал гэж өгсөн гэжээ.Гэхдээ цагдаагийнхан дээрх 10 компанид “Монголын төмөр зам”ТӨХК, тухайн үеийн Зам тээврийн яам мөнгө өгөөгүйг нь тогтоосон тухай хэвлэлүүд онцлон бичиж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ